Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд түр хугацаанд зогсоод байсан нүүрсний экспорт гуравдугаар сарын 23-наас Гашуун сухайтын боомтоор дахин явагдаж эхэлсэн. Улмаар нүүрс тээврийн жолооч нар халдвар анх тархсан орон болох БНХАУ-ын хилээр нэвтрэх болсон юм. Тэдний эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлд “Эрдэнэс Монгол” ХХК “Бид нэг амьтай шүү” аяныг санаачлан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Юнител” групптэй хамтран хэрэгжүүлж байна.
Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 239 километр хүнд даацын авто замыг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцдаг. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тус авто зам дээр хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалт болон одоо хэрэгжүүлж буй “Бид нэг амьтай шүү” аяны талаар уг компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяртай ярилцлаа.
-16 ХУВЬ БАЙСАН ЗАМЫН ЭВДРЭЛ, ГЭМТЛИЙГ 1 ХҮРЭХГҮЙ ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛЛАА
-Хоёр сарын хугацаанд зогссон нүүрс тээвэр Гашуун сухайтын боомтоор эхэлж, хил хаагдсанаас хойш албан ажлаар урд хөршид хөл тавьсан анхны иргэд нүүрс тээвэрлэгчид боллоо. Энэ цаг үеийг тохиолдуулан “Бид нэг амьтай шүү” аяныг зохион байгуулж буй зорилго нь юу вэ?
-“Эрдэнэс Монгол” ХХК Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг хариуцдаг. Энэ бол Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдол бүхий, нийт коксжих нүүрсний 65 орчим хувийг тээвэрлэдэг авто зам. Иймд энэ замаар нүүрс тээвэр ямар нэг саадгүй, тасралтгүй хийгдэж байх учиртай. Хариуцагч компанийн хувьд өнгөрөгч 2019 онд дэд бүтцийг сайжруулах чиглэлд багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал 2016-2017 оны үед 16 хувь байсан замын эвдрэл гэмтлийг 1 хүрэхгүй хувь болгож буурууллаа. Зам тээврийн осол 2019 онд мөн 15 хувиар буурсан.
Тэгвэл энэ удаад дэд бүтэц чиглэлд гэхээс илүү хувь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж үүсдэг осол, аваарыг бууруулах зорилгоор “Бид нэг амьтай шүү” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Жолооч нар хурд хэтрүүлэхээс эхлээд замын уртад ядрах хүртэлх “Хариуцлагагүй” гэж тодорхойлоход нэг талаар тохиромжгүй, эрсдэлт үйлдлүүдийг хийдэг. Энэ үндсэн зорилгын хүрээнд аян хоёр шаттай явагдана. Эхнийх нь дэлхий нийтийг цочроогоод буй “Covid-19” вирусээс жолооч нарыг урьдчилан сэргийлэх, холбогдох мэдлэг, мэдээллээр хангах. Хоёр дахь нь дээр дурдсанаар жолоочоос хамаарсан осол, аваарын эрсдэлийг бууруулах.
-Аяны “Covid-19” вируст холбогдох эхний шат 14 хоног үргэлжлэх юм байна. Үүний хүрээнд жолооч нарт чиглэсэн яг ямар бодит ажлуудыг хийж буй гэсэн үг вэ?
-“Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй” гэдэг үг бий. Ер вирусийн халдвар авах эрсдэлтэй энэ үед өөрсдийгөө хамгаалах, анхаарал болгоомжоо сулруулахгүй байх нь нэг талаар жолооч нарын өөрсдийн ухамсартай холбоотой асуудал.
Иймд нэгдүгээрт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэдэнд анхааруулга, зөвлөмж хүргүүлж байна.
Хоёрдугаарт, нүүрс тээврийн жолооч нар ажлынхаа барагтай бүх цагийг машиныхаа кабинд өнгөрүүлдэг учир кабинд нь мэдээ, мэдээлэл бүхий биет зүйлс байршуулж байна.
Гуравдугаарт “Супер жолооч” нэртэй сэтгүүл гаргалаа. Үүгээр дамжуулан халдвараас өөрийгөө урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, мэдээллийг түгээж байна. Түүнчлэн мэдээж хамгаалалтын хувцас, амны хаалт, ариутгалын бодисоор жолооч тээвэрчдийг ханган ажиллаж байна. Үүнээс гадна нүүрс тээврийн компаниудыг ч ажилчдынхаа эрүүл, аюулгүй байдалд анхаарах чиглэлд уриалж байна.
-Үр дүнг нь хэрхэн дүгнэх юм?
-Юутай ч аян хэрэгжин дууссаны дараа үр дүнг нь дүгнэн, хэлэлцэнэ. Бид аян хэрэгжсэнээр зам тээврийн ослыг 30 орчим хувиар бууруулна гэж зориод байна. Бүрэн том зургаар нь харвал жолооч нарын аюулгүй ажиллах нөхцөл боломжоор хангахыг зорьсон гэсэн үг. Иймээс аяны үр дүнг тоон хэлбэрээр ч юм уу илэрхийлэхэд бага зэрэг хүндрэлтэй болов уу.
-ХҮЙТНИЙ УЛИРАЛД Ч ЗАМ ЗАСВАРЛАЖ БОЛОХ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛСЭН-
-Засгийн газар, Улсын онцгой комисс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хөл хориог улам чангатгах чиглэлд ажиллаж байна. Халдвар анхлан дэгдсэн голомт улс руу нэвтрэх жолоочдыг тээвэрлэдэг авто замыг хариуцаж буйн хувьд “Эрдэнэс Монгол” ХХК ямар хариуцлага үүрэх вэ?
-Нүүрс тээврийг эхлүүлсэн энэ хариуцлагатай ажилд Улсын онцгой комисс голч чиглэл, журмыг боловсруулсан. Холбогдох үүрэг даалгавар, шаардлагуудыг комиссоос өгч буй. Үүнийг дагаад аймаг, сумын онцгой комисс ч ажиллаж байна. Түүнчлэн Гаалийн байгууллага, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналтын албаныхан гол хяналтыг тавин ажиллаж буй. Энэ бол ийм цогц, хамтын арга хэмжээ юм. Үүнд бид өөрсдийн гүйцэтгэх үүргийг чанд ухамсарлаж ажиллана.
Хэрэв нүүрс тээврийн жолооч нарын дундаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах байруудыг бэлтгэсэн. Тэнд нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бий болгосон. Мөн дээр дурдсаны дагуу жолооч нарыг хамгаалалтын хувцас, ариутгалын бодисоор хангаж байна. Мэдээллээр хангаж, болгоомжлуулж байна.
-Өнгөрсөн хугацаанд Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн зам дагасан дэд бүтцийг сайжруулах цөөнгүй ажил шинээр хийгдсэн. 2019 онд гэхэд зам дээр шинэ технологиор засвар, хучилт хийсэн гэж сонссон. Энэ ямар технологи байв. Ямар бодит үр дүнг авчирсан бэ?
-Ер аливаа зам засварын ажлыг 5-10 хэмийн нөхцөлд хийхэд тохиромжтой байдаг. Манай зам ялгарах онцлогтой. Нүүрс тээврийн машин өөрөө 20 орчим тонн жинтэй. Үүн дээр нэмээд 70 орчим тонны нүүрс ачдаг. Ингээд барагтай 100 тонн жинтэй машинууд тасралтгүй зорчдог гэсэн үг. Ийм өндөр ачаалал авдаг тул зам дээр байнга эвдрэл гардаг. Харин цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эвдрэл гарах бүрд нь засварлаж чаддаггүй байсан.
Тэгвэл хүйтэн асфальтын технологи нэвтэрснээр хүйтний улиралд ч зам засвар хийх боломжтой болсон юм. Бид энэ технологиор сүүлийн хоёр жил зам засаж байна. Өнгөрсөн 2019 онд нийт 48.5 километр зам дээр асфальтан өнгө хучилт хийсэн. 700 орчим эвдрэлийг зассан. Бидний зорилго эвдрэлгүй зам, эвдэрсэн тохиолдол цаг тухайд нь засдаг боломжид чиглэж байсан. 2020 онд ч энэ ажлаа үргэлжлүүлнэ.
-ӨНГӨРСӨН ОНД 4240 ЖОЛООЧИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛСАН
-Зам өөрөө дэд бүтцийн нэг л хэсэг. Дагалдах соёлын, хүмүүнлэгийн чиглэлд үйлчлэх бүтээн байгуулалтууд цогцоор хөгжих учиртай. “Эрдэнэс Монгол” ХХК энэ тал дээр мэдрэг ажилладаг. Тухайлбал 2,500 машины авто зогсоол удахгүй ашиглалтад орно гэж дуулсан?
-2,500 автомашины зогсоолыг барих болсон шалтгааныг эхлээд ярих нь зүйтэй болов уу. Ер өнгөрсөн хугацаанд нүүрс тээврийн жолоочдод нийгмийн хангамжид чиглэсэн үйлчилгээ, бүтээн байгуулалт орхигдож ирсэн. Өдөрт 800 орчим тээврийн хэрэгсэл хилээр гарна, зарим нь тодорхой шалтгааны улмаас хил дээрээс буцдаг. Ингэхээр түгжрэл үүсэж, заримдаа 100 орчим километрийн цуваа дараалал бий болох нь ч бий. Ийм нөхцөлд жолооч нар бага багаар урагшилж, барагтай зогсонги байдалтай их цагийг өнгөрөөдөг тул тэдэнд ядрахаас эхлээд эрүүл мэндийн асуудал үүсдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд тайван зогсоолын барилга, угсралтын ажлыг эхлүүлсэн. Жолооч нарыг зам дээр хүлээж зогсохын оронд зогсоолдоо байршиж, амарч байгаад боомтоор нэвтрэх боломжийг хангах зорилготой юм. 2,500 автомашин багтах зогсоол энэ зургаадугаар сард ашиглалтад орох тооцоо байна. Барилгын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
-Үүнээс гадна батлан хамгаалах, эрүүл мэндийн чиглэлд ямар ажлууд хийв?
-Зам дагасан бүс нутаг цахилгаан, сүлжээнд холбогдлоо. Мөн эвдрэл гарч зогссон тээврийн хэрэгслүүдийг чирч, аюулгүй газар аваачиж байршуулдаг шинэ ажлын зохион байгуулалтыг хийх гэж байна. Ер сүүлийн хоёр жилд өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин их ажлыг хийсэн гэж болно. Зам дээр оруулсан 1 төгрөгийн хөрөнгө оруулалт тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад 3 төгрөгийн хэмнэлт болдог гэх судалгаа бий.
Өмнө нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн замд цагдаагийн алба хаагч ажилладаггүй байсан. Бид холбогдох зардлыг гаргаж, гэрээт цагдаа нарыг ажиллуулдаг болсон. Ингэснээр гарах осол, аваарын тоо эрс буурсан.
Мөн Эрүүл мэндийн яамтай хамтарч, нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Тэдний ажиллах нөхцөл нүүрс ачиж, буулгадаг, тоосжилт өндөртэй. Иймд үзлэгээр чих, хамар, хоолой, амьсгалын замын өвчнөөр зонхилж өвддөг нь харагдсан. Бид зөвхөн үзлэг хийгээд орхих биш, эмчийн зөвлөмж өгөх, шаардлагатай эм витамины бүтээгдэхүүнээр хангах чиглэлд ажилласан. Энэ жил вирусийн тархалт намжмагц үзлэгээ дахин зохион байгуулна.
-Өнгөрөгч онд хэдэн жолооч эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бэ?
-4240 орчим жолоочийг хамруулсан. Зөвхөн жолооч гэлтгүй, хоолны газар ажилладаг хүмүүс ч эрүүл байх ёстой тул тэд ч хамрагдсан.
-НӨХЦӨЛ БАЙДАЛ ЖИЛ ИРЭХ ТУСАМ ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙГ ОЛОН ЖОЛООЧ ХЭЛЭХ БОЛОВ УУ-
-“Эрдэнэс Монгол” ХХК 2014 онд Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн автозамыг эзэмших болсноос хойш өнөөдрийг хүртэл засвар, шинэчлэлийн ажлыг хийсээр байна. Ажиллахад ямар хүндрэлүүдтэй нүүр тулж байна?
-Ер Таван толгойн нүүрс гэнэт, маш эрчимтэй эргэлтэд орсон. Үүнийг том боломж гэж харсан маш олон тээвэрлэгч компаниуд ажиллаж эхэлсэн. Энэ үед Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн зам, зас дагасан дэд бүтэц сул зохион байгуулалттай байсан. Жишээ нь Эрдэнэт үйлдвэрийн тухайд дэд бүтэц нь эхнээсээ зэрэг төлөвлөгдсөн байдаг. Энэ зам ялгаатай.
Иймээс ажиллахад тулгардаг хүндрэл гэвэл олон юм ярьж болно. Тэднийг эхнээс нь шийдээд явж буй нь л чухал. Зах зээлийн хуулиар анх ТҮЦ, дараа нь минимаркет, яваандаа супермаркет болж өргөждөг шиг хөгжлийн шатандаа л явж байна. Асуудал, хүндрэл ярих нь нэг талаар утгагүй.
-Танай компанийн бүтээн байгуулалт нэгж нүүрс тээврийн жолооч нарын хувьд хэрхэн мэдрэгддэг бол?
–Жолооч нар үнэхээр ам сайтай байгаа. Тэдний амьдрал өөрөө цогц шүү дээ. Ер хүнд оюуны, физиологийн, материаллаг хэрэгцээ бүгд бий. Жолооч нарын тэр бүх хэрэгцээг хангаж ажиллахыг бид зорилго болгодог. “Бүгд нэг амьтай шүү” аян л гэхэд оюуны хэрэгцээг нь дэмжиж буй нэг ажил. Бид ингэж ажиллахыг зорьдог, ажиллаж ч байна.
-Өнгөрсөн хугацаанд Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн замд хийгдсэн ажлуудад ямар дүн тавих вэ?
-Нөхцөл байдал жил ирэх тусам өөрчлөгдөж буй. Үүнийг олон жолооч хэлэх болов уу. “Эрдэнэс Монгол” ХХК энэ чиглэлд анхаарал тавьж, хөрөнгө гарган ажиллаж байгаа. Хийгдсэн нийт ажлуудад би хувьдаа дүн тавих боломжгүй шүү дээ. Би биш, бидний хийсэн ажил юм.