Монгол Улсын гавьяат тамирчин Э. Цэндбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.
Тэрбээр Монголын боксын холбооноос ёс зүйн алдаа гаргасандаа уучлал хүсэж, 63.5 кг-д дотоодын сорилд оролцох, цаашлаад Парисын олимпын наадмын дэлхийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Боксын холбоо ч хүсэлтийг хүлээн авсан.
Түүний хувьд өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд 63.5 кг-ын жингийн дотоодын сорилд өрсөлдөхөөр эх нутагтаа ирлээ. Зугаалах гэж ирээгүй. Монголын боксчид бүгд л шилдэг. Манай жингийн дүү нарын хувьд ур чадвар өндөр. Хэнийг ч басахгүй. Аль хожсон нь л эрхийн тэмцээндээ өрсөлдөнө. Мэдээж эрхийн тэмцээнээс эрхээ авч, цаашлаад Парисыг зорьж чадвал олимпын алтан медаль заавал авах болно. Формоо алдаагүй. Жингийн хувьд огт асуудалгүй. Бэлтгэлээ маш сайн хийсэн. Өдөрт гурван бэлтгэл хийдэг. Долоо хоногт 56 раунд спарринг хийдэг. Анх АНУ-д очоод бэлтгэлийн ачааллаа даахгүй байсан тал бий. Одоо бүх зүйл хэвийн” хэмээн хэлэв.
Тэрбээр өмнө нь хоёр удаа олимпын наадамд оролцсон ч санасандаа хүрч чадаагүй юм. 2016, 2020 оны олимпод Э.Цэндбаатар медалийн оосроос атгаад алдаж байсан билээ. Мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тулаан хийсэн тамирчин сонирхогчдын боксоор олимпын наадамд оролцохыг зөвшөөрдөг. Тэр дагуу Э.Цэндбаатар холбоондоо хүсэлтээ өгчээ. Түүний хувьд энэ сарын 5, 6-нд дотоодын сорилдоо оролцох бөгөөд 8-нд буцаад АНУ-ын зүг хүлгийн жолоо залах юм байна.