Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

оруулсан Алсын Хараа

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл болон нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Улсын хэмжээнд хүнс хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой нийслэл болон 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, тодорхой мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна. Улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийж үзэхэд өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймаг гантай зуссан учраас эрсдэл өндөр гарсан. Ялангуяа Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин маш их байна. Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд зудын эрсдэл их буюу дунджаас дээш байх дүгнэлт гарлаа. Ялангуяа арванхоёр, нэгдүгээр сард өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтэн, ахиу хур тунадас орохоор төлөвтэй байна.

Тиймээс орон нутагт бэлэн байдлыг хангах, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнтэй болгох чиглэлд анхаарна. Цаашид зөвлөмж гаргаж, малчдад дэмжлэг үзүүлэх, зудын эрсдэлийг газар дээр нь дүгнэж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах шуурхай бүлгүүдийг томилж, 21 аймаг, 330 суманд ажиллуулна. Орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан таван бүлэг ажиллаж байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр 65800 гишүүнтэй болжээ. Мөн 6599 анхан шатны хоршоо байгуулж, нийт гишүүдийн 25 хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. 

Зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байна. Энэ ажлыг дан ганц Онцгой байдлын ерөнхий газрын хариуцахгүй. Өнгөрсөн жил 8.4 сая толгой мал хорогдсон. Энэ бол том тоо. Энэ жил 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих