Жүдочид Анталиягийн “Их дуулга”-аас хоёр хүрэл медальтай ирнэ

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээний ээлжит цуврал Туркийн Анталия хотод боллоо.

Тус тэмцээнд 93 орны 600 гаруй жүдоч оролцсон бөгөөд манай улсаас 19 тамирчин зодоглов. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг “Их дуулга”-ын долоо дахь медалиа зүүлээ. Тэрбээр Гуам, Нидерланд, Туркийн бөхийг ялж хагас шигшээд шалгарсан ч Туркийн өөр нэг тамирчин Сила Эрсинд ялагдав. Улмаар хүрлийн төлөөх барилдаанд Бразилын Наташ Феррейраг хожсоноор медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн Дани, Швейцарын бөхчүүдийг ялж, Оросын Адамианд ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд Нидерландын Майкл Коррелийг, хүрлийн төлөө Бразилын Конкальвесыг буулган авснаар “Их дуулга”-аас дөрөв дэх медалиа зүүлээ.

Монголын шигшээ хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 93 орноос 15 дугаарт жагсав. Манай тамирчдын дараагийн оролцох олон улсын тэмцээн бол энэ сард Хонконгт болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Дашрамд дурдахад, энэ сарын 8-10-нд Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

Сэтгэгдэл бичих