Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Дэлхийн дэвжээнд цойлсон “Монгол хаан”
Одоогоос 26 жилийн тэртээд Монголын театрын тайзнаа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг анхлан үзэгчдийн хүртээл болж байв. Гурван бүлэг зургаан үзэгдэлтэй энэхүү бүтээл Хүннү гүрний их хаан Арчугийн их, бага хоёр хатнаас нуган үр мэндэлж буйгаар эхэлдэг билээ. Хаан төрийн сэнтий өндөр тул Арчуг хаан байх, эцэг байх гэсэн хоёр сонголтын өмнө ирснээр жүжиг цааш өрнөх ажээ...
Ийнхүү Монголын театрын тайзнаа “мэндэлсэн” тус бүтээлийг 10 гаруй жил хав дарсны дараа буюу 2010 онд театрын тайзнаа дахин “төрүүлсэн” түүхтэй. “Тамгагүй төр” жүжиг манай театрт тавигдсанаар Монголын театрын урлагт нэгэн тод гэрэл асаж, алдаа оноо амжилт бүхнийг дагуулсаар энэ цагийн үзэгчидтэй золгоод буй. Харин өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болохдоо “Херо” энтертайментийн захирал, найруулагч Б.Баатарын ур ухаанаас ургаж, “Монгол хаан” нэртэйгээр дахин “төрсөн” юм. Жүжигт 200 гаруй уран бүтээлчид гар бие оролцсон бөгөөд тэд мориор бол цойлон тэмүүлж, дэлхийг дайлаар мордохоор дөрөө жийсэн юм. Монголынхоо театрт 150 гаруй удаа амжилттай тоглосон “Монгол хаан” өнгөрсөн жил олон улсын зах зээлд өрсөлдөж эхэлсэн нь Английн Лондон хотын Колизеум театр байв. Гурван сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд, дэлхийн театрын дэвжээ болсон Англид, англи хэлээр Хүннү гүрний их хааны тухай жүжгээ толилуулна гэдэг өөрөө манай улсын хувьд том амбиц, нэр төрийн хэрэг юм. Лондонгийн хамгийн том театр Колизеум бол уран бүтээлч бүхний хүссэн ч очиж чаддаггүй дэлхийн шилдэг театруудын нэг билээ. Тэнд зөвхөн шилдгүүд л тоглож, шинэ цагийн театрын өнгө төрхийг тодорхойлсноор ирснийг театрын түүхийн шаргал хуудсуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэхүү театрт монгол найруулагчийн бүтээлийг 40 мянга орчим хүн үзсэн гэсэн статистик мэдээлэл бий. Магадгүй хэзээ нэгэн цагт монгол найруулагч тэнд жүжгээ тавьж, Хүннү гүрэн, Монголын түүхийн тухай олон улс чих тавин сонсож, дэлхийн шилдэг урлаг судлаачид монгол жүжгийн тухай шүүмж бичнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Гэхдээ энэ цаг үед монгол уран бүтээлчид, монгол найруулагч чадлаа. Үүний цаана зөвхөн “Херо” энтертаймент, Б.Баатар найруулагч бус олон улсад Монгол Улсын нэр, соёлын дархлаа, дэлхийд монгол үндэстнийг таниулах агуу том ондоошил яригдаж буйг онцлох нь зүйтэй болов уу. “Монгол хан” жүжиг Лондонд нээлтээ хийсний дараагаар Их Британийн хэвлэлүүдээр урлаг судлаачдын шүүмж нийтлэгдэж эхэлсэн. Тус бүтээлийн тухай "The Telegraph" сонинд нийтлэгдсэн Марианка Свэйний шүүмжид “Монголын түүхийн сэдэвтэй энэхүү жүжгийн талаар хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол яригдаж буй хаан нь Чингис биш юм. Орос, Хятадын дундаас ялгарахыг хичээж буй (Хятадад салан тусгаарлах үзлээс болгоомжлон уг жүжгийг хориглосон) жижиг үндэстний зөөлөн хүчээ харуулах энэ оролдлого нь 2000 жилийн өмнөх үйл явдлаар өрнөдөг бол энд тоглох болсон шалтгаан нь саяхны түүхтэй буюу Британи, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбоотой. Хэдийгээр сонирхолтой тайз засал, 70 хүний нүсэр бүрэлдэхүүнтэй ч энэ бүтээл нь үнэхээр уйтгартай байлаа. 1998 онд Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэн уг зохиолд залгамжлагчийн асуудалтай хааныг дүрсэлжээ. Өвөг дээдсийнхээ сүнсийг дуудахаас эхлээд “хөгшин” гэдэг үгийг замбараагүй хэрэглэж байгаа, “сарны туяа тод цацруулсан царайтай” эмэгтэйг хайж буй хаан зэрэг хачин жигтэй үг хэллэгүүдээс үүнийг харж болно. Аллагаар дүүрэн сүүлийн хагас нь маш их эмгэнэл, уй гашууг харуулах ёстой байлаа. Гэвч дүрүүдийн жүжиглэлт үүнийг харуулж чадсангүй. “Hero Baatar”-ийн бүтээл тайзнаа сүрэг шувууд мэт хөдлөх дээлтэй бүжигчдийн аварга том үзүүлбэр дээрээ хамгийн сайн ажиллажээ” хэмээн онцолсон байв. Харин “Theatre Weekly” сайтын үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Грег Сюарт “Энэ жүжиг Шекспирийн зохиолын хэв маягтай тун төстэй. Шекспирийг өөрийг нь ч гайхшируулж мэдэх эмгэнэлт үйл явдал бол үүний жишээ. Жүжгийн үг яриа нь голдуу шүлэглэсэн хэлбэртэй, зүйрлэл ихтэй. Жүжигчид нь түүнийгээ илэрхийлэхдээ маш нухацтай хандана. Тиймээс энэ жүжиг Лондонгийн стандарттай харьцуулахад агуулгын хувьд тийм гүн гүнзгий биш ч гурван цаг үргэлжилнэ. Лондон Колизеум бол Лондонгийн театрын хамгийн том тайзуудын нэг боловч “Монгол хаан” жүжиг энэ театрыг бүрэн дүүргэж чаджээ. Өмнө нь Лондонд ийм зүйл болж байгаагүй гэхэд хилсдэхгүй...” хэмээн бичсэн юм.
Азийн дээд стандарт Сингапурын театрт
Өнөөдөр дэлхийн театрын урлаг эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагаад олон улсын талбарт ч өрсөлдөөн ширүүсээд буй. Харин яг энэхүү эгзэгтэй цаг үед монгол жүжиг дэлхийн театруудад тавигдаж, олон улсын урлаг судлаачдыг шүүмж бичтэл нь анхаарлыг нь татаж байна гэдэг өөрөө том амжилт юм. Мэдээж “Монгол хан” жүжгийн уран бүтээлчдийн хувьд тэд нэгэнт том сэтгэж, том харж эхэлсэн тул ухрах, зогсох шалтгаан байхгүй. Тиймээс ч тэдний дараагийн их нүүдэл ил болжээ. Тэр бол Сингапурын театр билээ. Дэлхийд Монголыг тунхагласан “Монгол хаан” энэ удаад Азийг дайлаар мордохоор зэхэж буй нь тэр юм. Английг дэлхийн театрын урлагийн хамгийн том дэвжээ гэж үздэг бол Сингапурын театрууд бол Азидаа номер нэг ажээ. Олон улсын театр судлаачдын хувьд Азийн хамгийн дээд стандартад нийцсэн театрууд энэ улсад бий хэмээн үздэг юм билээ. Тэнд хүч үзэж, Монголыг тунхаглах “Монгол хан” Ази тивийн аялан тоглолтын нээлтээ ирэх сарын 17-нд эхлүүлэхэд бэлэн болоод байгаа юм. Сингапурын соёлын тэргүүлэх компани "Base Entertainment" “Монгол хаан” жүжгийг Сингапур улсад хамтран продюссерлаж, хөрөнгө оруулахаар тохиролцож, гуравдугаар сарын 19-нд талууд гэрээгээ албан ёсоор үзэглэсэн. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Chantal Prud’homme “Бродвэйн түвшний чанартай Азийн шилдэг бүтээлийг Сингапурт авчрахыг бид удаан хугацаанд мөрөөдсөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Лондонгийн Колизеумд энэхүү гайхалтай жүжгийг үзсэнийхээ дараа энэ бол бидний хайж байсан зүйл мөн гэдгийг шууд ойлгосон” гэж онцолсон юм. Энэ жил Марина Бэй Сэндс цогцолборын Сэндс театр нь "Matilda", "Hamilton", "Miss Saigon", "Монгол хаан" гэсэн дэлхийн театрын дөрвөн томоохон уран бүтээлийг тоглуулахаар сонгожээ. Марина Бэй Сэндс цогцолборт жилд 45 сая хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг юм. Энэхүү цогцолборт анх удаа монгол жүжиг дөрвөн долоо хоногийн турш олон улсын зах зээлийн зарчмаар тоглох юм. Энэ бол гайхамшиг биш гэж үү. Цаашлаад энэхүү жүжгээр дамжуулан Монголын соёл, Монгол Улсын нэр хүнд олон улсад яригдаж, цаг хугацааны уртад “төрөх” дараа дараагийн монгол жүжгүүдэд дэлхийн зах зээлд өрсөлдөх анхны алхам, гүүр нь болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сингапур улсад, тус цогцолборт анх удаа Азийн жүжгийг дөрвөн долоо хоногийн турш толилуулахаар болсон нь жүжгийн өгүүлэмж, илэрхийлэл нь үндэстэн, соёл, шашин шүтлэгээс үл хамааран дэлхийн нийт үзэгчдийн таалалд нийцэхийг илэрхийлж байгаа тухай "Base Entertainment"-ийн захирал ноён Chantal Prud’homme ч удаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон билээ. Ийнхүү ганцхан жилийн хугацаанд олон улсын тавцанд гарч чадсан монгол уран бүтээлчдийн “Монгол хаан” жүжгийн тухай дэлхийн театр судлаачдын шүүмж ч тасрахгүй үргэлжилж байна. Тус бүтээлийг Сингапурт тоглох болсонтой холбоотойгоор “Diplomat” сэтгүүл “Монгол хаан” жүжиг бол Монгол Улсын нэрийн өмнөөс соёлын зөөлөн хүчний бодлого явуулж буйн тод томруун жишээ” гэж онцолжээ. Үүнээс гадна Time, Telegraph, Guardian, CNN зэрэг 40 гаруй хэвлэл “Монгол хаан” жүжгийн талаар нийтлэл бичиж, Broadway world, London review, Art desk зэрэг мэргэжлийн урлагийн шүүмж хэвлэлүүд 4-5 одын үнэлгээ өгсөн байдаг. Театр судлаач Сюзи Мэжюр “Монголын цуутай од, нэрт жүжигчин Г.Эрдэнэбилэгийн гол дүрийг нь бүтээж буй энэ жүжгийн сурталчилгаа нь Монгол улсаа Орос, Хятад хэмээх ихээхэн асуудалтай хоёр хөрш улсынх нь геополитикийн сүүдрээс гаргаж дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Тус жүжиг Хятадад аль хэдийнэ дуулиан дэгдээж амжсан бөгөөд Хятадын бүрэлдэхүүн дэх Өвөрмонголын Хөх хотын захиргаанаас уг жүжгийг толилуулах албан ёсны зөвшөөрлийг өгсөн атлаа есдүгээр сарын 19-ны өдөр цуврал тоглолтыг нээх эцсийн мөчид цуцалсан байна. Эл жүжиг тус улс дахь уугуул монголчуудад салан тусгаарлах үзлийг дэвэргэж болзошгүй гэсэн айдас энэ явдлын цаад шалтгаан байсан бололтой. Гэхдээ “Монгол хаан” жүжиг нь зөөлөн хүчийг хэрэгжүүлж, хүн ам нь Уэльсийнхээс ихгүй боловч нутаг дэвсгэр нь баруун Европын дайны асар уудам Монгол нутаг руугаа жуулчдыг татан дуудах нь дамжиггүй” гэж бичжээ. “Монгол хаан" жүжгийн Сингапур дахь аялан тоглолтын тасалбар энэ оны дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн худалдаанд гарсан. Энэ бол 90 гаруй жилийн түүхтэй Монголын театрын урлагийн түүхэнд хамгийн тод, томруунаар бичигдэх нэгэн шинэ үеийн эхлэл ч байж мэдэх юм.
“Эртний нүүдэлчдийн эзэнт гүрний сүр жавхланг харуулах энэ шоу Монголоос ирсэн”
Дэлхийн хүн ам нийтээрээ сошиал орчин, цахим хэрэглээний давалгаанд өртөж, утсан дотроо, компьютерийн цаана амьдрах шахам болсон энэ үед амьд харилцаа, амьдралтай урлаг хамгийн үнэ цэнтэй билээ. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрд театрт жүжиг үзэж, бодит мэдрэмж авахыг таашаах үзэгчдийн цуваа тасралтгүй нэмэгдэж байна. Манай улсад ч ялгаагүй эцэг эхчүүд хүүхдээ багаас нь Хүүхэлдэйн театртай танилцуулж, үлгэрийн ертөнцөөр аялуулахын ач тусыг мэддэг болсон бол залуучууд ч ялгаагүй хөнгөн хөгжим, хошин урлагаас илүү урлагийн мэргэжлийн байгууллагыг зорьж, театр жүжиг үзэх сонирхолтой болсон. Үүнийг дагаад эцэг театраас өрх тусгаарласан “Орфей”, “Монгол театр”, “PRO” гээд дүү театрууд “төрөхөд” том түлхэц болсон биз ээ. Тэд ч өөрсдийн төрөл жанраар дэлхийн сонгодог болоод Монголынхоо сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгчдийн оюуны цангааг тайлах үйлсдээ ханцуй шамлан ороод буй. Үүнтэй зэрэгцэн Монголын соёл, урлагийн салбартаа “акул”-ын тоонд зүй ёсоор орох “Херо” энтертаймент энэ салбарт хүч түрэн орж ирсэн нь “Монгол хаан” жүжиг билээ. Тус жүжгийг Ази, Европ, Арабын булангийн орнуудад гаргаж, олон улсын аялан тоглолт хийхээр жүжгийн продюссерын баг ажиллаж буй. Энэхүү жүжгийн тухай Theguardian-д “Лондонгийн Колизейд дуучид, бүжигчид, акробатчид, уран нугараачид, жүжигчдийн асар том бүрэлдэхүүнтэй багийн урвалт, эцэг эхийн золиослолын тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөм түүх таныг хором ч уйдаахгүй. Эртний нүүдэлчдийн эзэнт гүрний сүр жавхланг харуулах энэ шоу Монголоос ирсэн. Чингис хааны Төв Азийн хаанчлалаас өмнөх үе буюу 2000-аад жилийн тэртээх үйл явдал хоёр үнэгний бүжиглэлтээр эхэлж, улмаар дуучин, бүжигчин, акробатчин, уран нугарагч, жүжигчдээс бүрдсэн 70 гаруй бүрэлдэхүүнтэй болон өргөжих бөгөөд түүх нь ч сэтгэл хөдөлгөж, нүд баясгана. Энд Бавуугийн Лхагвасүрэнгийн гурван бүлэгт эмгэнэлт зохиолоос сэдэвлэсэн Арчуг хааны тухай зохиомол түүхийг өгүүлнэ. Д.Баярбаатар, Х.Хашхүү нарын бүжиг дэглэлт сэтгэл хөдөлгөм байсан бөгөөд бүжгийн чуулга тайзыг жинхэнэ эзэгнэж чадсан юм. Тэд тулааны талбар, хааны ордныг маш нямбай гаргаж, хамгийн жижиг зүйлс, деталь, үзэгдлийн сэтгэл хөдлөл бүрийг гарын нэгэн хэмнэлт хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргаж байв” хэмээн нийтэлсэн байдаг. Эдгээр олон улсын театрын урлаг судлаач, шүүмжлэгчдийн бичвэрүүдээс харахад монгол уран бүтээл дэлхийн зах зээлд өрсөлдөхөд бэлэн болсныг илтгэж буй хэрэг. Тиймээс ч манай уран бүтээлчид итгэл төгс урагшилсаар байгаа юм. Жүжиг бүхэн зохиолчоос гадна найруулагчийн автороор “мөнхрөх” нь бий. Харин найруулагч Б.Баатарын хувьд “Монгол хаан” жүжгийг тавихаар сэтгэл шулуудсан үеэсээ л дэлхийн зах зээлийг харж, хөдөлсөн нь мэдээж. Түүний хувьд энэ хүрээд зогсохгүй нь. Түүний эхлүүлсэн энэхүү урт холын аяллыг улс төртэй холбох, уран бүтээлийн атаа жөтөө болгох бус урлаг, цаашлаад Монголын соёл урлагийг олон улсад таниулах, театрын урлагт хөрөнгө оруулагчдыг татах, монгол жүжигчдийг дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх гэсэн өнцгөөс харах цаг ирсэн байна. Ийм хэвээр байвал энэ монгол амбиц дахиад л тамын тогоондоо живнэ. Тиймээс “Монгол хаан” жүжиг хаа хүртэл давхихыг харах, ярих биш дэмжиж, ташуурдах ёстой юм. Найруулагч бүхэн уран бүтээлээ дэлхийн урлагийн оргил болсон "Бродвэй"-н театрт тавих мөрөөдлийг тээдэг.
Б.Баатарт найруулагчийн хувьд энэ амбиц байгаа нь эргэлзээгүй. Байх ч ёстой юм. Яагаад гэхээр "Монгол хаан" жүжиг "Бродвэй"-д очвол Б.Баатарын мөрөөдөл биелнэ. Түүний цаана, хамгийн гол нь Монголын театр дэлхийн дэвжээнд гарах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 181 (7425)