Хиймэл дагуулыг ашиглан нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулжээ

оруулсан Алсын Хараа

/arXiv/. Цэвэр эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг эрэлхийлж буй эрдэмтэд нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах технологийг турших явцдаа томоохон амжилтад хүрчээ. Тодруулбал, Калифорнийн Технологийн хүрээлэнгийн (Caltech) мэргэжилтнүүд тойрог замын хиймэл дагуулын тусламжтайгаар нарны энергийг цуглуулж, дэлхий рүү дамжуулсан байна.

“Space Solar Power Demonstration” (SSPD-1) хэмээх төслийг “Caltech-ийн Space Solar Power Project” (SSPP) төслийн эрдэмтэд “Indie Semiconductor Inc.”, НАСА-гийн тийрэлтэт хөдөлгөөний лаборатори (JPL), “Amazon Web Services” болон “GuRu Wireless” стартаптай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дэлхийн тойрог замд тодорхой хэмжээний эрчим хүчийг хуримтлуулж, дараа нь манай гаргийн гадаргуу руу илгээх технологид эргэлт хийжээ.  Эдүгээ эрчим хүч үйлдвэрлэхэд Нарны гэрлийг хэдийнээ ашиглаж байгаа боловч зарим асуудлыг шийдэж чадахгүй байгаа билээ. Тухайлбал, бүрхэг өдөр нарны хавтангийн эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь хүртэл буурдгаас гадна шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэггүй.

Тэгвэл дэлхий орчмын тойрог замд байрлуулсан нарны хавтангууд нь байнга Нар луу харж байрласан тохиолдолд тасралтгүйгээр эрчим хүч үйлдвэрлэнэ. Харин энэ эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах механизмыг бий болгох л үлдээд байна.

Дээрх туршилтыг "Microwave Array for Power-transfer Low-orbit Experiment" (MAPLE) төхөөрөмжийг ашиглан хийжээ. Сансраас Дэлхий рүү эрчим хүч дамжуулах зориулалттай энэ төхөөрөмж нь “6U CubeSat” хиймэл дагуул шиг харагдах ба фотоэлектроникийн элементүүдийг ашиглан нарны эрчим хүчийг цуглуулдаг ажээ.

Эрчим хүчийг хуримтлуулсныхаа дараа MAPLE нь антенуудыг ашиглан радио давтамж болгон хувиргаж, туяа хэлбэрээр дэлхий рүү дамжуулдаг ба үүнийг дэлхий дээр дохиог хүлээн авах, хөрвүүлэх тусгай тоног төхөөрөмжөөр хүлээн авч, дараа нь шууд гүйдэл болгон хувиргадаг байна.

Дээрх туршилтыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-нд хийж эхэлсэн байна. Судлаачид MAPLE төхөөрөмжийг дэлхийн нам өндрийн тойрог замд SpaceX компанийн Falcon 9 пуужингаар гаргажээ. Үүнээс хойш хэдэн сарын дараа туршилт амжилттай болсныг зарлаж байна. Туршилтын дараагийн үе шатанд “SPPD-1” ангиллын хиймэл дагуулын сүлжээг бий болгоно. Эдгээр хиймэл дагуулын тусламжтайгаар 10,000 өрхийг эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа ажээ. MAPLE одоогоор сансарт 175-251 МВт хүртэл хэмжээний эрчим хүчийг хуримтлуулж байгаа боловч 1 МВт-аас ихгүй эрчим хүч дэлхийд ирж байгаа тул ийм олон айл өрхийг цахилгаанаар хангахад тодорхой хугацаа шаардлагатай.

Д.Жаргал

Эх сурвалж: "монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих