УИХ-аас өчигдөр Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасан. Тус хуульд заасан зарим онцлог заалтыг хүргэж байна.
Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор уг хуулийг УИХ 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29, зургаадугаар сарын 29-нд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оныг дуустал сунгаад байв. Харин өчигдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар, хуулийн төсөл ирэх оны зургаадугаар сарын 30-ныг дуустал хэрэгжихээр болж байгаа юм.
Тус хуулийн 10.7-д зааснаар, "Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ" хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжих хугацаа буюу ирэх оны зургаадугаар сарын 30-ныг дуустал хугацаанд ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ зээлээ төлөх эсэх нь иргэдийн өөрсдийн сонголт юм. Зээлийн эх үүсвэрийг МИК гаргаж байгаа тул эргэн төлөлтийг хойшлуулсан ч банканд эрсдэл учрахгүй юм.
Мөн хуульд зааснаар, эрсдэлт нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулахаар заасан. Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжих нөхцөлтэй зээлийн тусгай бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн гаргах юм.
Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Төв банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр заасан юм.
Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцохоор заасан.
Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.
Хуульд зааснаар, цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэхийг Засгийн газарт даалгасан. Цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, сайжруулсан түлш, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулахыг мөн даалгаж байгаа юм.
Түүнээс гадна нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах эрхийг Засгийн газарт олгож байгаа юм. Мөн Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах боломж бүрдэж байна.
Хуулийн хүрээнд, өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтыг тодорхой хугацаанд теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлахыг мөн Засгийн газарт даалгав.
Энэ хуулийн 7.1.2-т зааснаар, цар тахлын үед шаардлагатай арга хэмжээ авах санхүүжилтийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарын тухайн жилийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар эх үүсвэр бүрдүүлэхээр заасан. Энэ нь Засгийн газарт төсөвтэй холбоотой зохицуулалт хийх тодорхой эрхийг УИХ-аас олгож байгаа хэрэг. Хэрэв хуулийн заалтыг ашиглах тохиолдолд УИХ-аас төсвийн тодотгол хийх замаар шийдвэрлүүлэхээр заажээ.
Мэдээж хуульд заасанчлан, УИХ, Засгийн газар, УОК цар тахалтай холбоотой холбогдох шийдвэрийг цаг алдалгүй шуурхай гаргаж ажиллах юм.