Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын эрэгтэй баг хэсэгтээ Шри Ланк, Тайландыг хожиж, улмаар хасагдах шатанд Катарыг буулган авч шөвгийн дөрөвт шалгарсан. Гэвч хагас шигшээд Австралийн хүчирхэг багт хожигдов. Ингээд хүрэл медалийн төлөө Шинэ Зеландыг 21:18-аар хожсон юм. Монголын эрэгтэйчүүд тивийн аваргад хоёр түрүүлсэн бөгөөд энэ удаа залгамж халаагаа илгээсэн нь багагүй шүүмжлэлд өртөв. Монголын шигшээгийн гурван тоглогч 19 настай бол багийг хашир мастер А.Ананд ахалсан юм. Азийн шигшээд багтаж, шилдэг тоглогчоор шалгарсан А.Ананд Катарын эсрэг ес, Шинэ Зеландтай тоглоход 15 оноо авч багаа хожилд хөтөллөө.
Тэгвэл эмэгтэйчүүд хэсэгтээ Малайзыг хожиж, Филиппинд хожигдсон. Гэвч хасагдах шатанд Хятадын шигшээг 13 онооны зөрүүгээр буулган авлаа. Харин хагас шигшээд хүчирхэг Австралийн багт хожигдов. Гэхдээ хүрэл медалийн төлөөх тоглолтод Тайванийн шигшээг 17:10-аар буулган авснаар тивийн аваргад анх удаа медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс Б.Ариунцэцэг шилдгээр нэрлэгдэж, Азийн шигшээд багтсан юм.
Долоо дахь удаагийн Азийн аваргад Австралийн эрэгтэй, эмэгтэй баг түрүүлснээр дөрөв дэхээ Азийн аварга хэмээх алдрын эзэн болж байна.