НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүнүүд 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганы үеэр “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хөтөлбөрийг баталсан юм.
2030 он гэхэд уг хөтөлбөрийн 17 зорилго, 169 зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд өөрт тулгарсан саад бэрхшээлийг даван туулж, гарч болох эрсдлээс сэргийлэх, цаашид хөгжих бололцоог төгөлдөржүүлэхийн тулд хэнийг ч ардаа үл үлдээж, хамтдаа хүчин зүтгэх болсон билээ.
Урт хугацааны уг бодлогын баримт бичиг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн үндсэн гурван хүчин зүйлд тулгуурлаж, эдгээр нь өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй байдгийг онцолсон. Дээрх зорилгуудын нэг "Энх тайван, шударга ёсыг бэхжүүлж цогцлоох" гэсэн 16 дахь зорилгын хүрээнд манай улсад “Алтай дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Чуулганд оролцогч гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар энэ удаагийн чуулганыг эх орондоо зохион байгуулж буй Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд үзүүлж буй хувь нэмэр, оролцорг нэлээн хөндөн онцолж байв. Энэ талаар УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, ХНХ-ын сайд Х.Булгантуяагаас тодрууллаа. Тэрбээр чуулганд “Хүмүүнлэг нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох нь” илтгэл тавьсан юм.
Уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, олон улсын хямралт байдал зэрэг сорилтууд нь хил хязгаар үл хамааран мэдрэгддэг тул улс орон бүр энэ бүхэнтэй тулгарч байна. Тиймээс Тогтвортой хөгжлийг зорилгуудыг хэрэгжүүлж, хүмүүнлэг нийгмийг цогцлоож тэгш, шударга байдлыг бий болгоход улс орон бүрийн хамтын оролцоо улам чухал болж байна гэдгийг илтгэлдээ онцолж байлаа.
-Манай улс Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлт, хэрэгжилтийн талаар НҮБ-д тайлагнасан. Энд Монгол Улс ямар ахиц гаргаж, ямар хувь нэмэр оруулав?
-Бид хоёр жил тутамд сайн дурын илтгэл, тайлангаа тавьдаг. Өнгөрсөн удаагийн тайлан илтгэлийг манай улс эрүүл мэндийн салбарын чиглэлээр тавьсан. Түүний өмнө агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулсан. Ер нь улс орнууд 2030 он гэхэд ТХЗ-уудын биелэлтээ нэгдсэн байдлаар тайлагнах үүрэг хүлээж байга.
Монгол Улсын хувьд НҮБ-ын идэвхтэй гишүүн орны нэг. НҮБ-ын дээд хэмжээний уулзалтуудад манай улсаас, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс аваад өндөр, дээд түвшинд манай улс байнга оролцдог, оролцож ирсэн.
Дэлхийн энхтайван байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд улс орнуудын манлайлал маш чухал. Үүнийг нэг улс хийхээс илүүтэйгээр бусад улс оронд манлайллаж оролцох, хамтын харилцаагаа бэхжүүлэх нь чухал юм. Гадаад харилцаа, хамтын ажиллагаан дээр өнөөдөр манай улсад болж байгаа шиг ийм уулзалт, ойлголцол ойр ойрхон байж л илүү сайн бэхждэг.
-Энэ удаагийн олон улсын чуулганы нэг зорилго нь улс орнууд хоорондоо сайн туршлагаа солилцож хуваалцахад оршиж байгаа. Манай улсын хувьд ямар туршлага байна вэ?
-Өнгөрсөн жилийн нэг тод жишээ бол Тогтвортой хөгжлийн зорилгын 5 буюу жендэрийн тэгш байдлыг хангах дээр ахиц гарсан. Манай улс анх удаа жендэр судлалын хөтөлбөр болон төвтэй болсон. Энэ чиглэлээ анх удаагийн магистртай боллоо. Жендэр гэдэг нь ганц эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж байгаа юм биш.
Ер нь хэн нэгнийг, иргэн бүрийг хөгжлөөс хоцроохгүй хэмээн зорьж байгаа. Жишээ нь, манай улсын дээд боловсролд монгол эрэгтэйчүүдийн оролцоо бага байгаатай холбоотой асуудал ч гарч ирж байгаа. Хот, хөдөөд тэгш бус байдал, ялангуяа боловсролын тэгш бус байдал мөн нэлээд үүсээд байсан.
Төр, засгаас 2023 оны 7 дугаар сарын 1-нээс хөдөө, орон нутгийн төрийн албан хаагчдын нэмэгдлийг онцгой анхаарч нэмсэн. Төрийн үйлчилгээг сайжруулах, тэгш бус байдлыг арилгах боломжийг нээх үүднээс тэр. Энэ нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд УИХ, Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж буйн нэг том үзүүлэлт юм.