Д.Батбаяр: Монгол уран бичлэгээр дэлхий бахархах цаг ирнэ

оруулсан Алсын Хараа

2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  "Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнг удахгүй нээнэ. Үүнтэй холбогдуулан каллиграфийн урлагийн өнөөгийн өнгө төрх, цаашдын хөгжлийн талаар зураач, багш, уран бичлэгийн их мастер Д.Батбаяртай ярилцлаа. Түүний яриа бичгийн урлагаар хичээллэгчид, нэн ялангуяа залуу уран бичээчдэд сонирхолтой байх болов уу. 


-Каллиграфи гэдэг нэр томьёог харилцан адилгүй орчуулан хэрэглэж байна. Өвөрлөгчид маань уран бичлэг бичдэг хүнийг уран бичлэгтэн гэж буулгасан байдаг. Каллиграфийг хэрхэн ойлгож болох вэ?

-Грекээс гаралтай үг. Энэ зөвхөн уран бичлэг биш маш өргөн хүрээгээр тайлбарлагддаг. Жишээлбэл, нэг сайхан бичиг хүнд таалагдаж байна гэж бодъё. Яагаад таалагдаж байна вэ? Тэр таалагдаж байгааг нь л каллиграфи гэж хэлээд байгаа юм.

Ерөөс каллиграфийн боловсрол гэж байх ёстой. Мэргэжлийн ангийнханд боловсрол олгох, ном бүтээл гаргах хэрэгтэй байна. Бусад оронд каллиграфийн институт ч байна шүү дээ. Бүр бодлогоор дэмждэг. Гэтэл манайд уран бичлэгийг хэдэн хүн ганц хоёр үг бичиж, түүнийгээ борлуулах төдийхнөөр л сурталчлан таниулж байна. Тиймээс түүнийг хүмүүс өв соёл, эмх цэгц, боловсрол, нарийн нандин зүйл гэж тэр бүр харж чадахгүй байна. Уран бичлэг гэдэг бол үнэндээ нандин урлаг.

-Та Монголд уран бичлэг хөгжсөн түүхийг судалж 2000 онд ном бичсэн. Уран бичлэгийн онол, судлал шүүмжлэлийн хөгжил ямар байна вэ?

-Л.Түдэв гуай “Үнэн” сонины даргаар ажиллаж байх үед би ширээ шиг том цаасан дээр “Уран бичлэгийн түүх” хэмээх ном бичнэ гээд их л зоригтой хэлэхэд надад зөвлөгөө өгч, их ч урам хайрласан. Долоо, найман жил судалсны үр дүнд 260–аад хуудастай ном бичээд үзүүлсэн юм. Тэгэхэд их сайшааж, өмнөх үгийг нь бичиж өгч байлаа.

Намайг ийм ном гаргасан гээд гадна дотнынхон миний номоос эшлэх, урих зэрэг зүйлс их гарах болсон. Тухайлбал, Индианагийн их сургууль намайг урьж үзэсгэлэн гаргуулж байлаа. Тус сургуулийн Дорж багш маань надад хэлэхдээ, “Батбаяр аа, чиний номоос багш нь эш татаж номдоо оруулсан шүү” гэж хэлж билээ. Тэгэхэд би их баярласан. Ийм ерөөл буян бас байдаг юм байна гэж бэлгэшээж билээ.

Бид Монголоо судлах хэрэгтэй, судалснаа гадагшаа сайн түгээх хэрэгтэй санагддаг. Олон зууны түүхтэй монголчуудад монгол бичгээс гадна тамга үсэг, хадны зураг, санаа бичиг гээд их зүйл бий. Монгол бичиг гэдэг бол зөвхөн босоо биччихсэн зүйл биш юм. Одоо бодох нь ээ би, дэлхийг байлдан дагуулж байсан тэр хэл соёл, түүх, сэтгэлгээ, монгол судлалын материалуудыг 17 -18 жил судалсан байна.

-Та өөрөө монгол бичиг, ялангуяа бийрээр урлах эрдмийг хэрхэн сурч байв?

-Би сургуульд ч тэр Дүрслэх Урлагийн сургуульд ч тэр монгол бичиг заалгаагүй. Харин манай аав бүх бичиг баримтаа монгол бичгээр хөтөлдөг санхүүч, эдийн засагч хүн байлаа. 1987 оноос аавын бичсэн юмсыг унших гэж оролдож эхэлсэн. Ингэж анх монгол бичиг сурч байв.

Улаанбаатар  хотын Урчуудын салбарт би хот чимэглэлийн мэргэжлийн зураач нартай хамтраад уриа, лоозон, зураг, чимэглэл захиалгаар хийдэг байсан юм. Тэр үед плакатын үзгээр бичдэг байв. Одоогийнхоор бол хулсан үзэг шиг. Ингээд анх 1991 оны есдүгээр сарын 18-нд “Монгол ном” хэмээх үзэсгэлэн гаргахад “Нэг дусал бэхээр” хэмээх уран бичлэгийн үзэсгэлэнгээ хамтатган гаргаж байв.

-Энэ нь Монголдоо анхны уран бичлэгийн үзэсгэлэн байх, тийм үү?

-Түүнээс өмнө ер нь уран бичлэг гэж яригдаж байгаагүй, үзэсгэлэн ч мөн гарч байгаагүй. Ерээд онд ардчилал гарч, хүмүүс арилжаа наймаа гэж явсан үед би, “Монголдоо нэг буян хийх хэрэгтэй, юу хийх хэрэгтэй вэ” хэмээн бодоод ерөөсөө л бичиг үсгээ сурталчлан таниулъя, хөгжүүлье хэмээн зорьж тэрхүү үзэсгэлэнгээ дэлгэсэн юм.

Дүрслэх урлагийн сургуульд бол үсгийн урлаг буюу шрифтийн урлаг гэж заадаг. Түүнээс улбаалаад түүнийгээ хөгжүүлээд, гадна дотнын дэлхийн хэмжээний бүтээл сэлтийг хараад өөрийн улсын үсэг бичгийг ч хөгжүүлж болох юм байна гэж зориглосон нь тэр л дээ.

-Харин гадаадын ямар ямар оронд үзэсгэлэн гаргаж байв?

-МУИС дээр монголч эрдэмтдийн хурал болоод тэр үеэр мөн үзэсгэлэн дэлгэсэн юм. Тэр үзэсгэлэнг Төвөдийн нэг эрдэмтэн үзчихээд Японы нэг алдартай эрдэмтэнтэй холбогдсон юм билээ. Тэгээд 1993 онд тэр алдартай эрдэмтнээс надад урилга ирсэн. Ингээд би Японы Киото хотод үзэсгэлэн гаргаж байлаа. Тэр үед миний орчуулагчаар Чой.Лувсанжав багш явсан юм. Ингээд Монголдоо болон гадаадад үзэсгэлэн гаргаад уран бичлэгийг таниулж эхлээд удаагүй байтал Ш.Чоймаа багш намайг тоож бас нэг санал тавьсан. МҮОНРТ-ийнхэн 1995 онд Ш.Чоймаа багшийн монгол бичгийн хичээлийг дахин сайжруулж бичлэг хийе гэсэн юм билээ. Тэгэхэд нь багш надад хамтарч ажиллах санал тавьсан юм. Тэр хичээлд миний самбар дээр монгол бичгээр бичиж байгаа гар л гардаг юм. Багшдаа тусалъя, монгол бичгээ ч түгээн дэлгэрүүлье гэсэн зорилготой байсан л даа.

-Та Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-гийн өвөөр бүртгүүлэхэд хүчин зүтгэсэн гол хүн. Чухам түүнээс хойш монгол уран бичлэгийг “Яаралтай хамгаалах” үүргийг манай улс 2013 оноос хүлээсэн гэж хэлж болно. Түүнээс хойш уран бичлэгийг хөгжүүлэх, хамгаалах ажлыг ямар хэмжээнд хэрэгжүүлж байна гэж үздэг вэ, цаашид хэрхэх нь зүйтэй вэ?

-Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн тухайд бол Монголын ЮНЕСКО-гийн үндэсний холбооноос надад албан бичиг хүлээлгэж өгөх санал тавьсан юм. Ингээд бид 2010 оноос 3 жил бүртгүүлэх гэж ажиллаад 2013 оны 12 сарын 3–нд албан ёсоор монгол уран бичлэг гэх нэрээр бүртгүүлсэн.

Хамгаалж хөгжүүлэхийн хувьд, үүнийг Монголын хувь заяа, боловсрол, соёл гэж хүлээж авах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар хамтарч ажилладаг байх ёстой гэж боддог.

"Мөнх тэнгэрийн бичиг -2023" үзэсгэлэнгийн бүтээлээс

-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн талаарх таны сэтгэгдэл...?

-Ийм төрлийн уралдаанууд олон байх нь мэдээж хэрэгтэй. Олон ангиллаар шалгаж шалгаруулж байгаа нь ч сайн хэрэг. Гэхдээ улам чанаржуулах хэрэгтэй байна.

Уран бүтээлчид бүтээлээ хийхдээ өнгөцхөн хандах биш бүтээлдээ ур ухаан, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй л дээ. Бүтээлийнхээ агуулгыг өөрөө ойлгож, бусдад түүнийгээ тод харуулахын тулд бодож боловсруулах хэрэгтэй. Уралдаануудыг шүүхэд нэг хүндрэлтэй асуудал байдаг нь оролцогчид ойролцоо техникээр, төстэй бүтээлүүд их ирүүлдэг.

Мөн нэг анхаарах зүйл бол тамгаа зөв, зохимжтой хэрэглэж сурах хэрэгтэй байна. Бүтээлдээ тохирсон харьцаатай тамга хэрэглэх, харьцааг анхаарч тамгаа дарах нь уран бичлэгт их чухал байдаг. Мөн шрифтийн боловсрол буюу үсгийн боловсролоо дээшлүүлбэл каллиграфийн урлаг ч дагаад улам ч чанаржина, сонирхолтой болж сэргэн хөгжинө.

-Монгол бичгийн бийрийн урлагийг хүүхэд залууст хэдий наснаас нь эзэмшүүлэх нь оновчтой вэ. Зарим хүн үзгээрээ ч сайн бичиж сураагүй байхдаа бийр сонирхож байх юм...

- Ер нь хүүхдийн нурууны яс бэхэжсэн үе буюу хоёр, гуравдугаар ангиас л бичиж эхэлсэн нь дээр. Гэхдээ сургалт, заах арга бол маш нарийн зүйл. Кириллийн ч уран бичлэг гэж байна. Манайхаас зарим нэг хүн оролдож байна. Аль ч улсын үсгийг бичиж болно. Гэхдээ сайн л сурах хэрэгтэй.

-Үндэсний монгол бичиг маань монголчуудын уугуул бичгээрээ гүйцэтгэх энгийн зүйлээс эхлээд нарийн төвөгтэйг хүртэлх монгол хүний бүх хэрэгцээг хангахад гайхалтай зохицсон бичиг. Уран бичлэг, тухайлахад, үсэн бийр, хулсан үзэгт энэ нь хэрхэн батлагдаж нотлогддог вэ?

-Эрт үедээ манайхан хулсаараа бичиж байсан. Хулсаар бичихээр их цэвэрхэн, хэвлэсэн юм шиг бичих боловч гараас удаан гардаг. 15, 16 дугаар зууны үед бийрээр бичиж эхэлсэн. Одоо манай архивд хадгалагдаж байгаа ихэнх бичиг баримт бийрээр бичсэн байдаг.

-Хулсан үзгийн урлаг маш хүчтэй гарч ирлээ. Үсэн бийрийн бичлэг ч хоцрогдоогүй. Энэ хоёр төрлийг хэрхэн авч явбал зохих вэ?

-Адилхан авч явах хэрэгтэй. Ер нь бол, баруун зүүн гар, арга билиг л гэсэн үг. Бийрээр бичихэд бол маш нарийн мэдрэмж шаарддаг. Бийр сайтай байж л гоё сайхан бичнэ дээ. Хулсаар бичихийн тухайд бол дарж бичих учраас арай бага мэдрэмж шаардана.

Хулсаар бичих, бийрээр бичих бол баруун, зүүн гар, арга билиг хоёр л гэсэн үг. Чадвартай хүн бол аль алиныг нь авч явж чадна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна даа?

-Миний тухай 1990 оноос хойш хүмүүс нэлээн их юм бичиж л дээ. Тэдгээрийг уншиж баярлаж явдаг юм. Миний тухай бичсэн 36 хүний бүтээлийг эмхэтгэчихсэн байгаа. Тэр номоо би дэлхийн 36 янзын бичгээр чимэглэхээр төлөвлөсөн. Бид дэлхийн бичиг үсгээр бахархдаг. Монголын үсгээр ч дэлхий бахархаж уран бичих цаг ирнэ гэдэгт би огтхонч эргэлздэггүй ээ.

"Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс

Сэтгэгдэл бичих