С.Цэрэнчимэд алт, З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдана

оруулсан Алсын Хараа

Албанийн Тирана хотноо болж буй чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-д манай хоёр тамирчин алт, хүрлийн төлөө барилдахаад шалгарчээ.

Тодруулбал, 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт,  Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана. Тэрбээр эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, дараа нь Канадын Борегар Лоренсийг 8:8, улмаар Азербайжаны Колесникийг  9:0-ээр, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1-ээр ялснаар ДАШТ-д алтын төлөө барилдах эрхээ олж авсан юм. 10 жилийн дараа ДАШТ-д гурав дахиа финалдаж буй түүний өрсөлдөгч нь 2015 оны ДАШТ-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт ялагдаж байсан олимп, дэлхийн аварга Рисока Кавай байх юм.

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд зодоглосон үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Тэр Шведийн Тиндра Шеберг, Унгарын Ноэми Сабадос нарыг цэвэр ялсан ч хагас шигшээд Казахстаны Жамиля Бакбергеновад ялагдсан байна.

Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар өнөө шөнө 00:30 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл бичих