Н.Эрдэнэхүү: Урьд нь бид мунхаглалын өмнө бууж өгч иргэдийнхээ амь насыг алдсан. Одоо бол үгүй

оруулсан Алсын Хараа

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн шалтгаант өвчлөл,
урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалттай холбоотой хэвлэлийн бага хурлыг Эрүүл
Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа. Тодруулбал энэ оны сүүлээр ХПВ-ийн эсрэг дөрвөн цент вакциныг Монгол улсын 11 настай хүүхдүүдэд хийх талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ярьсан.
Тэгвэл үүнтэй холбоотой зарим иргэний сошиал орчинд тараасан худал ташаа мэдээлэлд хариу өгөх зорилгоор  Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн захирал Н.Эрдэнэхүү дараах хариултыг өглөө.

Сэтгүүлч: Нэг эмэгтэй өөрийнхөө фэйсбүүк хуудсаар “ХПВ-ийн дархлаажуулалтын вакцин
хүүхдийг үхэлд хүргэдэг. Үр хөндөлт хийлгэсэн хүүхдийн эсээс гаргаж авдаг" зэргээр мэдээлэл
дамжуулж байна. Олон нийтийн дургүйцлийг хүргэсэн нөхцөл байдал үүсээд байгаад тайлбар
хэлнэ үү?
Н.Эрдэнэхүү: Энэ хүмүүс яагаад юм ойлгодоггүй юм бэ. Уучлаарай, хүн ардаа элдвээр хэлж
байгаа юм биш. Хүүхэд эхээс төрөнгүүтээ гепатитын B вакцин хийлгэдэг шүү дээ. Хүн болгон баярлаад энэ
вакцинаа хийлгэе гэдэг. Яагаад гэвэл ирээдүйд шарлах, элэгний хавдраар өвчлөх зэрэг
эрсдэлээс сэргийлж вакцинаа хийлгэдэг.
Өнөөдөр гепатитын B-гээ хийлгэсэн хүмүүс энх тунх явж байна. Гэтэл яагаад Хүний Папиллома
Вирусийн вакциныг гараад ирэхээр эсэргүүцэж байна вэ. Вакцин гэдэг ганцхан л механизмтай. Өвчнийг үүсгэхгүйн тулд "Гаднаас өвчин үүсгэгч биед ороод ирвэл барьж устгаарай" гээд дархлааны эсүүдийг бэлдэж байгаа хэрэг.
Таны дархлааны эс байнгын "харуулд" зогсож байгаа гэсэн үг. Ингэж харуулд зогсож байхдаа ХПВ эсвэл бусад ямар нэгэн вирус биед орвол тухайн вирусийг таниад барьж устгах үүргийг бий болгож, хүний эсийг эрчимжүүлж байгаа явдал.
Дархлаа сайтай хүн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бүх хүнд ийм дархлаа бий юу? Үгүй. Ийм ч учраас дэлхийд вакциныг бүтээсний үндсэнд салхин цэцэг, сахуу зэрэг маш олон өвчнийг эдгээж чадсан. Хар тахал, цагаан тахалд 300-500 саяараа нас барсан тохиолдол бий. Тэр бүхнийг дэлхий яаж даван гарсан бэ?, Европ яаж тэмцсэн юм бэ? гэхээр ВАКЦИНЫ ХҮЧ-ээр л гарсан.
Өнөөдөр бидний мэддэгээс илүүг мэддэг хүмүүс ингэж хэлж байгаа бол хүлээн зөвшөөрнө. Ямар нотолгоо судалгаа байна вэ харна. Харин ийм зүйл байхгүй байж олон нийтийг уруу татаж байгаа бол дараагийн асуудал.
2012 онд яг ийм мунхаглалаас болж ЭМЯ ялагдаад 10 жилийн хугацаанд олон эмэгтэйчүүдээ умайн хүзүүний хавдар, умайн хүзүүний урьтал өвчин, шархлаанаас болж алдсан. Өнгөрсөн жил гэхэд 49 наснаас дээш 300 гаруй эмэгтэй зөвхөн умайн хүзүүний хавдраар нас барлаа. Харин 30-49 насны хооронд 100 гаруй эмэгтэй нас барсан байгаа юм.

Ингэж нас барахгүй байх боломж байсан уу? гэвэл ТИЙМ. Бид вакцинаа 10 жилийн өмнө хийсэн бол энэ өвчнөөс иргэдийнхээ амийг аварч болох байлаа.
Өнөөдөр дураараа ярьж байгаа хүмүүс ямар нотолгоонд суурилж байна вэ? Ямар мэргэжилтэй хүн бэ, эрдэмтэн хүн, эмч хүн мөн үү? гэдгийг нягтлах ёстой. Одоо шинжлэх ухаанч үндэслэлтэй ярих цаг нь болсон. Урьд нь бид мунхаглалын өмнө бууж өгч байсан, одоо бол бууж өгөх боломжгүй.

Сэтгэгдэл бичих