/Xinhua/. Саран дээр буух Хятадын анхны сансрын нисгэгчийн хувцсыг тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ бямба гарагт танилцуулж, нэр өгөх кампанит ажлыг олон нийтийн дунд эхлүүлжээ.
Саран дээр буухад зориулан зохион бүтээсэн уг хувцас нь цагаан өнгөтэй, улаан судлуудаар чимэглэгдсэн бөгөөд Чунцин хотод орших Хятадын сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалт, судалгааны төвөөс зохион байгуулсан сансрын хувцасны технологийн 3-р форумын үеэр танилцуулсан байна.
CMSA-ын мэдээлснээр, сансрын нисгэгчийн хувцсыг Сарны дулаан орчин, Сарны тоосонцроос хамгаалдаг материалаар хийжээ. Түүнчлэн удирдахад хялбар, олон үйлдэлт нэгдсэн хяналтын самбараас гадна ойрын болон холын зайн зураг авах камер суурилсан байна. Мөн уян, удаан эдэлгээтэй материалаар хийсэн бээлий, хурц гэрлээс хамгаалдаг дуулганы хаалт, таталцлын хүч бага нөхцөлд ажиллахад тохирсон нугас зэргээр тоноглогджээ. Сансрын хувцасны ерөнхий загвар нь хөнгөн бөгөөд Сарны гадаргуу дээр ажиллахад тохиромжтой.
Сансрын нисгэгч Жай Жиган, Ван Япин нар Сарны хувцасны загвар өмсөгчөөр гарчээ. Сарны хувцас өмссөн тэд алхах, тонгойх, бөхийх, өвдөг сөгдөх, шатаар авирах зэрэг янз бүрийн хөдөлгөөнийг хийж үзүүлсэн байна.
Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалт, судалгааны төвийн ажилтан Ли Мэн хэлэхдээ, хөнгөн, авсаархан, маш найдвартай, аюулгүй сарны хувцас бүтээх зорилгоор Саран дээр буух хувцас зохион бүтээх ажлыг 2020 онд эхлүүлсэн гэв. Хувцсыг зохион бүтээх явцад технологийн олон чухал нээлт хийжээ.
Энэ төвийн ажилтан Лю Дунюэ хэлэхдээ, одоогийн байдлаар Хятадын нэг болон хоёрдугаар үеийн "Фэйтиан" хэмээх сансрын хөлгийн гадна талд өмсдөг хувцаснуудыг 17 сансрын нисгэгч 17 удаа задгай сансарт гарахдаа өмссөн нь Хятадын сансрын станцыг барьж, өндөр үр ашигтай ажиллуулах боломжоор хангасан байна.
Жай Жиган бол "Шэнжөү-7" нислэгийн багийн гишүүн бөгөөд задгай сансарт гарсан Хятадын анхны сансрын нисгэгч болж, түүхэнд бичигджээ. Тэрбээр мөн "Шэнжөү-13” хөлгийн багийн гишүүн юм.
Ван Япин бол "Шэнжөү-10", "Шэнжөү-13" нислэгийн багийн гишүүн бөгөөд Хятадын сансрын станцад ажилласан анхны эмэгтэй сансрын нисэгч юм.
Хятад улс 2030 он гэхэд Саран дээр хүн буулгах зорилгоор Сар руу жолоодлогот нислэг үйлдэх хөтөлбөрийн шинэ үе шатыг эхлүүлээд байна. Саран дээр буух сансрын хувцсыг танилцуулснаар сансрын хувцсыг зохион бүтээх дотоодын технологийн хөгжилд томоохон ахиц дэвшил гарч байгааг харууллаа.