Торгууд гүнж Лхамжав

оруулсан Алсын Хараа

“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Торгууд гүнж Ж.Лхамжавыг урилаа. “Би таныг хэзээ ч мартахгүй ээ гэж хэлэх бяцхан хүүхдийн үг хэмжээлшгүй их хайрыг мэдрүүлсэн” хэмээн уйлж суугаа тэрээр "Элбэрэлт ээж" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч билээ. Хүүхэдтэй ажилласан хүн сэтгэл хөдлөлгүй байна гэж үгүй юм даа гэснээр бидний ярилцлага эхэлсэн юм.

...Чингис хааны удам Чой ноёны эрх танхил ганц охин гүнж Бадам, нутгийн тайж Баадайн өргөмөл ганц хүү Равдантай ханилан нийлсэн ч залуу насны гэнэн зан, буруу хүмүүсийн үгээр амьдралаасаа хагацаж, Хятадын харгис цагдаагийн албаны дарга Ли Инчийн явуулгаар Цагаан байшингийн хүүхэн болж, хүргэгдэн ирсэн ахуйд Францын цэргийн жанжин, хятадын зөвлөх Бордье ноёнтон түүнийг эрэн олж, өөрийн нутаг руу авч явна. Бадам бусдын үгээр үг хийж, эцэг эхээ өөд болсон, нөхөр Равдан нь хятадын цэрэгт дайчлагдан, улмаар амь үрэгдсэн гэдэгт итгэж, өдий олон жил хүний нутагт амьдарснаа нэхэн санахад уйтай.

...Булган голоос гарч, өмнө зүг Хятадын хилийн чигт нүүдэллэн явж, тэнд очоод хятадын цэргүүдэд хамаг мал хөрөнгийг хураалган, эрчүүд лам нар нь цэрэгт татагдан, элдэв зовлон бэрхшээлийг туулан, Хаян тэргүүт ард олноо гэсэн нөхдийн хүчээр нутагтаа эргэн ирцгээдэг тухай зохиолч Д.Гармаагийн “Харуул Алтай” романд гарна.

ЁНГРУНДОРЖ ТАЙЖИЙН ГАНЦ ОХИН

сонин mn

Нагац ах Жамбаа нь жаазтай бурханы араас аавынх нь зургийг гаргаж өгсөн гэдэг. 

Вангийн торгуудын найм дахь үеийн жүн ван Мишигдорж “Вангийн чуулган тамгатай” таван сумыг захирч байв. Ардын хувьсгалын эхэн үед Намжаа ноён захирч байсан гурван сумын ард иргэдийг дагуулан дүрвэж одоогийн БНХАУ-ын нутаг Өргөн хоо, Шоолонхүү, Саньтай, Жимсайр, Даачаанд нутагладаг байжээ. Тэд Монголын Засгийн газраас явуулсан бодлогыг дагаж Булган нутагтаа эргэн ирж суурьшсан гэдэг. Торгуудуудыг шинэ, хуучин гэж хуваасан байдаг бөгөөд шинэ нь газар газар тараан байрлуулсан аж. “Миний удам судар тэмцэгч байсан талаар түүх судлаачид бичсэн байдаг юм. Миний төрсөн өвөө Мишигдорж удмынхаа тав дахь үеийн ноён юм болов уу даа. Дээд удам минь Ижил мөрөн рүү нүүснээр миний талынхан хорлогдоод байсан тухай ээж минь хааяахан хэлдэг байсан.

Аавын минь ах Гачин гэгээн гэж бий. Тэр хүний нэр гэхдээ тодорхой биш. Нутгийн ахмадууд Соломдаш гэх юм билээ” гэхдээ цаг наашилж миний удмын талаарх мэдээлэл бүдэг бадаг гарч ирэх болсон юм шүү дээ хэмээн бидэнд хуучиллаа.

Торгууд түмний их нүүдэлд дарагдсан Мишигдорж вангийн отгон хүү Ёнгрундорж тайжийн ганц охин Ж.Лхамжав сэтгэлийн шаналал үгүй өссөн нь түүний өсгөсөн аав П.Жавын хайр энэрэл, төрүүлсэн ээж Ш.Янжмаагийн холч ухааных байсан хэмээн санадаг гэж суугаа Ж.Лхамжав өдгөө 83 настай. Тэрээр Ховд аймгийн Булган сум Дашваанжил, Алаг толгойгоор ихэвчлэн нутагладаг байснаа дурсав. Боловсролын байгууллагад 30 гаруй жил тасралтгүй ажиллаж гавьяаны амралтдаа гарсан түүнийг Монголдоо амьдарч буй торгуудын сүүлчийн гүнж хэмээдэг. Ж.Лхамжав ээжийнхээ төрсөн эцэг Ширэндэвийн гар дээр өссөн гэхэд хилсдэхгүй. Түүнийг Булган гол дагуулан хүн болгосон нь түүний малчин өвөөгийн ачлал аж. Магсарын Ширэндэв мал ихтэй, гүйлгээ ухаантайн дээр ноёны шинжээч байсан тухай түүний ээж хуучилдаг байжээ.

Торгууд гүнж мэндэлсэн түүх содон. Түүний ээж Ш.Янжмааг ноёныд амьдруулах болсон гэдэг. Янжмаа бодохдоо “Би учир мэдэхгүй. Ноёны гэрийн ажилд тус дэм болох ёстой гэж бодсон ч тусдаа гэрт төдийлөн ажилд оролцохгүй амьдарч байсан” талаараа охиндоо хожим ярьжээ.

Эрт цагийн хүмүүсийн ухаанаар хүүдээ хань болох бүсгүйг өөрт ойрхон байлгадаг байсан юмдаг уу даа гэж Ж.Лхамжав ярив. Ингэж л Мишигдорж ван отгон хүүдээ хань болгохоор шийдсэн нь тэр аж. Өвлийн адаг сарын битүүнд Ёнгуу тайжийнх охинтой болсон нь Лхамжав байв. Түүнийг гурван настай байхад 1944 оны мичин жил вангийн торгуудууд нутагтаа ирсэн гэдэн. “Би сайн санадаггүй юм. Ээж минь хойноос хасагууд хөөгөөд буу, шийдэм болж байсан тухай ярьдаг. Надад бүдэг, бадагхан дурсамж бий, бий” гэж суугаа Ж.Лхамжав гуайд өргөсөн аавынх нь ээж данхтай бор цай, гамбир дөхүүлж өгдөг байсан тухай хуучлав. Ээж минь намайг их л нуудаг байсан гэж санадаг. Ямартай ч модон дунд ээжтэйгээ хамт хүнд харагдахааргүй газарт хорогдож байсан юмдаг. Бид хоёр хасагуудаас нуугдаж байсан юм уу, тэр үеийн төр засгаас нууж байсан уу гэдгийг ялгаж мэдэхгүй. Бүр сүүлд 1958 онд сургуульд сурч байх үед нь ангийн хүү Хөхөө “Чиний ээж ноёны хатан, чи ноёны охин гэлүү” хэмээн ёжлонгуй асуух, шоолохын зуурт хэлэхэд нь гайхасхийгээд өнгөрч байснаа ярив. Тэр цаг ноёны охин байна гэдэг ял зэм хийсэн аятай ад шоо үзэгддэг байсан аж. Хачирхалтай нь ангийн хүүхдүүд нь гайхаж сониучирхсан нь үгүйг одоо хэрнээ бодсоор яваа гэдгээ хэлэв. “Уг нь нэг нь тэр “айхтар мэдээг” хэлж байхад хүүхдүүд дор бүрнээ л шаагилдах учиртайсан гэж одоо ч бодогдоод байдаг юм” гэв. Учрыг нь олох санаатай өсгөсөн аавдаа хэлжээ. Гэтэл нь аав нь “Тийм юм гэж юу байхав” гээд духыг нь үнэрлээд өнгөрсөн ч ангийн багштай нь уулзаад явсны дараа дахиж хэн ч түүнийг “ноёны охин” гэж хэлээгүй юм гэдэг.

“ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ БОЛОХГҮЙ ЭЭ”

сонин mn

Нутагтаа долдугаар анги дүүргэсэн жижигхэн охин нэрээ голж ээждээ гомдоллосон удаа бий. “Лхамжав гэдэг нэртэй эрэгтэй ч хүүхэд алга, эмэгтэй ч байхгүй. Зарим хүүхэд намайг Ламжав гээд байх юм” гэхэд нь түүний ээж Янжмаа “Ламжав бишээ Лхамжав охин минь. Чамайг төрдөг жил Хүрээний хамба лам өгсөн юм шүү дээ” гэж учирласан байна. Саяхан бас нэрний учир яригдсан гэдэг. Тэрээр “Та битүүнд төрсөн хүн юмаа гэж зурхайч асууж байна. Тэгснээ та Лхам бурхны нэртэй юм байна. Танд тэгээд лхам бурханыхаа морийг ундаалдаг уу” гэж асуухад нь тотгон дээрээ гурван мөс тавьдаг шүү хүү минь гэж хэлээд инээдэм болсноо бидэнд хуучиллаа.

Ховд аймгийн Булган сумын анхны сэхээтэн Дүрэв ахыгаа бараадан нийслэлд Багшийн сургуульд суралцахаар иржээ. Багш болно гэж бодож ирсэн охиныг сангийн аж ахуй руу явчихаад ирэхэд нь цэцэрлэгийн багшийн ангид хуваарилсан байж. Цэцэрлэг гэж юу байдгийг ч мэдэхгүй Ж.Лхамжав “Би багш болох гэж л ирсэн.

Цэцэрлэгийн багшийн ангид оруулчихаж. Эдийн засагч боллоо хэмээн Дүрвээ ахдаа хэлсэн юм. Ах минь цэцэрлэгийн багш гэдэг суурь боловсрол олгох хамгийн чухал хэсэг нь. Байшингаар төсөөлвөл хундаамыг нь чи цутгаж байна гэсэн үг. Маш чухал мэргэжил. Тэгээд ч аав, ээжид чинь багш болгоно гэчихээд өөр сургуульд явуулахгүй” гэснээр цэцэрлэгийн багш болсон түүх түүнийх. Энэ тухайгаа “Ховд аймгийн намын хороонд байсан Дүрвээ ахыг хот руу шилжихэд нь гэр ачсан машины тэвшин дээр хамт ирсэн юм. Хотод таних мэдэх айлгүй учраас тэднийд сууж байлаа. Тэгээд “Нутгийн хүн таараад санхүүгийн сургуульд оруулж өгье гэх юм” гэтэл Дүрвээ ах “Адилхан л багш. Чи багшийн сургуульд орно гэж ирсэн багшийн сургууль л байна. Цэцэрлэгийн багш хүүхдийг хүн болох суурийг тавьдаг буянтай ажил. Хуваарилсан сургуульд нь ор” гэснээр миний ажил амьдралын суурь тавигдсан юм даа” гэж Ж.Лхамжав гуай ярив.

Хөдөөний охин хотын соёлд дасаагүй байхдаа хоёр давхар сургууль дотроо төөрч явсан нь одоо ч түүний дурсамжид тодоос тод гэрэлтэнэ. “Би чамд нэг онигоотой юм ярьж өгье. Би Багшийн сургуульд шалгалт өгдөг өглөө олон хүүхдүүдийн дунд хавчуулагдаад шатаар дээш өгсөөд гарчихсан юм билээ.

Яагаад гэвэл, шалгалтаа түрүүлж дуусгачихаад ганцаараа гараад явах гэтэл хоёр давхараас бууж чадахгүй байсан минь санаанаас гардаггүй юм” гээд баахан хөхрөлдөв. Сургуулийн үйлчлэгч хажуугаар нь өнгөрсөн ч нэрэлхээд асууж чадалгүй эргэлдэх годгор охинд “Чи төөрчихсөн юм биш үү дээ. Наашаа яваад үүгээр буу” гэж замчилсан нь хэзээ ч мартагдахгүй тодхон, гэгээлэг дурсамж нь. Ингэж л цэцэрлэгийн багш болсон Торгууд гүнж өдгөө ч цэцэрлэг ажиллуулсаар. Боловсролын салбарт тасралтгүй 30 жил ажилласан ээждээ дунд хүү Н.Энхбат нь цэцэрлэг барьж өгчээ. Гэхдээ гэр хорооллын дунд стандартад нийцсэн, сургалтын чанар сайтай, тохь тухтай орчинд хүүхдүүдийг сургах боломжийг бүрдүүлжээ. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг нь дунд охин Н.Энхтуул нь авч явдаг байна. Энэ жил 10 жилийн ой тохиож буй “Элбэрэлт ээж” цэцэрлэг өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийж бяцхан шавь нар нь “Таныг хэзээ ч мартахгүй” гэж хэлээд сэтгэлийг нь хөдөлгөсөн нь тэр аж.

ТӨРСӨН УДМЫН БИЕЛГЭЭ БУЮУ ӨСГӨСӨН ААВ

Ёнгуу тайжийн эцэг Мишигдорж ван тун чиг дэвшилтэт үзэлтэй хүн байсныг ном сударт тэмдэглэгдсэн тухай Ж.Лхамжав ярив. Урлаг судлаачид “Ховдын хязгаарт Мичин ван хэмээх Мижиддоржийн биелгээ бүжгийн сургууль, дуут бий биелгээ, жүжиглэсэн тоглолтууд нь театр урлагийн төрөл хэлбэрүүдийг агуулсан, хөгжим, дуу бүжиг, уран хэллэг, тайз, хувцас зэрэг бүхий л төрөл багтсан байдаг” гэж үздэг. Тухайн он цагт үнэхээр дэвшилт үзэлтэй язгууртан байжээ. Торгуудын алдарт бийч М.Пүрэвжал, өөрийн хүү Жавын дуулж, биелэх унаган авьяасыг мэдэрч вангийн сургуульд 10 орчим настай байхад нь оруулж, уран бичээч, гайхам бийч, дууч, туульч Дашийн шавь болгожээ. Чухам энэ үеэс л бяцхан хүүгийн авьяас задарч, ноёны бийчээр тодрон өргөмжлүүлж энд тэнд залагдан биелж, дуулж, хуурдах болсон гэдэг. Ёнгуу тайжийн охин атлаа Жав хэмээх овогтойн тайлбар энд өгүүлэгдэнэ. П.Жав нийтлэлийн баатар Лхамжавын ээжтэй дэр нэгтгэснээр тэрээр зургаан дүүтэй болсон гэдэг. Язгууртан удамтай охиныг халхавчилж өсгөх П.Жавт амар байгаагүй гэдгийг хожмоо ухаарсан тухай Лхамжав гуай хуучиллаа. Өсгөсөн аав минь өмнө нь амьдралтай байгаад нэг охинтой байсан юм.

Би аавтайгаа учирсныгаа хувь заяаны бэлэг гэж боддог. Би дээр хэлсэн дээ. Ангийн хүү “ноёны охин” гэж шоолох тэр цаг хугацаа хатуу байсныг санадаг юм. Хэдийгээр 1930-аад оны их хэлмэгдүүлэлт холдсон ч нийгмийн тогтолцоо нь язгууртан угсааг таашаадаггүй байсан юм шүү дээ

Нутгаа зорьсон нүүдлийн үед гуравхан настай байсан торгууд гүнж тухайн үеийн нийгмийн харилцаанд гуниг, харуусал тээж амьдарсан нь угсаа, гарвалаа нуухаас аргагүйд хүргэсэн гэдэг. Түүний язгуур, гарлын тухай яриа гарах төдийд л өсгөсөн аав П.Жав тас цохидог байсан тухай Лхамжав гуай хуучлав. Дүрсгүй хүүгийн хэлсэн үгийг аав нь үгүйсгэсэн ч түүнд айдас болон үлдсэнийг хэн ч анзаараагүй байна. Насанд хүрч амьдралд хөл тавихдаа ч, ажил албан тушаал хашиж байхдаа ч намд элсээгүй гэдэг. “Намд элсэх одоогийнхтой адилгүй. Маш нарийн нягталж шалгадаг байсан болохоор ноёны удам гэдэг мэдэгдвэл феодал, нийгмийн дайсан гэдэг маань гараад ирнэ гэдгээс эмээдэг учраас л элсэж байгаа юм” гэхдээ урт санаа алдах нь тэр. Хожмоо намд элсэж батлах авсан хэдий ч бага залуудаа цээж тэнэгэр, сэтгэл тэнүүн байсан нь үгүй гэж байлаа. Хэдийгээр чадлынхаа хэрээр нууж байсан ч Булган сумын хууччуул Ж.Лхамжавыг вангийн ач охин болохыг мэддэг байжээ гэж бодож суугаагаа тэрээр хэлэв. Өсгөсөн өвөө М.Пүрэвжал бий биелэхээс гадна тун чиг гарын дүй, сэтгэлийн уртай нэгэн байж.

Ач охиноо дэргэдээ суулгаад модон авдар, сандлаас эхлээд янз бүрийн эдлэл, урлангаа ярилцах дуртай. Нэг удаа авдар хээлж суухдаа нүдний шилээ аван, домботой цайнаас аягалаад, сахлаа имрэнгээ ач охиноо нухацтай хараад “Өвгөн ноёныхоо хишгийг бишгүй л хүртэж мөр бүтэн, гэдэс цатгалан явна даа” гэсэн гэдэг.

Тэрхэн агшинд “Намын гишүүн хүн, феодал ноёны тухай ярьж болдог л юм байх даа” хэмээн бодож байснаа хуучлав. Ж.Лхамжав гуай “Миний том нагац нэг удаа жаахан халамцуу манайхаар ирлээ. Аав минь хэдэн төгрөгийн өглөгтэй байсан юмдаг. Би мод үүрээд дөнгөж орж иртэл том нагац аавыг маань жаахан доромж үгээр хэлэхийг сонсоод өмөөрч, үүрч ирсэн бургаснаасаа сугалж аваад шавхуурдаж орхив. Гэтэл нагац маань “Чи төрсөн нагацаа шавхуурддаг нь яаж байгаа юм. Жав чиний төрсөн эцэг биш” гэж загнадаг юм байна. Аав уурлаад “Согтуурхах мөрөөрөө согтуурсангүй, миний хүүхдийг юу гэж байгаа юм” гэтэл нагац гэмшсэн бололтой мордоод давхичихсан. Явсаных нь дараа аав минь уйлаад “Миний охин согтуу хүний үгэнд итгэх хэрэггүй. Чи миний л хүүхэд гээд тэврээд үнсэж билээ” холын тэртээх дурсамжаасаа хуваалцав.

ЛАМЫН ХАШААНААС ЭХЭЛСЭН АМЬДРАЛ

сонин mn

Ж.Лхамжав нөхөр Н.Нямсүрэнгийн хамт.

Шилний үйлдвэртэй танилцах үеэр өндөр цагаан залуу нүдэнд нь туссан гэдэг. Час улаан галаар төөнөх пийшингийн дэргэд зогсох залуу түүний харцыг булаахдаа өөрөө ч мөн татагдсан байжээ. Ж.Лхамжавын ханийг Нямын Нямсүрэн гэдэг. БНХАУ-д шилний үйлдвэрийн сургууль төгсөж ирсэн залуу мэргэжлээрээ ажиллаж байсан нь тэр. Архангай аймгийн харъяат залуутай 1963 онд айл гэр болж Монгол Улс Н.Нямсүрэнгийнх гэдэг айлаар өрх нэмжээ. Есөн хүүхдийн ээж, аав болсон тэд эрвийх дэрвийхээрээ ажилласан юм.

Зургаан охин, гурван хүүтэй Лхамжав гуай “Отгон хүү минь Японд ажлаар явж байгаа. Хүү маань ярьдаг юм. Би түргэн ирээрэй, чамайг санаж байна шүү гээд л сууж байна” гэж байлаа.

Нүдэнд туссан залуутайгаа Монголбанкны тэнд явж байгаад таарч гэнэ. “Сайн уу” гээд зулайг нь дарж мэндэлсэн өндөөр залуугийн талаар найзууд нь шалгааж эхэлжээ. “Шилний үйлдвэрт харсан юм” гэхээс өөрийг хэлсэнгүй. Энэ бол тэр хоёрын анхны уулзалт. Түүний дараа Дугараа найзтайгаа Рэнцэн ахынхаасаа гараад иртэл хажуу айлаас нь Нямсүрэн гарч таарав. “Чи Рэнцэн гуайнд байдаг юмуу” гэж асуухад нь “Үгүй, үгүй. Айлд ирсэн юм гээд” хоёр дахиа таарсан нь тэр. Тэр хоёрын амьдралын эхлэл “лам”-ын хашаанаас эхэлсэн гэж болно. Гандангийн дэнжид хоршооллын хороонд хадам ээжийнхээ хажуугийн шавар амбаарт айл гэр болсон тухай хуучлахдаа нүд нь гэрэлтэж, үе үе инээмсэглэн ярьж байлаа. 2015 оны наймдугаар сард Ховд аймгийн Булган суманд зохион байгуулагдсан “Жангар-1” чуулга уулзалтад оролцжээ. Тэр уулзалтад АНУ-аас Дива хэмээх 82 настай Торгууд гүнж, Австрали улсаас Манцагжав хааны охин 78 настай Сувсаа гүнж нар ирсэн гэдэг.

Уулзалт өргөн дэлгэр болохын зэрэгцээ удам судар, үүх түүхээ нэлээдгүй сонсож Мишигдорж ван, Пүрэвжал өвөөгийн нэр хүндийг сэвтүүлж болохгүй юм шүү гэж өөрийн эрхгүй бодсон. Тиймээс үр хүүхдүүд, ач зээдээ муу амьдрах эрхгүй, муу үйл хийж болохгүй, удмынхаа нэрийг өндөрт өргөж явах учиртайг захиж байна даа гэв.

Ж.Лхамжав гуайн хувь тавилан замаасаа нэг их гажаагүй байна. Ж.Лхамжав гүнжийн дээд өвөг торгуудын тайш Шэйрэн XVIII зууны дунд үед Манжийн цэрэг Зүүнгарын хаант улсыг байлдан эзлэхэд албат иргэдээ дагуулан Ижил мөрөн рүү зугтан очжээ. Тэнд 10 гаруй жил суусан байдаг. Гэвч хаант Оросын бодлого тэсвэрлэшгүй байсан тул 1771 онд торгуудын ноён Увш, Шэйрэн нар албат иргэдээ авч Алтайг тэмцэн эргэжээ. Орос, Хасаг, Хиргисийн морьт цэргийн хориглолт, дайралттай удаа дараа таарч чөмөг царцам байгалийн хүйтэн, гал ноцом халуунд өндөр уул, усгүй цөлийг үл ажран найман сарын туршид 6000 гаруй км газрыг туулсан аж.

Дуу, хөгжим түүнээс холгүй байсан нь буйдан дээр тавьсан хуучны мандалин хөгжмөөр илэрхийлэгдэж буй гэлтэй. Дээхэн үед мандалинаа бариад л дуулж, бүжиглээд хүүхдүүдээ хүмүүжүүлдэг байлаа гэж байв. Боловсролын салбарт тэр дундаа цэцэрлэгийн багшаар ажилласан он жилүүд түүний амьдралын дийлэнх цаг хугацааг эзэлнэ.

₮Чимээгүй байгаарай гэж хэлэхийн оронд мандалин хөгжмөө тоглоод эхлэхэд л хүүхдүүд юу хийх ёстойгоо мэддэг юм шүү дээ” гэж суугаа Ж.Лхамжав гуай өдгөө ч цэцэрлэгийн шавь нараараа хүрээлүүлсээр сууна. Торгууд гүнж энэ амьдралд хүссэн бүхнээ чин сэтгэлээсээ хийж, хүүхдүүдээ хүний дайтай сургаж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын боловсролын салбарт өөрийн өнгө төрхийг тод томруунаар үлдээжээ.

сонин mn

сонин mn

сонин mn

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих