Тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 118.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

оруулсан Алсын Хараа

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 711.3 тэрбум, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 666.1 тэрбум төгрөг байна.

Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93,6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 784.5 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 118.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ нэгдүгээр сард 666.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 504.8 (43,1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 42.4 (6,0 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 784.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.2 (60,8 хувь) их наяд төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 143.2 (22,3 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 118.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 709.6 (85,7 хувь) тэрбум төгрөгөөр багасав.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 85 хувийг татварын, 8,7 хувийг татварын бус, 3,3 хувийг ирээдүйн өв сангийн, 3,1 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Татварын нийт орлого нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 604.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 52.1 (7,9 хувь) тэрбум төгрөгөөр багасахад бусад татвар, төлбөр хураамжийн орлого 9.5 (15,8 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 3.0 (5,1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн ч НӨАТ 29.4 (14,8 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 21.8 (15,1 хувь) тэрбум, онцгой албан татвар 9.9 (13,6 хувь) тэрбум, орлогын албан татвар 1.9 (1,7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл бичих