Сингапурын “Чанги” нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлын байр сууриа Катарын Доха хотын “Хамад” олон улсын нисэх онгоцны буудалд алдсаныг агаарын тээврийн үнэлгээний “Скайтракс” байгууллагын судалгаа харууллаа.
Ингэснээр 2021, 2022 онд тэргүүлж байсан “Хамад” гурав дахь удаагаа тэргүүн байрыг эзэлж байна. “Скайтракс”-ын судалгаанд 100 гаруй орны аялагчид оролцсон бөгөөд “Хамад”-ыг дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлаар тодруулжээ.
“Чанги” нисэх онгоцны буудал нь “Скайтракс”-ын судалгаагаар 12 удаа дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар шалгарч байсан бөгөөд 2013-2020 оныг хүртэл, мөн 2023 онд нэгдүгээрт бичигдэж байлаа. Тэгвэл энэ оны санал асуулгаар тус буудал “Азийн шилдэг нисэх онгоцны буудал”, “Дэлхийн шилдэг хилийн шалган нэвтрүүлэх албатай нисэх онгоцны буудал”-аар шалгарчээ.
Харин Өмнөд Солонгосын “Инчеон” 2023 оны дөрөвдүгээр байраасаа нэг байр ахиж, гуравдугаар байрт бичигдсэн бөгөөд гэр бүлд хамгийн ээлтэй нисэх буудлаар шалгарсан байна.
Түүний араас Японы “Ханэда” нисэх онгоцны буудал дөрөвдүгээр байрт бичигдсэнээс гадна “Дэлхийн хамгийн цэвэрхэн нисэх онгоцны буудал”-аар шалгарчээ. Тус нисэх буудал 2023 онд 70 сая зорчигч хүлээн авсан нь жагсаалтад багтсан нисэх онгоцны буудлуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт юм.
Токиогийн өөр нэгэн томоохон олон улсын нисэх онгоцны буудал болох “Нарита”-гийн хувьд жагсаалтын тавдугаарт орсон байна. Тус буудал үйлчилгээгээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд “Дэлхийн шилдэг ажилтнуудтай нисэх буудал” цол хүртжээ.
Энэхүү чансааг 2023 оны наймдугаар сараас 2024 оны гуравдугаар сарын хооронд нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн хүмүүст илгээсэн санал асуулгад үндэслэн гаргасан байна. Зорчигчид нисэх онгоцны буудлын үндсэн үйлчилгээ болох бүртгүүлэх, нэвтрүүлэх үйл явц, хилийн шалган нэвтрүүлэх алба, дэлгүүр зэргийг үнэлжээ.
“Скайтракс”: 2024 оны дэлхийн шилдэг нисэх буудлууд
- “Хамад” олон улсын нисэх онгоцны буудал
- “Чанги” нисэх онгоцны буудал
- “Инчеон” олон улсын нисэх онгоцны буудал
- “Ханэда” нисэх онгоцны буудал
- “Нарита” олон улсын нисэх онгоцны буудал
- Парисын” Шарль де Голль” нисэх онгоцны буудал
- Дубайн олон улсын нисэх онгоцны буудал
- Мюнхений олон улсын нисэх онгоцны буудал
- Цюрихын олон улсын нисэх онгоцны буудал
- Истанбулын олон улсын нисэх онгоцны буудал
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг