У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх ямар шаардлага үүсэв

оруулсан Алсын Хараа

Эрх мэдлээ хэтрүүлсээр байнгын хардах өнцөгт орсон Ерөнхийлөгч, ҮХЦ

Улсдаа өөрийгөө ер нь "Хаан"хэмээн битүү утгаар зарлачхаад байгаа У.Хүрэлсүхийг олон нийт нь ч, хэвлэл мэдээлэл нь ч эрх хэмжээгээ дахин яаж томруулах нь уу гэдэг өнцгөөр байнгын хардаж харах болжээ.

Тухайлахад, ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар энэ баасан гариг |2026.05.08|-т, Ерөнхийлөгчийн тухай хуульд бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан нь Үндсэн хуулин дахь " зургаан жил" гэдэг агуулгатай зөрж, зөрчил үүсгэж байна гэсэн маргааныг хянан хэлэлцэх гэж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хуулиа Үндсэн хуультайгаа нийцүүлэх гэж байгаа хэрэг.

Уг процессыг У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлээ давуулах боломж хайж, цонх гаргаж байна гэдгээр олон нийт болоод сэтгүүлчид ихээхэн хардаж хүлээж авлаа.

Зөрүүлээд, ҮХЦ-ээс мэдэгдэл гаргахдаа товчхондоо "Ерөнхийлөгчийн тухай хуулийн зөрчил арилгахад дунд суудлын хуралдаан чиглэнэ"гэж онцолжээ. Энд дахиад л ҮХЦ гэж 9 хүний бүрэлдэхүүн улс төрчдийн захиалгаар ажилласаар, эцэстээ нэг хуралдааны зар гаргасан ч үл итгэх олон нийтийн шүүлтэд ордог болчихсныг харж болно.

Ганцхан кэйс дурдахад, ҮХЦ 2021 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд У.Хүрэлсүхэд зориулж, Ерөнхийлөгчийн хуульд алх цохиж байв. Харин тэр маргааныг нь мэдүүлж явсан хуульч О.Мөнхсайхан эдүгээ шагналаа авч, ҮХЦ-ийн гишүүнээр заларчхаад буй. Энэ мэт өрнөлийг олон нийт анзаардаггүй юм шиг атлаа ёс зүйн хэм хэмжүүртээ шүүж харсаар байдаг билээ.

2021 оны наймдугаар сард О.Амгаланбаатар У.Хүрэлсүхийг "Ерөнхийлөгчөөр дахин ажиллаарай" гэж ерөөж байжээ

У.Хүрэлсүх 2021 оны зургадугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сонирхолтой нь, ердөө хоёр сарын дараа 2021 оны наймдугаар сард Говь-Алтайн Сутай хайрханы тахилгад онгоцоор очих үед нь одоогийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар буурал зүсмийн морь бэлэглэнгээ "Ерөнхийлөгчөөр сунгагдан ажиллах" ерөөл өргөж байсан гэдэг. Гэтэл бүр 2019 онд буюу 2021 оноос тоолоход хоёр жилийн өмнө нь ЗУРГААН ЖИЛ ажиллах Ерөнхийлөгчтэй байна гэдгээ Үндсэн хуулиндаа суулгасан байв.

2021 оны наймдугаар сар | Сутай хайрханы тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, одоогийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар

Тэгэхээр У.Хүрэлсүх дахин сунгагдаж ажиллах хүслээ хөшигний ард 2021 оны зургадугаар сард Ерөнхийлөгч болоод л илэрхийлж эхэлсэн болж таардаг. Ойрын жилүүдэд л хөлбөрч, хөглөрөөд байгаа сэдэв энэ биш юм.

Г.Занданшатар ч, С.Бямбацогт ч Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлаар хөшигний ард "Хүк уурлана" гэж тайлбарлаад, ихээхэн эмээж ханддаг байв. Харин сул амтай О.Амгаланбаатар нь Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж 2025 онд "Могой жилд хаанаа дахин сунгая" гэж гуйсан болж таардаг.

Мэдээж Үндсэн хуулиар оролдож байж л У.Хүрэлсүх дахин нэр дэвших боломж бүрдэх тул ҮХЦ-ийн гишүүдийн томилгоонд Ерөнхийлөгчийн инстутиц ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Хөшигний ард Үндсэн хууль дахь "...Ерөнхийлөгчид ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно" гэх зохицуулалтыг авч хаяхаар иргэний гомдол гаргах операцыг бэлдсээр нь байв. Гэсэн ч ая эв таараагүй ээ.

Нөгөө талд Үндэсний их баяр наадмаар дараалан Бутан, Японы хааныг урьсан монголд төрт улс үүссэнээс хойших нэг хүн төвт засаглалын явцыг нь сануулах, сэрээх гэсэн далд мессеж байсан гэж харах бүрэн үндэслэлтэй. Парламент нь бүр нэг балраад ирэхээр ард нийтийн санал асуулга явуулах хэлбэрийг Я.Содбаатараар дамжуулан, намын дүү нартаа тулгасан ч гэгддэг.

У.Хүрэлсүх "Би дахин зургаан жилээр сонгогдохгүй" гэж хэлсэн. Тэгэхээр ҮХЦ дээр дөрвөн жилийн маргаан гараад ирэнгүүт нь түүний энэ олон ил далд драматургыг үзэж харсан хүмүүс "Хүүе, У.Хүрэлсүх юу хийх гэж байна" гээд шууд хардах өнцөг үүсчхэж байгаа юм. Нэгт, У.Хүрэлсүхийн сунгагдан ажиллах хүсэлт шинэ биш, бүр суудалдаа сууснаасаа хойш өрсөн логиктой. Хоёрт, тэр зургаан жилээр сунгагдахгүй л гэж дуугарсан.

Ном журмаараа өрнөх ёстой байсан процесс хаана алдагдсан бэ

Үндсэн хууль өөрчлөгдлөө бол дагах хуулиуд засагдаад явах учиртай. Яагаад 2019 онд хийгдсэн Ерөнхийлөгчийн тухай заалтыг Ерөнхийлөгчийн хуулинд засаагүй вэ.

Хариулт нь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хүртэл МАН-ынхан зориуд засаагүй. Яагаад гэвэл "Зургаан жил" гэдэг агуулгыг засахаар Х.Баттулга хоёр жил сунаж ажиллахаар байв.

Үүнийг эрх баригчид хүсээгүй. Харин түүнийг явуулахын тулд дахин нэр дэвших боломжийг нь ҮХЦ дээр сонгууль болохоос сарын өмнө өөрчлөөд, Ерөнхийлөгчийн тухай хуулиа ҮХЦ-ийн дүгнэлтэд нийцүүлэн засахдаа парламент ердөө долоон минут л зарцуулсан түүхтэй. Харин долоон жилийн дараа ийм эгзэгтэй цагаар Ерөнхийлөгчийн хуулийг дахин засах шаардлагыг Үндсэн хуулиар үүсгэхээр ҮХЦ хуралдах нь ээ.

ҮХЦ дээрх энэ маргааныг дагуулаад ч ямар ч хачрыг хуулийн зөрчлийн тайлбараар хавсаргаж болох эрсдэлтэй. Ерөнхийлөгчийн хуулийг одоогийн хүчтэй байгаа тал өөрчлөх шаардлага үүссэн учраас л долоон жил унтсан заалтаар ҮХЦ-д маргаан үүсгэлээ гэж хардах бүрэн үндэслэлтэй.

ҮХЦ дээр дөрвөн жил, зургаан жилийг яаж дэнслэх, адаглаад ямар процесс өрнөж мэдэхийг хэрсүү уншигчид анзаараад байгаарай. Хэзээд ч улс төрчдөд бүү итгэ, өрнөлийг яаж залж байгааг анзаарч сурцгаая.

Ж.Мядагбадам

/Eguur.mn/

Сэтгэгдэл бичих