Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болж байна. Тус тэмцээнд найман орны 12 шилдэг баг өрсөлдөж буйг бид мэдээлсэн билээ. Манай улсаас өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга “Moon dance”, IV байрын шагналт “Star” хамтлаг оролцсон юм.
Финалын шатанд зургаан баг тунаснаас Герман, Монголоос тус бүр хоёр баг шалгарсан бол Австри, Украинаас нэг баг үлдсэн байлаа. Улмаар финалын үзүүлбэрийн дараа шүүгчид оноогоо танилцуулахад дэлхийн дэд аварга “Moon dance” хамтлаг хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр тэд дэлхийн аваргаас хоёр жил дараалан медаль хүртсэн анхны монгол баг болж байгаа юм. 2013 онд байгуулагдсан тус хамтлаг ес дэх удаагаа ДАШТ-д оролцохдоо зургаан удаа финалд шалгарснаас хоёрт нь медалийн эзэн боллоо. Энэ удаагийн бүрэлдэхүүнд 10 жилийн туршлагатай бүжигчдээс гадна анх удаа өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцсон тамирчид ч багтжээ. Товчхондоо хамтлагийн бүрэлдэхүүний 40 хувь нь шинэчлэгдсэнээрээ онцлогтой.
Харин “Star” хамтлагийн хувьд Монголоос хамгийн анх дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд энэ жил дахин финалд шалгарсан шилдэг зургаан багийн нэг боллоо.
Хонконгт болж буй ДАШТ өсвөрийн болон хосын төрлийн тэмцээнээр үргэлжилж байна.