Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Ерөнхий сайдын БНХАУ дахь айлчлалын талаар мэдээллийг танилцуулжээ.
Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, Монгол Улс спортоор дэлхийн энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийг уриалсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы тогтоолыг дэмжсэн. Тиймээс хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл болсон олимпын наадмыг улстөржүүлж болохгүйг Ерөнхий сайд УИХ-ын чуулганы индрээс мэдэгдэж, Бээжин-2020 олимпын наадмын нээлтэд оролцохоо илэрхийлж байсныг тэмдэглэв. Хэдийгээр цар тахлын нөхцөлд, богино хугацаатай ч үр дүнтэй айлчлал болсныг тэрээр мэдээллийн эхэнд тодотголоо.
Айчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар ХКН-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах, жишиг болсон харилцаа үүсгэх, хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх бодлогын баримт, бичгийг уялдуулах зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан ойлголцолд хүрснийг онцлов.
Тухайлбал, Монгол, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтаар, хилийн боомтод үүссэн нөхцөл байдал, бүтээн байгуулалт, зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бараа, бүтээгдэхүүнийг хэвийн горимд шилжүүлэх, цаашид нэмэгдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийг дэмжиж том төсөл хөтөлбөрт оролцуулах, харилцан ашигтай хамтран ажиллах, мод тарих, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлэх, эдийн загсийн гурван талт коридорын төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. Мөн оюутнуудын очиж суралцахад хүндрэлтэй асуудлыг шат дараатай шийдэх, дараагийн хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний айлчлалын талаар дэлгэрэнгүй ярилцаж шийдэлд хүрснийг Гадаад харилцааны сайд мэдээллийн үеэр дурдлаа.
Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын боомтыг холбох ажлыг эрчимжүүлэх, Шивээхүрэн - Сэхэ, Бичигт - Зүүн хатавч боомтын төмөр замын хилийн шугам, дайран өнгөрөх цэгийг эцэслэх асуудлаар тохиролцоонд хүрсэн гэдгийг тэмдэглэлээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд цаашдын харилцааны чиглэлийг тодорхойлсон, харилцан ойлголцлын баримт бичиг болж буйг онцлов.
БНХАУ-ын" Бүс ба зам" санаачилга, 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаар ярилцаж, дээр дурсан салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж илүү үр дүнд хүрнэ гэж тохирсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгоод, айлчлалын үеэр гарын үсэг зурсан зарим баримт бичгийг танилцууллаа.
Тухайлбал, Засгийн газар хоорондын 11 жилийн турш хэлэлцсэн Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Мөн байгаль орчин, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж Монгол Улсын Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохирсон байна. Энэ дагуу Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт Монгол Улсын БОАЖЯ, Хятадын Экологи, хүрээлэн буй орчны яам гарын үсэг зуржээ.
Монгол Улсаас БНХАУ-д гаргадаг экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх хүрээнд Монгол Улсаас сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протоколыг Монгол, Хятадын гаалийн байгууллага эцэслэн тохирч гарын үсэг зурсан.
БНХАУ-ын Бээжин хотод 2019 оны зургаадугаар сарын 4-нд гарын үсэг зурсан Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ баталсан бөгөөд Хятадын талд нот бичгийг нь гардуулснаар энэ хэлэлцээр хэрэгжиж эхлэх боломж бүрдсэн гэдгийг сайд Б.Батцэцэг тодотгов.
Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүн хатавч, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохирох тухай нот бичгийг Хятадын талд гардуулсан.
Айлчлалын хүрээнд олимдын нээлтэд 30 гаруй улсын төрийн тэргүүн, удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриштэй уулзаж НҮБ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого уялдаж буйг тэмдэглэж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг тус байгууллагаас дэмжин хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан байна.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх хоёр талын өндөр түвшний айлчлалын талаар тохирохын зэрэгцээ Монгол Улс, БНАХУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт зохион байгуулах санал дэвшүүлж, олон жил ярьсан боомтуудын бүтээн байгуулалт, төмөр замыг холбох асуудлыг шуурхайлах, мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх талаар дэлгэрэнгүй ярилцсаныг тэмдэглэв.
Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монголбанкны ерөнхийлөгч БНХАУ-ын Ардын банкны удирдлагатай цахимаар уулзаж хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан своп хэлцлийн гэрээг гурван жил сунгах асуудлыг ярилцсан тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллийн үеэр дурдлаа.
Мөн Сангийн сайд, Эдийн Засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар БНХАУ-ын хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлагатай уулзаж хамтран хэрэгжүүлэх боломжтой том төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон гэж мэдээллийн төгсгөлд тодотголоо.