Францын ерөнхийлөгч "AstraZeneca"-г дуртайяа тариулна гэлээ

оруулсан Алсын Хараа

/Reuters/  Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийнх нь ээлж ирэхэд "AstraZeneca"/Oxford-ийн вакцин таарвал дуртайяа тариулна хэмээн өчигдөр мэдэгдлээ. "AstraZeneca" компани болон Европын Холбооны хооронд үүссэн маргаантай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэр ингэж хэлсэн юм.

Европын Холбооны дээд хэмжээний виртуал чуулганд оролцсоныхоо дараа тэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаанаас харвал "AstraZeneca" вакцин үр дүнтэй нь батлагдсан. Вакцинжуулалтад хамрагдах миний ээлж ирэхэд уг вакцин таарвал би мэдээж дуртайя тариулна” гэж ярьсан байна.

Франц улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр эхэлсэн ч вакцины нийлүүлэлт тасалдсан нь Макроны хувьд төдийгүй Европын Холбооны удирдлагуудын хувьд шийдвэрлэх ёстой чухал асуудал болоод байгаа.

Үүний гол буруутан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа Британи-Шведийн хамтарсан "AstraZeneca" компани юм. Тус компани энэ оны хоёрдугаар улиралд гэрээнд заасан хэмжээнийхээ тал хувьтай тэнцэх вакциныг Европын Холбоонд нийлүүлэхээр байгааг өчигдөр эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эммануэл Макрон “Гэрээгээр хүлээсэн үүрэгтээ нухацтай хандахгүй байгааг нь тэдэнд анхааруулж хэллээ. Амлалтаа биелүүлж, хугацаандаа вакцин нийлүүлэх хүртэл нь бид шахаж ажиллах болно” гэж хэлжээ.

Тэр бас вакцин хийлгэсэн хүмүүст ногоон паспорт олгох Грек улсын санал нь вакцинжуулалтад сүүлийн ээлжинд хамрагдах хуваарьтай залуу үеийнхэнд хохиролтой шийдэл гэж бодож байгаагаа хэлсэн байна. Амралтын улирал ойртож байгаа энэ үед дэлхийн зарим улс орон, олон улсын байгууллагууд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст хилээр нэвтрэх ногоон паспорт олгох саналыг хэлэлцэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих