Ардын жүжигчин, Төрийн хан хуурч Ч.Батсайхантай ярилцлаа.
-Үндэсний хөгжмийн их найрал ирэх сард Герман Улсын хотуудад тоглохоор бэлтгэл базааж эхэлжээ. Их өргөн бүрэлдэхүүн явах бололтой. Тоглолтынхоо сонин сайхнаас танилцуулахгүй юу?
-Манай Үндэсний хөгжмийн их найрал 1962 онд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн санаачлагаар 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. 2005 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний хөгжмийн их найралыг “Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал” болгож бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж байсан түүхтэй.
Өдгөө манай найрал 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжин, үндэсний болон дэлхийн сонгодог олон арван бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвин үзэгч, сонсогчдын сонорыг мялаасаар байна.
Тэгвэл 2024 онд бид түүхэндээ анх удаагаа Германы томоохон театруудад бүтэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийх эрхийг авлаа. Ирэх сарын 27-нд Нюрнберг хотод, 29-нд Берлинийн Филармони, аравдугаар сарын 30-нд Горлиц хотын театрт тоглохоор бэлтгэл хангаж байна. Мөн бид Франкфурт дахь олон улсын нисэх онгоцны буудал дотор олон нийтэд зориулж тоглоно. Энэхүү тоглолтыг соёлын болоод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэлхийн зон олонд Монгол Улсаа сурталчлах зорилгоор хэрэгжүүлж буй Go Mongolia бодлогыг дэмжиж МИАТ компанитай хамтран зохион байгуулж байна. Энэхүү онгоцны буудал дээрх тоглолтыг манай зохион байгуулагчид нийгмийн сүлжээний дэлхийн олон сувгаар шууд цацах юм.
-Берлинийн Филармони их алдартай гэж сонссон. Тэнд тоглох эрх авахад амаргүй байсан байх?
-Тийм ээ. Берлиний филармони нь 50 жилийн түүхтэй, энэхүү концертын заалыг алдарт австрийн удирдаач Герберт фон Караян бий болоход томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд анх 1955 онд энэ зааланд Бетховены есдүгээр симфонийг Караян удирдаж үүд хаалгаа нээсэн түүхтэй. Түүнээс гадна Берлиний Филармони нь Digital Concert Hall гэдгээрээ дэлхийд хамгийн алдартай онлайн стрийм буюу шууд дамжуулалт хийдэг. Үүний тулд “Sony” компанитай хамтран тайзаа хамгийн шилдэг техникээрээ бүрдүүлсэн юм.
2440 хүний суудалтай Берлиний Филармонийн “А” танхим нь дэлхийн мэргэжлийн хөгжмийн урлагийн хамгийн өндөр босготой, нэг номерын тайз бөгөөд Ази тивээс анх удаа Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал эгшиглэхээр болсон нь түүхэн ач холбогдолтой. Түүнчлэн энэхүү театрын цахим хуудас 1.3 сая дагагчидтай.
Дагагчид нь голдуу мэргэжлийн хөгжмийн салбарынхан болон сонгодог урлаг сонирхогч, өндөр соёл боловсролтой хүмүүс байдаг учраас Үндэсний хөгжмийн их найрал төдийгүй Монгол Улсын хувьд маш том сурталчилгаа болно. Германы бусад театруудын тухайд ч мэргэжлийн урлаг дундаа алдартайд тооцогдоно. Тухайлбал, Нюрнберг хотын анхны концертын танхимд хагас зуун жилийн турш олон улсын хөгжмийн ертөнцийн томоохон төлөөллүүд тоглолтоо хийсээр ирсэн. 2100 гаруй хүний суудалтай Meistersingerhalle- ийн гол танхим нь Герман болон Европын хамгийн том танхимуудын нэг юм билээ. Горлиц театрын барилгын шавыг гэхэд 1850 онд тавьж, 1851 онд ашиглалтад оруулсан. 1923 оноос хойш Горлиц хотод үйл ажиллагаа явуулж байна.
- Тэнд тоглогдох “Монголын сайхан орон” тоглолтын онцлог гол утга санаа нь юу байх вэ?
- Бид дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээс тоглоно. Мөн Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлнэ. Манай тоглолтод уртын дуучин Г.Энхбаатар, дуурийн дуучин Д.Отгонжаргал нар оролцох юм. Мэдээж монголынхоо хөгжмийн урлагийг дэлхий дахинаа сурталчилах ач холбогдолтой тоглолт болно. Цаашлаад Монголын байгалийн өвөрмөц тогтоц, эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн байгаль эхийн шүтэн барилдлагатай өв соёл, бусад үндэстнээс ялгарах онцлогийг таниулж Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ том тоглолтын эрхийг олж авах хамт олны маань хүсэлт, санаачилгыг дэмжиж буй Герман дахь Монгол улсын элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Үндэсний Урлагийн Их Театрын удирдлагууд, ялангуяа Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин танд хамт олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин