Метро түгжрэл бус хөгжил дагуулна

оруулсан Алсын Хараа

Нийслэл хотын амьдралын тухай иргэний үг

Нийслэл маань утаа, түгжрэл дундах хүндхэн 2023 оноо ардаа үлдээсэн ч хөдөөд цас, зудтай, төрөөс зарим арга хэмжээ шуурхай авч буй ч ард олны амьдрал хүндхэн хэвээр байна. Шинэ жилийн дараа дарга нар маань энэ хүнд үед ирэх сонгууль гээд тунчиг завгүй, манай өнөөгийн байгаа дүр төрх нь нэг иймэрхүү. Цас зудын байдалтай байгаа хөхүй өвлийн хүйтэнд гол дагуу халиа гарч, шатахуун, эрчим хүч нь хомсдож буйг харахад эх байгаль өөрөө энэ сонгуулийн өмнөх улс орны байдлыг шалгаж байна уу гэмээр. Монгол улс нэг хүнд оногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлж, нийслэл Улаанбаатар хот нь дэлхийн бүх нийслэл хотуудаас хамгийн цөөхөн |1,6 саяхан| оршин суугчтай байтлаа түгжрэл, хорт утаагаараа бол томчуудаа араасаа дагуулж байгаа. Бүх үйлчилгээ, хүн ам нь тэндээ бөөгнөрч, тойроод хогийн цэг, оршуулгатайгаа амьдардаг.

Зайлшгүй байх ёстой хот төлөвлөлтөд тавих шаардлага, оршин суугчид нь ямар орчинд, хэрхэн амьдарч, ахуйн болон бусад үйлчилгээнүүд, газар олголт... гэх мэт өдөр тутмын амьдралдаа тоохгүй өнгөрөөсөн нь өнөөгийн утаа, түгжрэл гэх бэрхшээл, зовлонд хүргэчихэж. Энэ дунд жолооч нар, иргэд зорчигчид нь үйлээ үзэж байна. Тэдний замын хөдөлгөөнд оролцож буй байдал бол дайсандаа ч хүсмээргүй зүйл.

Өнөөдөр нийслэл хотын зам харгуй, зогсоол, агаар,бүхий л орон зайг утаа, автомашин, ШТС дангаараа эзэлчихсэн байна. Үүнийг өөртөө шингээж авдаг нь оршин суугчид иргэд бид өөрсдөө. Түгжрэл... Энэ хэцүү үгийг бид зөвхөн хааяа л хэрэглэдэг байсан бол одоо өглөөнөөс орой болтол бүхний хараалын эх болсон. Жолооч нар түгжрэл дунд хараал урсгаж, явган гарц дахь зурвас битүү автомашин, зорчигч гарцгүй газраар тэдгээрийг сүлжин зүтгэж байна. Сансарын туннель дороос ТЭЦ-3 автобусанд сууж гэртээ ирэхээр Ард кино театрын буудал |хуучин Ард нэрээр| хүртэл түгжирсээр |3 буудал зайд| 3 цаг болж ирлээ. Дулаан үед би явган 20 минут л алхчихдаг байсан юм. Энэ хүйтэнд автобусаар явахаас өөр боломж үгүй” гэж өөртөө бодсон минь ёстой л “туннелийн бодол” гэдэг нь болчихож. Замын түгжрэл дийлдэшгүй том асуудал болж, оршин суугчид нь бүр залхаж байгаа ч цаашид сийрэгжих төлөв нэг л харагдаж өгөхгүй л байна. Таг зогссон үед бол ууртай жолооч нарын тоо нэмэгдэж “Үлгэр жишээ соёлч хот” болох уриатай нийслэлийн маань соёлын түвшин эрс буурчихдаг юм билээ. Амьдралаас харагдаж байна шүү дээ. Бид замын хөдөлгөөнд дэндүү соёлгүй оролцож байгаа. Жолооч нар өрсөлдөж уулзварт орохоор замын голд машинаа тулгаж гацаачихаад хувцасаа хөнгөлж байгаад нударга зөрүүлж дуустлаа хөдөлгөөн хааж байхыг би нэг бус удаа харсан. Бусад нь тэднийгээ хараад л зугаатай зогсцгоож байдаг. Соёлтой хотуудад явган зорчигчдод зам тавиагүй буюу явган гарцын зурвас хааж зогссон жолооч торгуулдаг юм билээ. Гэтэл манайхан бүр зам хааж байгаад нудрага зөрүүлж түүнээс дээгүүр эрх ямбатай нь замын урсгал дунд баар, ресторан хүртэл бариулчихдаг. Мэдээж хотын шинэ даргын албад зах зухаас нь цэгцэлж л байна.

Түгжрэл багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль гарч одооноос түгжрэл, утааны тухай том яриа, төрөл бүрийн арга хэмжээ авч, хууль зөрчигчид, урвагчид, идээч уугаачдыг хайж байгаа. Төв урсгалаар баруун гараас эргэхийг зарим уулзварт туршин, дугаарын хязгаарлалт хийж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх... зэргээр замын хөдөлгөөн сийрэгжүүлэхээр оролдож байна. Гэхдээ энэ бол зөвхөн өнөө маргаашийн,түр зуурын асуудал.

Энд томоохон хэмжээний, иж бүрэн юм хэрэгтэй. Хорь, гучин сая оршин суугчтай дэлхийн томоохон мегаполисууд Токио, Шанхай, Москва...гэх мэт манай эргэн тойронд буй эдгээр хотууд түгжрэлийн асуудлаа хэрхэн шийдэж чадсан юм. Тэд газар дээгүүр гүүр, доогуур нь метро, усан зам, агаараар дүүжин гэх мэт бүхий л нөхцлийг бүрэн ашиглан зөрлөг гарган, автозам нь аль болох нэг тэнхлэгт огтолцлохгүй байх боломж бүрдүүлдэг. Замын гэрлэн дохионы мэргэжлийн ажилтнууд бүхий бүхэл бүтэн эрдэм шинжилгээ, судалгааны төв ажиллуулж, замын ачаалал, нөхцөл байдалд нь тохируулсан цахим тооцоо шийдлээр хөдөлгөөнийг зохицуулж байна. Энэ бол жолооч болгонтой зууралдах бус, шинэ технологи бүхий өргөн цар хүрээний их хотуудын замын хөдөлгөөний цахим удирдлагын бүтэц, цаашид түгжрэл үгүй төлөвлөх боломж, зөв гарц болох юм. Тухайн хотын авто тээврийн байгууллага, энэ төвийн гаргасан шийдлийг хэрэгжүүлэхэд тохирсон хөдөлгөөний дүрмээр хяналт тавьж, аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөний урсгалыг шуудруулж, замын цагдаа нар аль болох урсгал дунд машин зогсоохгүй байх боломж бүрдэх юм. Камержуулалт бол бүрэн төгс хийгдсэн байх учиртай. Бид хэтийн бодлоготойгоо зэрэгцүүлэн технологийн нарийн шийдэлтэй, олон боломжит ийм цогц программыг хэрэглэхгүйгээр байнга өсөн нэмэгдэж буй их ачааллыг цаашид зохицуулах боломжгүй. Ухаалаг энэ системд замын ачааллын байдлыг өөрөө мэдэрч, бөөгнөрөл ихтэй талд нь хөдөлгөөн түлхүү нээж өгдөг автомат тохиргоо байдаг. Их ачаалтай үед олон урсгалтай замын эсрэг чиглэлийг ачаалалтай талд нээж өгөх, хоорондоо ойрхон гэрлэн дохиотой уулзварт жолооч нар нэгээс нөгөөд хүрэх болгонд улаан гэрэлд хаагдан байн, байн зогсож бөөгнөрөл үүсгэдэг. Ингэхгүйн тулд зарим ойрхон уулзваруудын гэрлэн дохионд аль болох “ногоон урсгал”-тай тохиргоо тэрхэн зуурт нь хэсэгчлэн хийдэг.

Жишээ нь: Багшийн дээдээс ногоон гэрлээр орж Төв шуудангийн уулзвар давтал зогсолтгүй ногоон гэрлээр явах урсгал гэх мэт. Иймэрхүү боломж бол жолооч нарын мөрөөдөл шүү дээ. Энэ талд нь урсгал дуусахад нөгөө тал нь ногоон урсгалд орно. Ийм нөхцөлд энэ хэсгийн дагуух зам дээр автомашин саатаж зогсохгүй, хөдөлгөөн нэвт үргэлжлэх болно. Ерөөс зарим ачаалалтай хэсэгт авто хөдөлгөөн зогсолтгүй үргэлжлэх шаардлагатай болдог тул жолооч нар хаа дуртай газраа зогсохгүй. Ийм үед дарга нар бүх хөдөлгөөнийг хааж байгаад зорчвол урсгал үргэлжлэх боломжгүй болно. Улс орнууд төр засгийн ордон, түүнд очих түшээд, гадаадын том зочин төлөөлөгчдийн замыг аль болох тусд нь байлгахаар төлөвлөдөг. Манай нийслэлийн автозамын гэрлэн дохионы тохиргоо удаан их ачааллыг гүйцэж даахгүй байгаа. Энэ бол аль нэг даргын шийдвэрээр зохицуулах боломжгүй зүйл.

Нийслэл хотын авто замын хөдөлгөөний хамгийн том асуудал бол бүх тээврийн хэрэгслүүд нь явган зорчигчтойгоо нэг тэнхлэгт огтолцолж буй явдал. Ихэнх тохиолдолд төмөр зам нь авто замтайгаа нэг тэнхлэг дээр огтолцож байна. Жолооч нар нь бүр төмөр зам дээр гацаад зогсчихсон байх юм. Энэ бол аймшиг. Иймээс боломж бүрийг ашиглах, аль нэг урсгал нь дээгүүр, доогуур нь гардаг зөрлөг барих ийм шийдэлд зайлшгүй тулжээ.

Энэ бол он жилээр хугацаа шаардах амаргүй ажил. Гэхдээ одооноос, ирэх онд хэдэн уулзварыг аюулгүй зөрлөгтөй болгох, хэдэн зогсоол барихаа тооцож, дулаарахад ажил эхэлж мөн ондоо дуусгах гэх мэт шуурхай явбал энэ ажил хэрэгжих байх. Өнөөдөр яриад л өнгөрвөл тэгээд л өнгөрнө. Метро хөгжил дагуулана. Мэдээж метро бол үүнээс ч том, хугацаа, нөгөө л манайд байхгүй мэргэжилтэн, хөрөнгө мөнгө, эрчим хүч, шатахуун маш их шаардах бидний огт хийж үзээгүй асар хүнд, нарийн төвөгтөй ажил. Бошиг үзээд, хадаг дэвсэж, шав тавьж, гар барилцаад бүтдэг ажил биш. Энэ ажил эхлэх нөхцөл нь бүрдсэн юм уу. Хэдэн жилд барьж дуусах юм... гэх мэт асуудал бий. Хуучин Жайка |JICA| 1983 онд билүү нийслэлд метро барих зураг төсөл гаргаж “Бид метротой болж Япон лугаа адил хөгжинө” гэж байснаа засаг солигдоод л чимээгүй болчихсон. Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд МУ-д хэдэн ЗГ солигдсон юм. Шинээр гарсан нь урдахаа үгүйсгэн, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгодог, манай төр засагт залгамж халаа гэж алга. Нэг нь бүтээх гэж байхад нөгөө нь буцаагаад нурааж байдаг. Одоо түүнийгээ |жайка-г| орхиод дахиж шинэ ТЭЗҮ хийх болж гэнэ үү. Үүний дараа жинхэнэ ажлын зураг төсөв нь бас л үнэтэй гарна. Вальют шүү дээ. Цаана нь жинхэнэ метро барих нүсэр том ажил нь хүлээж байна. Ерөөс энэ метрог зураг төсөл нь бэлэн зэлэн байгаа юм бол тэр Жайка төслөөр мэргэжлийн япон инженерүүдээр нь ахлуулаад хийлгэвэл яасан юм. Манайхан дагалдаад суралцаг. Харин гэрээ, хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг баталгаатай, барцтай юм хийх тухай манай улс төрчид, толгой бизнесүүдийн ТВ-д өгсөн ярилцлагад хэлсэн зөвөлгөөг анхаарах нь зөв байх даа. Нэгэнт нийслэлд метро барих боломж тохироо нь бүрдэж ЗГ-ын тогтоол гарлаа. Энэ чинь түүхэн шийдвэр шүү. Нааштай цаг үед олдсон боломжийг ашиглаж чадсан нь хожиж, чадаагүй нь хуучин буйр, сууриа сахиад үлддэг. Хийж, бүтээж буй хүн алдаа гаргавал түүнийг засч сайжруулж болдог. Хийхгүй өнгөрөөвөл үүнээс ч том алдаа болно. Өөр нэг асуудал бол манай нийслэл хуучин автобус, автомашины хот болсон. Тэр дунд “буруу” талдаа жолооны хүрдтэй суудлын машинууд.

Өнөөдөр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 10 тутмын 7-8 нь ийм байгаа. Бид замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй улс шүү дээ. Иймээс одоо байгааг нь |буруу талдаа жолоотойг| элэгдэж дуустал нь ашиглаад, одооноос эхлээд зөвхөн “зөв” талдаа жолооны хүрдтэйг авч байя. Эсвэл бүгд “буруу” талдаа жолооны хүрдтэй болж зүүн гарын дүрэмд шилжиж ч бас болно л доо. Ингэж нэг тийш нь болгоё.

Тохижилт. Замын уулзвар, гарц бөглөн барьсан барилга байгууламжуудыг “Таны эрх чөлөө, бусдын эрхийг хөндөхгүй байх” зарчмаар буулгах хэрэгтэй. Энд төрийн шийдвэр, хууль дүрмийн хэрэгжилт гэдэг том асуудал хөндөгдөх болно. Зөвшөөрөлгүй барьсан барилга, олгосон газар, эзэд... гээд бусад бүх асуудал ч мөн багтана. Үүний цаана гарахгүйгээр өнөө маргаашийг аргацаасаар байвал бид энэ зовлонгоос хэзээ ч салахгүй. Хотын удирдлага эл бүгдийг нийслэлийн хүн амын нягтралыг багасгах ерөнхий бодлоготойгоо уялдуулан жил болгон ухдаг шугам сүлжээ, үерийн ус зайлуулах системтэйгээ, яригдаад байгаа метротойгоо нэг мөр зориглон хийвэл яасан юм. Ийм хотын даргад хөшөө босгосон ч яахав. Дашрамд, Хөшөө дурсгал нийслэлд босгох, гудамжны нэр өгөх тухай хуучин журмаа эргэж нэг харах шаардлагатай болжээ. Хэнд нь хамгийн том хөшөө босгож, бүхэл бүтэн гудамжийг түүний нэрэмжит болгох юм гэх мэт. Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээсэн гавъяагаар нь эрэмблэн чухам хэнд нь ямар түвшинд, хэний шийдлээр шалгаруулж, барих газар олгож байхыг төр засаг дахин нэг эргэн харж шийдэх нь зөв байх. Эсвэл мөнгөө төлөөд дуртай газраа хөшөө босго гэх үү. Их зохиолч соён гийгүүлэгч Ц.Дамдинсүрэн абугайн хөшөөг хотын захад тавьжээ. Төв цэцэрлэгт Марко Поло-гийн хөшөөний зүүнтэй босгож тэр хавийг нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгож болох л байсан. Бүр болдоггүй юмаа гэхэд Урт цагааныг буулгасан буйран дээр нь байгуулах гэж байгаа тэр цэцэрлэг нь үнэн бол тэнд тавиад түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгож болно. Уул нь нэрэмжит гудамжиндаа хөшөө нь байх учиртай юм л даа. Манайд анхнаасаа хэв журамгүй, эрх мэдэлтний дураар явсан учраас гудамж нь энд, хөшөө нь хаа нэгтээ саланга болчихсон ихэнхдээ.

Хотын төвийн хэсэгт гудамжны нэр эрж олох бол тамын ажил болсон. Иймээс бид Таван шар, офицер, Нохойтой хөшөө, Урт цагааны ар, өвөр гэх мэтээр ярьж бүр хэвшчихсэн байна. Соёлтой хотуудад багцаагаар бус гудамжныхаа нэр, барилгынхаа дугаараар явдаг. Хотын гудамжны нэр, хаяг, байшингийн дугаар болон тэмдэг, тэмдэглэгээ маш хангалтгүйг хот анхаарах ч үгүй бүр орхисон.

Зарим байгууллага гудамжны нэр халхлаад дээр нь өөрийн хаяг, рекламаа байрлуулчихдаг болсон. Нийслэл маань гудамжаа их эрдэмтний нэрээр нэрлэхдээ Б.Ринченгийн гудамж гээд бичсэн байна лээ. Бодвол их эрдэмтэн зохиолчийнхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн, нэрэмжит гудамж гаргахаар шийдсэн байх. Баянгол зочид буудлын ар дахь орон сууцны хорооллын дунд мушгиа гудамж их зохиолчдоо сонгож олжээ. Уул нь аятайхан байрлалд гудамж олж тохижуулан өргөн чөлөө болгоод хөшөөг нь босгож болмоор. Манай цахим, чөлөөт лавлах хэмээх Википедиа-д Рэнчин, Ринчин, Ренчин, Ринченгийн намтар, Ринчингийн Чойном.. гэх мэт |энэ хоёр хүний нэр дор| мөн ч олон янзаар бичсэн байна лээ. Онохдоо тааруу гөрөөч олон сум тавиад... ядаж нэг нь тусах буй гэх маягаар оруулсан байх. Нийслэл маань очиж, очиж монгол хэл бичгийн их эрдэмтнийхээ нэрэмжит гудамжийг алдаатай бичсэн болж таарч байгаа юм. Энэ дүрмээр бол одоо Ринчингийн Чойном, Дамдингийн Сүхбаатар гээд дахин шинэ гудамж гаргавал ч ёстой л “есөн шид нь бүрдэх” гэдэг нь болох байх. Ер нь бол гудамжныхаа ядаж л эхлэл, төгсгөл хоёрт нь заавал нэр нь бичигдэж, тэнд буй улсын, хувийн байгууллага үүнийг хариуцах үүрэг хүлээдэг журам гаргах нь зөв байх. Нэр, хаягтай байх нь соёлтой хотын шинж, бүх шуудан, гал команд, түргэн тусламж, зорчигчид нь төөрч будилахгүй. Ялангуяа төвийн хорооллуудад жолооч нарын өмнө эмнэлэг, дэлгүүр, ШТС, Зочид буудал, музей .... гэх мэт үйлчилгээний газруудын байрлал, хүртэлх зай, бусад шаардлагатай мэдээллүүд нь харагдаж байхаар тавигдвал хөдөлгөөн шуудрана. Авто машины нүхэн гарааш, гадна талд нь олон давхар зогсоол зайлшгүй шаардлагатай болж байна. Хөгжилтэй орнуудын метроны эцсийн буудал, нисэх буудлуудынх шиг. Хотын захын оршин суугчид нь метроны эцийн буудлын зогсоол дээр унаагаа юүлээд метрогоор хотын төв ордог. Өөр улс, хотод зорчих бол нисэх буудлын зогсоолд унаагаа орхиж нисээд, буцахдаа тэндээс аваад явдаг. Метро бол хотын төв хэсэгтээ гол зөрлөг нь байж түүнээсээ тал, тал тийш салбарлаж гарсан зам бүхнийг тойруу замаар холбож, эцсийн буудлуудаа тал бүрээс ирэх хөдөлгөөний аман дээр тосуулаад барьдаг.

Метроноос хол оршин сууж буйг автобусаар зөөдөг. Том хотууд ийм л байдаг. Ийм суурьшилд байгаа орон сууц, үйлчилгээний барилга, манайд автобусны буудалтай ойр хашаа, байшинтай адил өндөр үнэ хүрнэ. Газар дээгүүр автомашин, доогуур нь метро, дээгүүр нь замын хөдөлгөөн саадгүй болж, ийм байдалд явган зорчигч автозам дээрх гарцаар гарах нь цөөрнө.

Дэлхийн томоохон метротой Москва хот бол хамгийн хүртээмжтэй сүлжээ, хамгийн урт зам, дотроо хорогдох байр бүхий олон станцтай газар доорхи бүх саадыг, давж метро хурдан, чанартай барих, засвар үйлчилгээний талаар өндөр туршлагатай болсон байдаг. Манай Барилгачдын талбайд байгаа нүхэн гарааш бол арай ч дээ гэмээр. Уул нь талбай дороо гарааштай болж гадаах түгжрэлээ сийрэгжүүлэх зорилготой хийсэн байх. Гэсэнч газар дор гарааш гээд талбайгаа дээш нь нэмж өндөрлөөд монголын ахмад архитехторчдын төлөөлөл Дамбийням гуайн хийсэн тэр хавийн барилга архитектурын зохицол, өнгө үзэмж, хуучин байсан тэр орчны гайгүй сайн дүр төрхийг нь бүр алдагдуулаад дор нь нэг иймэрхүү хачин юм хийж орхисон байна лээ. Одоо гадаа талбайд нь машин багтахгүй Занабазарын музей үзэх жуулчдын автобус зогсох боломжгүй, ерөөс явган зорчигч явахад ч маш төвөгтөй болсон. Барилга, хот байгуулалтын яам ийм юм өмнөө бариулчихаад өөрсдөө өмнөх талбайдаа машинаа багтааж шингээхгүй чихэлдэж байна. Хот нийтийн эзэмшлийн талбайг авч, гадаа нь тойруулаад гуанз, зогсоол байгуулан төлбөр хураамж авч байгаа юм уу. Энэ чухам ямар учиртай газар вэ. Энэ талбайг хуучин түвшинд нь буцааж оруулаад доор нь дээрх машинууд нь багтахаар олигтойхон зай нэмж гаргаад засчихаасай даа.

Тэгэхээр бидэнд метро, газар дор ба дээр, авто гарааш, зогсоолууд хэрэгтэй болох нь. Шинээр барьж буй орон сууц доороо гарааштай, орчиндоо нь заавал цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй байх шаардлагатай болж байна. Оршин суугчид нь эмнэлэг, үйлчилгээ хайж явахгүй, үр хүүхдүүд нь өөрсдөө сургууль, цэцэрлэгтээ явган яваг. Их, дээд сургуулиудыг сийрэг хэсэгт, заримыг нь орон нутагт гаргавал дээр байх.

Орон нутгаа хөгжүүлэх, тэнд дэд бүтэц соёлын хэрэгцээ гол нь хүн амд нь ажлын байр хэрэгтэй. Өөрсдөө жижиг үйлдвэр, аж ахуй эрхлэх, гадны том компаниудын туслах үйлдвэр, оёдол, ядаж автомашиных нь шалавч... юу ч байж болох. Хөгжлөөр дорой буурай оронд хөгжингүй улсууд өөр,өөрсдийн эрх ашгийн үүднээс л ханддаг. Тэгээд ч бид олигтой юм хийсэнгүй. Ихэнхдээ ажил голоод хийхгүй, зүгээр сууж байгаад эсвэл сугалаагаар мөнгө хожих, хулгай хийх, бусдын бүтээснээс хувь хүртэх, хаанаас ямар тусламж ирэх бол хэмээн толгойгоо гашилгаж дасчээ. Бидэнд хэрэглээнийхээс гадна хурдан хөгжих, тууштай хөтөлбөр хэрэгтэй байна. Зөвхөн сонгуулийн хооронд ч бус “Алсын хараа” дундаа богино хэмжээний эрчимтэй хөгжлийн төлөвлөлт хэрэгтэй. Залуусд олж авсан мэдлэг боловсролоо үйлдвэрлэлд хэрэгжүүлэх бүтээлч чадвар түлхүү эзэмшүүлмээр байна. Тэд хийж, бүтээж сурахаас илүү дээд сургууль төгсч, диплом авч улс төрд орвол амьдрал сайхан болно гэх итгэл, үнэмшилд автан төрд орохоор л баяждаг гэх ойлголттой болжчихож. Сурч боловсрох бол мэдээж сайн хэрэг. Залуус эзэмшсэн боловсрол, мэргэжлээ ашиглан, туршлагажиж улс төрд түлхүү орвол, хуучныг халж, тэнд шинэлэг эргэлт гаргах болно. Үйлдвэрлэл,техникийн мэргэжилтэй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож аль нэг доголдож буй салбарыг өөд татан сэргээж чадвал энэ жинхэнэ эргэлт, бүтээлч ажил болно. ТМС, мэргэжлийн сургалтууд бараг л сум бүрд байсан, тэр сайхан бэлтгэл курсууд хаагдаж барилга байгууламж нь балгас болж үлдсэн. Гагнуурчин, барилгачин, цахилгаанчин, замчин, барилгачин, жолооч,тракторч, комбайнч... гэх мэт бүтээн байгуулалтын үндэс суурь болсон мэргэжлийн ажилчид ховордож байна. Урд өмнө бид та нарыгаа эх орны ирээдүй гэж боддог байлаа. Өнөөдөр ирээдүй бус одоо цаг нь яг тулчихсан энэ үед нийт хүн амын ихэнхийг бүрдүүлж буй залуус маань ямаршүү үзэл бодол, мэдлэг боловсролтой,бүтээлч хүн болохоос улс орны ирээдүй хамаарна.

Агаарын бохирдолд өртсөн энэ өнгөрсөн 20-иод жилд бид зуу, зуун тэр бумаар нь хөрөнгө мөнгө зарцуулсаар олигтой ахиц олоогүй л байна. Утаагүй зуухандаа, уургүй цайгаа нүдэж, чанадаг бол үлгэрт л гардаг мөрөөдөл байх. Зуух байвал гал түлнэ, гал түлэх л юм бол утаа гарна шүү дээ. Өнөөдөр сайжруулсан түлш нь сайжирсан ч үгүй, хорт утаа нь багассан ч үгүй.

Түгжрэл, утаа хоёр бидний өнөөг хүртэл шийдэж чадаагүй гол асуудал хэвээр байна. Жилийн жилд сайжруулаад байхад муудаад байгаа түлш заавал хэрэглэх гэж зүтгэн асар их зардал гаргаад болсонгүй.Үүний үр дагавар нь элдэв амьсгалын замын өвчин, хорт хавдар улам нэмэгдсэн. ДЭМБ-ын судалгаагаар нүүрс төрөгчийн давхар ислийн ялгарах хэмжээ 2023 онд хамгийн дээд хэмжээнд хүрч, улс орнууд чулуун нүүрс хэрэглэхээс аль болохоор татгалзаж байна. Ийм нөхцөлд бид яах ёстой юм. ЗГ-ын Ерөнхий сайд маань ОХУ, БНХАУ-тай яриа хэлцэл хийж цаашид |Сибирийн хүч-2| байгалийн хийн хоолойг манай нутгаар дайран өнгөрөх тухай тохиролцсон байна лээ. Үүнийг би иргэний хувьд дэмжиж байгаа. Байгаль нуурын эрэг дээр Ковыктын байгалийн хийн том орд байж л байна. Төмөр замаа дагуулаад авч болох байх. Бид энэ замаараа хөрш ОХУ-аас шатахуун, бусад худалдаа бүр вагон, зүтгүүр, хивэг хүртэл авч л байна. Манай стандартууд ихэнх нь оростой адилхан шүү дээ. Улс төр, геополитик ярихгүй, харилцан ашигтай хөгжих тухай яръя. Тэгвэл үнэ хямдарч, айл өрх, цахилгаан станцуудын утаанаас бүр мөсөн салах болно. Энэ бол амаргүй том ажил, гол нь манайд ихээхэн дутагдалтай байгаа аюулгүй ажиллагаа шаардана. Саяын дэлбэрэлтээс хойш бүр ч эмзэг болсон. Аюулгүй ажиллагааны стандартаа баримтлан, х\х, ажлын хариуцлагаа өндөржүүлэн, хэрэглэгчдийн ашиглалт талаас нь онцгой анхаарч сургалт, бэлтгэл ажлаа чанартай хийж урагшлах шаардлагатай болж байна. Үүнээс өөр бид яах юм. Дэлхийн олон улс орон байгалийн хий ашиглан хөгжиж байна. Манай орны хувьд бол хөрш хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаанд байдаг л асуудал шүү дээ. Хорт утааг сааруулах асуудал эндээс эхлэнэ. Хятад улс өөрсдөө баруун талаас Түркменистанаас Узбекстан, Казакстанаас шууд дамжуулан хэд, хэдэн хоолойгоор |жилд 40 млрд м³| байгалийн хий авч байгаа. Энэ далимд Узбекстан, Казакстан хоёр орон ч мөн багтсан байдаг. Хятад улс цаанаас Алс дорнодоос бас шатдаг хий авч, өөрсдөө орон сууц барьж, дотооддоо ДЦС, нам даралтын зуухнуудыг буулгаж, шатахуунаар ажилладаг автомашин, механизмуудыг хорьж чадсанаар утаанаас бүрмөсөн биш ч гэсэн салж, сааруулж чадсан байна. Бидний эргэн тойронд Казакстан, Узбекстан, Хятад улс, ОХУ бүгд хорт утаанаас богино хугацаанд салж, гол дунд нь бид өнчин хайлаас шиг торойгоод үлдчихэж. Өөрсдөө хөөцөлдөж л олж авахгүй бол хэн ч “май, ав” гэхгүй шүү дээ. Цас арилгах багж техник байхгүй хүрз, шүүртэй хэдэн цэвэрлэгч нар энэ өвөлжин цоройгоо ивэртэл нүдлээ шүү дээ. Цас их унадаг хойд хөршөөс сайн багж, машин техник мөс зүсч шуудуу гаргадаг техник авах хэрэгтэй. Хотын утаа, түгжрэл, автомашин, зогсоол, барилга, хүн амын төвлөрөл энэ бүгд цаад утгаараа бол хоорондоо уялдаа холбоотой зүйл. Үүнийг нэг нэгээр нь салгаж, тус бүрд нь бэрхшээл, зовлон тоочиж оросууд биднийг шатахуун, эрчим хүчээр хясан боогдуулж байна. Тэдний зорилго бол монголчуудыг хөгжүүлэхгүй дороо дарж, цаашид хараат байлгах санаархал ... гэх мэтээр манайхан шууд л өлгөж аваад улс төржүүлж эхэлдэг.

Манайхны иймэрхүү яриа оросуудад тийм ч таатай сонсогдохгүй байх. Оросын талын цахилгаан станцад аваар гарч нийлүүлэлт түр багасч магадгүй гэсний төлөө |өөр гарцгүйгээ мэдсээр байж| хэтэрхий улс төржүүлэх нь яавч бидэнд ч сайн зүйл болохгүй.

Бид иймэрхүү сэтгэлгээгээ өөрчлөн,хуучин аль хэдийн болоод өнгөрсөн, гаднаас хамааралтай байсан тэр хүнд үетэйгээ хамт орхиж, одоо өмнө хүлээж буй ирээдүйгээ хамтдаа ярьцгаая. Хамгийн ойр хоёр хөрштөйгөө иж бүрэн стратеги, түншлэлийн гэрээгээ сайжруулж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх талаар бодох нь зөв байх. Сандо амбан, барон Унгерн нарын Нийслэл хүрээнд тэртээ хориод онд анх тавьж өгсөн цахилгаан лампагаас хойш өнөөг хүртэл хойд хөрш манайд эрчим хүчний эх үүсвэрүүд барьж, дутагдаж буй хэрэглээг байнга хангасаар, сайн ч бай, муу ч бай биднийг бүтэн зуунд нь гал алдуулаагүй өнөөг хүрсэн. Тэгээд ч ОХУ энэ салбараа улам өргөжүүлж, бэхжүүлэх бодлоготой тул манайх мэт орнуудад эрчим хүч, шатахуунаа нийлүүлэх сонирхол үргэлж байсан, одоо ч байгаа, тиймгүй бол тэд энэ тухай ярих ч үгүй. Манай сайд, дарга нар сонгууль бүрийн дараа ОХУ-д очиж, санал, бодлоо солилцон, гэрээ хэлцэл хийж байгаа. Албаны хүмүүс гадаад оронтой гэрээ хэлцэл хийхдээ эерэг сайн харилцаа үүсгэн, асуудлаа ойлгуулж, нааштай шийдүүлж сурах ур чадвар бол маш чухал зүйл. Төрийн томчуулын яриа хэлцэл ч адил, бүх юм хүний эерэг харилцаа дээр тогтоно. Хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа нэмэгдэж буй ч байгаа боломжоо бид бүрэн ашиглаагүй, өөрсдөө эрчим хүч, шатахууны хүчин чадлаа нэмнэ гэж ярьсаар бодит өөрчлөлт гаргаагүй л байна. Ядаж л эрчим хүчний шугамын алдагдлаа бууруулаагүй, сэргээгдэх эрчим хүч гаргах боломжоо бүрэн ашиглаагүй, усан цахилгаан станц,төмөр замаа дуусгаагүй, эрчим хүчээ огт хэмнэхгүй байна. Хотын гудамжны зарим гэрэлтүүлгийг шөнийн хөл татарсан үед нь |фазаар нь| хагаслан унтрааж эрчим хүч хэмнэх удирдлагагүй, зарим үед бүхэл бүтэн гудамж өдрийн цагаар асч л байна. Хотын гудамжны нийт гэрэлтүүлэг асар их эрчим хүч хэрэглэдэг. Баруун аймгууд ОХУ-ын эрчим хүчний бүрэн хамааралд хэвээр байна. Эл байдлаас гарахын тулд бид юуны өмнө өөртөө байгаа эрчим хүчээ хэмнэх, хүчин чадал, эх үүсвэрүүдийг нэмэх, Таван толгой, Бага нуурын цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрээ барьж дуусгах, цаашид атомын бага оврын цахилгаан станцтай болох талаар одооноос судлах хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс эрчим хүч, шатахуун, төмөр зам тээвэр ложисткийн хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай хэвээр байна. Эдгээр гурван хүчин зүйл бол манай цаашдын хөгжилд гол нөлөөтөй хэвээр байгаа.

Эрчим хүч, шатахуунаа шийдээд төмөр замаа ашигтай ажиллуулахын тулд яах ёстой юм. Оросын талын хувьцааг нь худалдаад авчихвал эл байдлаа хөнгөлж болох юм уу. Одоо өмнө талаас нь Хятад улс ОТ-г эрчим хүчээр хангаж, цаашид үнээ нэмэх хандлагатай байна. Тэд өнгөрсөн 2023 онд эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн. Гэтэл манай бүтээн байгуулалтын бүх ажил эрчим хүчнээс хамааралтай болж байна.

Гэр хорооллын бүх иргэдийг хотын төвд орон сууцад шилжүүлэх боломж одоогоор байхгүй. Иргэдэд тийм санхүүгийн эх үүсвэр ч хомс, байранд орлоо гэхэд хөдөлмөрийн хөлс нь амжиргааны орлогоо дийлэх эсэх нь, эргэлзээтэй. Боломжтой хэсэг нь |ялангуяа олон хүүхэдтэй гэр бүл| өөрийн гэсэн хувийн өмчийн газар дээрээ байшингаа бариад хэсэг ч гэсэн талбайд мод ургамал тарьж, тав тухтай амьдран суусан нь дээргүй юу. Энд дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээ, нүхэн жорлонгийн асуудал бий. Үүнийг шийдэх нь орон сууц барихаас арай хялбар байх. Бид цаашдаа ойр зуурын тээвэртээ шатахууны хэрэглээгээ багасган, шатдаг хийгээр, цахилгаан хөдөлгүүр бүхий автобус, автомашин, такси, микробус гэх мэт нийтийн тээврээ түшиглэн түгжрэлээс ангижрах боломж хайя. Хотын далан суваг үерийн аманд буй айл өрх, барилга байгууламжид хатуу хяналт тавьж зөрчсөнд нь нийтийн эрх ашгийн үүднээс хандахаас өөр замгүй. Энэ бүхний ард Нийслэлээ соёлч хот болгоё, Аз жаргалтай Улаанбаатар гэх уриа биелэлээ хүлээж буй. Их гүрнүүд талцан бие, биенээ үгүй хийхээр улайран тэмцэж, цэрэг дайны зардлаа нэмж буй өнөөгийн энэ хүнд нөхцөлд бид үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалж үлдэх юм. Цаашид худалдаа эдийн засгийн нээлттэй бодлогоор, нийтээрээ нэгдмэл нэг санаатай, улс төр нь тогтвортой, бодлого, шийдвэр нь залгамж халаатай, түшээд нь эх орныхоо эрх ашгийг амин хувийнхаас дээгүүр тавьж, гурав дахь хөрш улс орнуудтай худалдаа эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтран ажиллах нөхөрсөг харилцааны үр дүнд хөгжил дэвшилд хүрэх нь аюулгүй байдлаа хамгаалж үлдэх гол нөхцөл болох байх. Ийм өргөн уудам нутагтай, арвин их баялагтай, цөөхөн хүн амтай орны улс төр нь тогтворгүй, иргэд нь эв нэгдэлгүй, хөгжилгүй бол бусдын эрхшээлд өртөх аюултай. Иймээс улс нь улс шиг, бид өөрсдөө хүн шиг байж л энэ бүхнээ хамгаалж үлдэнэ.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Бадарч

Сэтгэгдэл бичих