Коронавируст халдварын 48 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 48 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3000-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2481 болж байна.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, орон нутгийн 7, Улаанбаатар хотын 11 лабораторид 13 108 хүнд шинжилгээ хийжээ. Гадаад орноос зөөвөрлөгдсөн болон орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 77,6 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд одоогоор 655 хүн эмчлүүлж байгаагаас  574 нь хөнгөн, 71 нь хүндэвтэр, 9 нь хүнд, нэг нь нэн хүнд байна.

Шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтын ойрын хавьтал, 2 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр илэрсэн бол 3 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна.

Коронавируст халдварын тохиолдлууд үйлдвэр үйлчилгээ, хүнс, худалдааны цэгүүдэд бүртгэгдэж байгаа тул олон хүн цугласан газраар явахдаа амны хаалт зүүн, хүн хоорондын зай барьж, гараа угааж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр зөвлөв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Өчигдөр нийт 13108  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  48 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс  43 хүн нь хяналтад авсан хүмүүсийн ойрын хавьтал бол хоёр хүнээс  "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн. Үлдсэн гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох судалгааг хийж байна.  Аймаг орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Нийслэлд бүртгэгдсэн халдварууд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт 655 хүн эмчлүүлж байгаагаас  биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр  71, хүнд ес, нэн хүнд нэг хүн байна.

Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 3000-д хүрлээ. Үүнээс дотоодод халдвар авсан 2481 тохиолдол байна. Өчигдөр илэрсэн 48 тохиолдлын хувьд Баянзүрх дүүргээс 16, Баянгол 7, Сүхбаатар 5, Сонгинохайрхан дүүргээс есөн хүнээс тус, тус халдвар илэрсэн. Халдвар ихэвчлэн үйлчилгээний газрууд ялангуяа хүнс худалдааны захуудад бүртгэгдэж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр “Дүүргийн эрүүл мэндийн төвийн 22 цэгт 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод онцгой байдал, цагдаа нарыг хамруулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвалын тандалтын байдлыг тогтмол хянаж байгаа. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Тухайлбал, вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь халуурах, толгой өвдөх, бие арзайх, вакцин хийлгэсэн газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногт арилдаг. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл бүртгэгдээгүй” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Сэтгэгдэл бичих