Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадам өндөрлөлөө.
Улаанбаатар хотноо тав хоног үргэлжилсэн энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулсан юм.
Уг наадмын “Шилдэг уран сайхны кино”-гоор найруулагч Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/ шалгарсан юм. Тус уран сайхны кино нь олон улсын 23 кино наадамд сонгогдон шалгарч, нэр дэвшиж байсан ажээ. Харин Монголд зохион байгуулсан кино наадмаас авч буй анхны шагнал нь юм байна.
Тэгвэл “Хүний эрхийн агуулгатай шилдэг кино”-гоор Францын “Амьтны ертөнц” шалгарсан. Харин “Шилдэг баримтат кино”-гоор АНУ-ын найруулагч Жордан Брайн, Моника Бедвазуар нарын “Шилжилт” нэртэй бүтээл тодорчээ.