О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн ойр орчмын газрыг тусгай хэрэгцээнд авах шаардлага бий

оруулсан Алсын Хараа

Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Энхжаргалан нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд О.Номинчимэг ярихдаа, “Төв цэнгэлдэх хүрээлэн бүхэлдээ нийслэлийн иргэдийн өмч боллоо. Энэ асуудал нь нийслэлийн өмч үнэгүйддэг, шударга бусаар завшиж ирсэн олон жишээний нэг гэж бодож байна. Үе үеийн олон хүн мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг байсныг бид нэг талд нь гаргасан. Төв цэнгэлдэхийн асуудлыг өнгөрсөн оны есдүгээр сараас судалж, 2024 оны хоёрдугаар сараас эхлэн баримт бичиг, тооцоо судалгаанд үндэслэн албан хэлцлийг хийлээ. Хууль зөрчсөн үйлдэл их, засаглал тун сул явж ирсэн нь энэ явцад харагдсан.

Түүнчлэн эргэн тойронд нь байсан газруудыг шилжүүлсэн, хамгийн үнэ цэнтэй өмчүүдийг нь өөр хүмүүст шилжүүлж завшсан, Төв цэнгэлдэхийг хангалттай арчилж, дараагийн шатанд нь гаргаагүй. Ийм шударга бус зүйлтэй эвлэрч болохгүй. Бүх асуудлыг АТГ-т өгсөн. АТГ эдгээр асуудлыг хуулийн хүрээнд үнэлж дүгнэнэ. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлээс нэлээд хөрөнгө оруулалт хийсэн ч тайлан тооцоонд ордоггүй, хувь эзэмшигч хувийн хэвшлийн тал хөрөнгө оруулаагүй, орлогын бүртгэл хангалтгүй байна.

Иймээс өр төлбөрийг танилцуулж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг нь хэлэхэд 51 хувийг эзэмшигчийн өв залгамжлагч тал хөрөнгө оруулах боломжгүй тул өвөөсөө татгалзаж, өр төлбөртөө суутгаж тооцох саналыг бидэнд зөвшөөрснөөр өчигдөр бид хүлээн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Цаашид Төв цэнгэлдэхийн ойр орчим дахь газруудыг тусгай хэрэгцээнд авах шаардлага бий. Үүний тулд Засгийн газрын тогтоол гаргуулна. Төв цэнгэлдэхийн ойролцоох, зарагдсан газруудын үнэлгээ 245 орчим тэрбум төгрөг гэж гарсан” гэв.

Сэтгэгдэл бичих