Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Энэхүү түүхэн айлчлалтай холбогдуулан Монгол, Гэгээн Ширээт Улсын түүхэн харилцаанд хамаарах Ватиканы нууц архивт хадгалагдах, хожмоо Монголын талын хуулбарлан авсан захидлуудыг танилцуулж байна.
Ватиканы нууц архивыг 1612 онд Пап Тавдугаар Полын шийдвэрээр байгуулсан. Пап нарын төрийн болон шашны хэргийг эмхэтгэн хадгалах хувийн архивын зориулалттай. Архивыг 1979 он хүртэл зөвхөн дотоод ажлын түвшинд ашиглаж байсныг Пап Хоёрдугаар Ион Паул олон нийтийг үзэж сонирхох, хадгалагдаж буй баримт материалтай танилцах, судлах боломжийг бүрдүүлэх, нээлттэй болгох шийдвэрийг гаргасан юм.
Олон нийтэд ил болгох үйл явц удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2006 оноос хойш эрдэмтэн судлаачдын судалгаанд зориулан 16 сая хуудас материалыг өнөөдрийг хүртэлх хугацаанд эмхэтгэсэн байна.
Тус архив нь нийт 85 километр урт бүхий зориулалтын тавиуртай бөгөөд 35 мянга гаруй боть материалын сантай. Түүнчлэн Пап нарын захидал харилцааны хэсэг байдаг бөгөөд Пап Наймдугаар Ионы 872-882 онд бичиж байсан захидал хамгийн эртнийх гэж тооцогддог. Ватиканы нууц архивын каталогийн бүртгэлд орсон баримт материалыг ашиглах зориулалттай гэрээний үндсэн дээр хуулбарлан авах, хэвлэн нийтлэх эрх хүн бүрд нээлттэй байдаг. Монголын тал өнөөдрийн байдлаар дараах захидлыг Ватиканы нууц архиваас хуулбарлан авсан. Үүнд:
Ватиканы нууц архивд хадгалагдаж буй Монгол хаадаас Пап нарт илгээсэн захидал эхээрээ, харин Пап нараас Монгол хаадад илгээсэн захидлууд нь архивын зориулалтаар захидлын бичвэр, он сар, хүлээн авагчийн мэдээллийн сан байдлаар хадгалагддаг. Эдгээр захидлаас Пап IV Инносентийн 1245 оны захидал, түүний хариу болох Гүюг хааны 1246 оны захидал нь Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд 13 дугаар зуунд харилцаа холбоотой байсныг нотлох баримт юм. Мөн Гүюг хааны захидалд Их эзэн Чингис хааны тамга 2 удаа дарагдсан бөгөөд энэ нь одоогоор олдоод буй хамгийн эртний төрийн тамга гэж судлаачид үздэг. Пап IV Инносент 1245 онд Монголын их хаанд илгээсэн захидлаа Плано Карпини-гаар хүргүүлсэн. Уг захидалд Их хааныг Европын орнуудыг эзлэн түрэмгийлэхээ зогсоохыг тэнгэр бурхны нэрийг барьж гуйсан төдийгүй монголчуудыг найрамдаж, хойшид хэрхэхээ дуулгахыг хүссэн байна. Мөн Плано Карпини монголчуудыг христийн шашинд орох ятгалгыг Гюүг хаанд амаар хэлсэн гэж түүхчид үздэг.Гүюг хаан үүний хариу болгож, 1246 онд Пап IV Инносент-д илгээсэн захидал дараах агуулгатай. Үүнд:
“Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хуралдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай.
Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв. Эдгээр үгийг тань бид үл ойлгов. Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ?
Чи өгүүлсэн биш үү? Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ?
Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно. Одоо та нар бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ. Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй дайсан хэмээнэ. Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ” гэжээ.
Гүюгээс Ромын Пап IV Инносентэд илгээсэн перс хэлээр бичсэн захидал. 1246 он
Ил хаан Газанаас Католик шашны Пап лам VII Бонифаст илгээсэн захидал. 1302 он
Ромын Пап 4 дүгээр Инноcентээс илгээсэн Захидал. 1245 он
Архивын бүртгэлийн мэдээлэл