Зууны сайхан эмэгтэй 100 нас хүрлээ

оруулсан Алсын Хараа

Баатарын НЯМСҮРЭН

 

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, зууны манлай  Л.Цогзолмаа гуайн 100 насны ойн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт боллоо. Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын урлагийн ажилтын холбоо, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн үр хүүхдүүд хамтран ойн үйл ажиллагааг зохион байгуулсан нь энэ. "Л.Цогзолмаа-100" гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” дурсамж номын нээлт болсон юм. Энэ үеэр Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээлийн замнал эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсаныг онцолъё. Үүнээс гадна “Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээл”, “Л.Цогзолмаагийн Монголын дууны урлагт оруулсан хувь нэмэр”, “Хөгжимчний үйлс-Уран бүтээлийн замналаас”, “Цооцоо-Найруулагч”, “Л.Цогзолмаагийн ардын дууг дуулах арга барил”, “Л.Цогзолмаа-Үндэсний хөгжимт драм, дуурийн урлаг”, “Л.Цогзолмаагийн нэрэмжит Ардын дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын уралдааны ач холбогдол” сэдэвт илтгэлийг урлаг соёлын салбарын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэв.

1999 оны зургаадугаар сарын 29-ны "Зууны мэдээ" сонины нийтлэл.

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин одоогоос 25 жилийн өмнө нэгэн зууныг отголж, нэгэн мянган өндөрлөх үед зууны манлайд шалгарсан хүмүүсийн түүхийг хүргэж байсан билээ. Үүнд тухайн цаг үеийн 20 алдар цуутнуудыг шалгаруулсан. Үүнд Л.Цогзолмаа гуай багтаж байжээ. Тухайн үед та XX зууны Монголын сайхан эмэгтэй боллоо гэсэн баяр мэдээг дуулгахад ихэд хүндэтгэн хүлээж авчээ. Ингэхдээ “Аманд багтахгүй үг байна” хэмээн хүлээж авсан гэдэг.

Л.Цогзолмаа Төв аймгийн Угтаалцайдам сумын Улаанхад хэмээх газар 1924 онд төржээ. Төрсөн цагаасаа хойш амьдралаа тэрээр “Намайг мэндлэх үед аав минь эзгүй байсан. Богд уулын өвөр, Сэргэлэн сумаас отроор нүүж ирж манайхтай саахалт буусан айлын маань н.Лувсанжамц гэж хүн намайг боож авсан гэдэг. 3-6 насны хоёр хүүхэдтэй, дээр нь өвчтэй, бие нь тааруу байсан ээж минь "Энэ хүүхдийг би хүн болгож чадахгүй нь. Та үрээ болгож ав” гээд намайг эх барьж авсан тэр хүнд шууд өгчихсөн юм билээ. Ингэж би Лувсанжамцынх гэдэг айлын охин болсон. Төрүүлсэн ээж нь "Та үрээ болгож ав” гэхэд аав чинь "Юу ч хэлж чадсангүй” гээд чамайг хормойлоод ирсэн хэмээн өргөж авсан н.Долгоржав ээж минь ярьж байсныг бүүр түүрхэн санадаг. Хөөрхий ээж минь намайг төрүүлснээсээ хойш удаагүй, сар гаруйхны дараа насан өөд болсон. Өргөж авсан аав минь маань мэгзэм хэлдэг, орон хийдэд суугаагүй л болохоос номтой хүн байв. Баргийн морь даахааргүй том биетэй. Ганцхан л морь унадаг байсан юм даа. Аав, ээж минь өөрийн гэсэн үр хүүхэдгүй байсан бөгөөд надаас өмнө айлаас нэг хүүхэд өргөж авсан нь Маамаа эгч. Эгч надаас 10 гаруй насаар ах. Зургаан настайд аав минь үлийд бүдэрсэн мориндоо дарагдаж унаад хорвоогоос явчихсан. Ээж ч удаагүй. Аавыг өнгөрснөөс хэдхэн сарын дараа бурхан болж эгч бид хоёр өнчирч үлдсэн дээ” гэж ярьсан нь бий. Тэрээр Маамаа эгч дээрээ 17 нас хүртлээ хүмүүжжээ.

Л.Цогзолмаа гуай багаасаа дуунд дуртай, дуулах сонирхолтой авьяаслаг охин байжээ. “Би жүжигчин болъё, та нар үз” гээд хөшигний араас гарч ирээд олныг баясгадаг байсан нь урлагийн замналыг сонгоход нөлөөлжээ. Ингэж л “Залуучуудын соёлын ордон”-ы хөгжмийн ангид суралцжээ. 1936-1938 онд Улаанбаатар хотод Орос сургууль, 1938-1940 онд Залуучуудын Соёлын төвд хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркийн хөгжимчин, 1944-1957 онд Улсын цирк болон Хөгжимт драмын театрт дуучнаар ажилласан гавьяатай.

Түүний хөгжмийн "А" үсгийг заасан багш нь Солгойбаяр, тухайн үедээ алдартай хөгжимчин байсан ажээ. 1940 онд манай улсын цирк үүсэн байгуулагдах үед театруудаас авьяастай гэсэн хүүхдүүдийг сонгон авахад Л.Цогзолмаа  “Жааз хөгжмийн бүлэг”-т хуваарилагджээ. Тэнд саксафон хөгжим тоглодог болсноор хүсэн хүлээсэн жинхэнэ хөгжимчин болох үүд нь нээгдсэн байна. Циркэд хоёр жил ажиллаад удаагүй байхад ихэнх ажилчдыг Орос руу тоглолтоор явуулжээ. Урлагт дуртай тэрээр анх удаа хилийн дээс алхахдаа учиргүй ихээр баярласан гэдэг. Гэвч түүнийг гэртээ ирэхэд алган дээр нь бөмбөрч, ачлуулж өссөн эгч нь бурхан болсон байжээ. Хэдий харуулж, асруулах хүнгүй ч ажилтай болсон болохоор өөрийгөө авч явж дөнгөв. Хоёр жил наашаа гэсэн таньдаг айлаараа явсны эцэст, өдгөө Төрийн шагналт, зураач Л.Гаваа гуайтай гэр бүл болж, нэг охин төрүүлжээ. Л.Цогзолмаа урлагт хамаг л зүрх сэтгэлээ зориулж гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал халамж тавих нь тун бага. Тиймдээ ч охиноо есөн сартай байхад нь хүнд өвдсөнийг нь мэдэлгүй явсаар, охин нь нартаас буцжээ. Түүнээс хойш хоёр сарын дараа тэдний гэр бүл хоёр тийш болов. Гэсэн ч залуу хүн гутрал гэдгийг үгүйсгэж, амьдралын хатууд сөхрөлгүй зүтгэжээ. Хорвоогийн хослон амьдрах жамаар 1946 онд Намын төв хорооны даргаар ажиллаж байсан Намсрай гуайтай гэр бүл болсон түүхтэй.  Тэд хуримаа шинэ жилийн баяртай давхцуулан хийсэндээ одоо хэр билэгшээдэг юм билээ. Хуримын зочдоор нь Ю.Цэдэнбал, нутгийн найз Ш.Сүрэнжав нар уригдсан бас л сайхан тохиол. Тэд таван хүүхдийн аав, ээж  болж сайхан амьдралыг бүтээсэн. Намсрай гуай 1990 онд бурхан болжээ,  тэд 40 гаруй жил ханилж мартахын аргагүй нандин дурсамжийг бүтээсэн.

Том охин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдыг танихгүй хүн үгүй. Дараагийнх нь "Монгол ньюс" группийн ерөнхийлөгч Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр. Тэрээр урлаг судлаач мэргэжилтэй. Охин Н.Ганчимэг нь төгөлдөр хуурч мэргэжилтэй бөгөөд одоогоор Хөгжим бүжгийн коллежийн сургалт хариуцсан дэд захирлаар ажиллаж буй. Түүний нөхөр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин. Харин ганц хүү Н.Ганхуягийг нь Монгол түмэн дуучин гэдгээр сайн танина. Одоогоор олон улсын харилцааны чиглэлээр ажиллаж байгаа гэнэ. Бага охин Н.Туяа нь кино судлаач мэргэжилтэй. Л.Цогзолмаа гуай өдгөө 10 гаруй ач, зээтэй.

Л.Цогзолмаа “Цогттайж” киноны Дулмаагийн дүрийг бүтээсэн байдаг. Мөн “Миний баясгалан” жүжгийн Дулмаа хэмээх жижигхэн атлаа амьдралдаа онож, алдаж яваа малчин бүсгүй, “Учиртай гурван толгой” дуурийн хайр сэтгэлдээ үнэнч, журамт бүсгүй Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн орчин үеийн ажилч цовоо бүсгүй гээд олон сайхан уран бүтээлээр түмний дунд алдаршсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 184 (7428)

Сэтгэгдэл бичих