Монгол Улсын гадаад валютын улсын нөөц энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 4.9 тэрбум ам.доллар давж, оны эхнээс 38.8 сая ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, тогтвортой хадгалагдлаа. Энэ нь манай орны валютын төлбөртэй импортын хэрэгцээний 5.1 сарын хэрэгцээг хангах түвшин юм хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
Албан нөөц нэмэгдэхэд экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг Монгол Улс руу орж ирэх ам.долларын урсгал сайжирсан нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, экспортын орлого аравдугаар сарын эцэст 13.4 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 800 орчим сая ам.доллараар нэмэгдсэн байна. Нийт экспортын 55 хувь нь чулуун нүүрс, 19.8 хувь зэсийн баяжмал, 6 хувь алтны экспорт бүрдүүлж байна.
Оны эцэст уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспорт үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог Fitch, Moody's зэрэг байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортой В болгон ахиулсан. Улсын зээлжих зэрэглэл сайжирсантай холбоотойгоор арилжааны банкуудын зэрэглэл ч мөн ахиж, олон улсын зах зээлээс хямд эх үүсвэртэй бизнесийн болон ногоон зээл татаж эхлээд байна.
Мөн Монгол Улсын Засгийн гзраас хэрэгжүүлэх том төслүүдтэй холбоотойгоор Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт бий. Оны эцэст гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар давна гэдгийг албан эх сурвалжууд мэдээллээ.