Америкийн компани сансрын аппаратаа Саран дээр буулгана

оруулсан Алсын Хараа

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 13 /NASA/. Техаcт төвтэй “Intuitive Machines” компани сансрын аппаратаа энэ сарын 22-нд Сарны гадаргуу дээр газардуулахаар төлөвлөж байгаа тухай АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээллээ.

“Nova-C IM-1” буюу “Одиссей” хэмээн нэрлэсэн уг аппаратыг АНУ-ын Зүүн эргийн цагаар 00:57 цагт Флорида муж улсын Канаверал хошуун дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвийн 39А хөөргөх цогцолбороос “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөх бөгөөд Сарны өмнөд туйлаас 300 км-ийн зайд орших Малаперт А тогооны орчимд буулгахаар төлөвлөжээ. Буугч модуль Саран дээр 14 хоногийн хугацаанд даалгаврууд гүйцэтгэх ёстой.

Энэхүү ажиллагааг Сар луу ачаа хүргэх арилжааны (CLPS) хөтөлбөрийн хүрээнд “Intuitive Machines”-тэй байгуулсан НАСА-гийн гэрээний дагуу гүйцэтгэх ажээ.

“Одиссей” нь Саран дээр газардах бүсийн хүрээлэн буй орчныг судлах, мөн радио одон орон судлалын болон өндөр нарийвчлалтай буух технологи, харилцаа холбоо, бие даасан навигацийг судлах зориулалттай НАСА-гийн судалгааны таван багажийг тээх юм. Уг станцын бүхээгээс мөн бичил хиймэл дагуулыг Сарны тойрог замд оруулна. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн зургаан ачааг Сар луу хүргэх ажээ.

“Сар луу илгээж буй шинжлэх ухаан, технологийн ачаанууд нь манай гаргийн дагуул руу хийх жолоодлогот нислэг болон түүний гадаргуу дээр хүн төрөлтнийг тогтвортой оршин суух үндэс суурийг тавих зорилготой” гэж “Intuitive Machines” компанийн мэдэгдэлд дурджээ.

Хэрэв буугч төхөөрөмж Саран дээр амжилттай газардвал энэ нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Америкийн сансрын хөлөг Дэлхийн дагуул дээр газардсан анхны тохиолдол, мөн буулгах ажиллагааг анх удаагаа хувийн компани гүйцэтгэсэн тохиолдол болно."Intuitive Machines" мөн гуравдугаар сард хоёр дахь, зургаадугаар сард гурав дахь аппаратаа Сар луу илгээхээр төлөвлөжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих