Унгар гурав, Казахстан, Азербайжан улс хоёр дахь удаагаа жүдогийн ДАШТ-ийг зохион байгуулна

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2026, 2027 онд ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах орнуудыг зарлав.

Долоо хоногийн өмнө 2027 оны ДАШТ-ийг Казахстан улс эх орондоо хүлээн авахаар болж, санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгвэл өчигдөр 2026 оны ДАШТ-ийг Азербайжаны Баку хотод зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарлалаа. Тус тэмцээнээс эхлэн 2028 оны Лос-Анжелесын олимпыг оноог олгоно. Харин ирэх жилийн ДАШТ Унгарын Будапешт хотод болно.

Дээрх гурван улс гурвуулаа өмнө нь тус тэмцээнийг эх орондоо хүлээн авсан туршлагатай. Тухайлбал, Унгарын Будапешт хотод өмнө нь 2017, 2021 оны ДАШТ болж байлаа. Дээрх хоёр тэмцээнээс Монголын жүдочид найман медаль хүртсэн байдаг. Ялангуяа 2017 онд монголчууд онцгой амжилттай байсан бөгөөд нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн нь Монголын жүдо бөхийн түүхэн дэх дээд амжилт юм. Харин 2021 онд Будапештаас хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг ДАШТ-ий дөрөв медалиа зүүж байв.

Тэгвэл 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулах Азербайжан улс өмнө нь 2018 онд тус тэмцээнийг хүлээн авсан. 2018 оны ДАШТ-ээс хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар медалийн тавцанд зогссон билээ.

Харин Казахстан 2015 оны ДАШТ-ийг хүлээн авч Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир нар дэлхийн медальтан болсон түүхтэй.

Сэтгэгдэл бичих