С.Батбаатар: Шударга нийгмийг бий болгох гээд байгаа бол хэвлэлд улам нээлттэй болох ёстой

оруулсан Алсын Хараа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Сэтгүүлзүйн салбарынхан шагнал урамшуулал, эрхийн зөрчил зэрэг олон сэдэв, үйл явдал дунд өнгөрүүллээ. Энэ салбарт мөр зэрэгцэн зүтгэж яваа хүн бүрт хамаатай учир эрхийн тухай ярихаас гадна үүргийн талаарх ойлголтууд орхигдсонгүй. Ганцхан сэтгүүлчийн эрх, эрх чөлөөний ойлголт биш нийт иргэдийн мэдэх эрх, эрх чөлөөний тухай ярьж, онцолж, олон нийтийн анхаарлын төвд байлгах учиртай өдөр гэдгийг манай салбарынхан ойлгодог болжээ. Хэдхэн жилийн өмнө цэцэг навчин дунд, хамт олны баяр болоод дуусдаг байсан өрөөсгөл жишиг халагдаж байгаа нь нэг талаасаа том дэвшил болсныг зөвтгөж болно.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Яг энэ өдөр, энэ цаг үед хэний үг үнэ цэнтэй байх вэ гэдэг асуултын эрэлд гарч эцэст нь сэдэв, ярилцагч зочноо ч түүртэлгүй олсон юм. “Өнөөдөр” сонины С.Батбаатар гэдэг нэрийг дуулаагүй хүн бараг үгүй. Энэ хүн л өдрөөс өдөрт гундсаар байгаа өдөр тутмын сонины өнгөрсөн ба ирээдүйг ярьж чадах гарцаагүй зөв сонголт гэдэгтээ бат итгэв. Тиймээс салбарын эрхэмтэй холбогдохоос надад цааргалах зүйл байсангүй. Өмнө нь телевизийн сэтгүүлчийн хувиар олонтаа уулзаж байсан намайг мэдээллийн сайтад нийтлэгдэх ярилцлага авья гэж санал тавихад хүлээн авах эсэх нь эргэлзээтэй санагдсан ч түүний өрөөний хаалгыг татахаас эмээсэнгүй.  Гэтэл хэсэгтээ түмэн бодолд оруулж амжсан эргэлзээг минь арилгаж “Ах нь ханиад хүрчихээд халуураад байх шиг байна. Маргааш хүрээд ирэх үү” гэж хэлсэн нь Монголын өдөр тутмын сонины сүүлийн 30 гаруй жилийн түүхийг бичилцсэн эрхэм, өнөөгийн Сэтгүүлзүйн салбарын ноён нуруу, нүүр царай болж хүндлэгдсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Батбаатар ахтай нүүр тулан ярилцах, сэтгэлийн гүнд нь бага ч атугай нэвтэрч, зовнил, баярыг нь хуваалцах боломж шинээр нээгдсэн юм. Бидний ярилцлага Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Төрийн ордон дахь ажлын өрөөнд нь өрнөлөө.

-Та намайг төрж байхад сэтгүүлчээр анх ажиллаж эхлэж байсан юм билээ. Тэгэхээр сэтгүүлзүйн салбарын халуун ам бүлд та 35 жил болсон байна. Энэ салбарт өнгөрүүлсэн таны он жилүүд өдөр тутмын сонин, сүүлийн жилүүдэд төр хэвлэлийн дунд гүүр болох ажлыг гүйцэтгэж байна. Салбар дотор  ажиллаж байхад бидний өмнө тулгамдсан асуудал нэг өнгөтэй.  Гадна талаас нь харахад бидний алдаа, оноо илүү тод харагдаж байгаа байх.  Сошлын олон төрлийн үүсвэрийн давалгаан дунд бид хэрхэн ажиллаж байгаа гэж хардаг вэ. Тэр дундаа сонин? 

-Монгол Улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 1990 оны эхэн үеэс тэмдэгдэж эхэлсэн нь монголд чөлөөт хэвлэл үүдээ нээх тогтолцоо бий болж эхэлсэнтэй холбогддог. Манай ахмад сэтгүүлч Ц.Дашдондов гуай Монголд анх чөлөөт хэвлэлийн талаар ярьж, Олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож байсан үе л дээ.

Энэ салбарт туулсан он жилүүд минь өдөр тутмын сонинтой холбоотой. Тиймээс би сонины тухай ярих нь илүү оновчтой байх болов уу. Дэлхий нийтэд хэвлэл мэдээлэл үүссэн он цаг нь сонины үүсэл хөгжилтэй шууд холбогддог. “Цагтаа цалгина” гэдэг шиг хэвлэл мэдээллийн байгууллагын туг нь сонин байсан гэж хэлэхэд маргах хүн гарахгүй. Цагийн юм цагтаа гэдэг дээ. Цаг үе өөрчлөгддөг, улс орны хөгжлийн чиг баримжаа хүртэл өөр болдог. Нийгмээ даган хүмүүсийн мэдээлэл авах сүлжээ зөвхөн сониноор хэмжигдэхээ больж, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хөгжлөө даган өөрчлөгдөж байна.

Нийгмийг соён гэгээрүүлэгч тул сэтгүүлчид үйл явдлын өмнө явах ёстой гэдэг байсан тэр цаг үеийн сэтгүүлч нь би юм. Энэ буруу биш. Сүүлийн үед сэтгүүлч заавал соён гэгээрүүлэгч байх албагүй гэж үздэг нэг хэсэг бий болсон. Намайг сэтгүүлчээр ажиллаж эхлэж байхад сэтгүүлч нийгмийг соён гэгээрүүлэгч байх ёстой. Буруу хазгайг хамгийн түрүүнд олж хардаг байх ёстой. Нэг ёсондоо луужин болж аль нь буруу, аль нь зөв бэ гэдгийг олон нийтэд хүргэдэг мэргэжлийн алба сэтгүүлчийнх гэдэг байлаа. Миний хувьд аль аль нь мөн гэж боддог юм. Сэтгүүлзүйн гал тогоонд 35 дахь жилдээ ажиллаж байна.  Өнөө цагт мэдээллийн үүрэг улам илүү өргөн болж эхэлсэн. Мэдээллийн үүрэг чухал болсонтой холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллага, салбар, сэтгүүлзүй, нийгмийн сүлжээ гэдэг ч юмуу олон давалгаа гарч ирсэн. Энэ давалгаанд сэтгүүлчид, хэвлэлийнхэн хэрхэн амьдрах, тэсч үлдэх вэ гэдэгт толгойгоо ажиллуулах цаг болсон. Сонины тухайд том байр сууриа сошлд алдчихлаа.

-Сонинууд байр сууриа алдах болсон шалтгаан нь мэдээллийн хурдаас болж байна уу?  

-Тийм. Гэхдээ үүнийг буруутгах аргагүй. Өнөөгийн нийгмийн хөгжлөө дагасан онцлогуудын нэг нь мэдээллийн хурд болсон. Энэ хурдыг дагаж хэвлэл мэдээлэл хурдтай байхгүй ард нь үлдэнэ, хоцорно. Иргэдийн мэдээлэл авах, мэдээлэл хүргэж байгаа байдал нь асар их хурдаар өрнөж байна. Гэтэл сонинууд хоногтоо нэг гарч, уншигч өглөө л тэндээс мэдээлэл авах болдог. Цахим сайт, сошл сүлжээнийхэн цаг минут тутамд мэдээлэл түгээж хурдтай ажиллаж байгаа үед сонины зах зээлд цаашид хэрхэн оршин тогтнож, ямар дүрмээр тоглох вэ гэдгээ шинээр тодорхойлохоос өөр замгүй.

Нэг талаасаа мэдээллийн хурд яригдаж байгаа ч сонинд өөрийн давуу тал бий. Жишээлбэл, ямар ч цаг үед баримт болон хадгалагдан үлддэг. Энэ цагийн залуус сониныг хэрхэн хүлээн авч, яаж ойлгож байгааг сайн мэдэхгүй байна. Сонин өөрийн гэсэн бүтэцтэй, түүгээрээ дамжуулан хүний оюун санаанд нөлөөлдөг хэрэгсэл. Жишээ нь, 1988 онд Өнөөдөр сонинд Намбарын Энхбаяр гуайн ярилцлага гарч байсан гэхэд тэр сонины баруун дээд буланд гурав билүү тавдугаар нүүрэнд байсан гэдэг төсөөлөл бидэнд байж л байдаг. Тэр байтугай гарчиг нь нүдэнд харагддаг байхгүй юу. Компьютерт тийм бүтэц байхгүй.

Нуулгүй хэлэхэд, өнөөдөр ажиллаж байгаа сэтгүүлчдийн бүтээлийн хэл найруулга тааруу, зөв бичих дүрмийн алдаа асар их болсон. Энэ нь хүүхэд, залуус уншдаггүй болсонтой холбоотой. Манайхан Ерөнхий боловсролын сургуулийн сургалттай холбодог нь субьектив шалтгаан нь мөн ч, хамгийн чухал шалтгаан нь уншдаггүй болсон. Цаашлаад үзгээр бичихээ больж, компьютерээр бичиж байна. Үзгээр бичих нь алдаагүй бичих, зөв найруулгын хамгийн чухал тулгуур. Компьютер дээр 2-3 удаа уншчихаад одоо л алдаа байхгүй гээд хэвлээд харахад алдаа байдаг юм. Энэ нэг юм хэлээд байгаа биз. Гэх мэтчилэн сонины давуу талыг янз бүрээр ярьж болно.

_UGA2375.jpg

-Сонины өнөөдрийн байгаа байдлыг харахаар жаахан гунигтай байдаг юм. Хэдхэн жилийн 10 хуруунд багтахгүй сонинууд редакцийн бодлого, нийтлэл, сурвалжилга, ярилцлагуудаараа өрсөлддөг байлаа. Өнөөдөр гарын таван хуруунд багтахтай үгүйтэй сонин тогтвортой ажиллаж байна. Хэвлэгдэж буй сонины хуудасны тоо багасаад унших зүйл хомс харагдах боллоо. Таны хэлдгээр сошл нийгмийн сүлжээний давалгаанд хамгийн хүнд нэрвэгдэж байгаа салбар нь сонин. Үүнийг хөгжлийн нэг үе шат гэж харах уу. Зарим салбарын хүмүүсийн амнаас бүр алга болох нь гэж ярихыг сонсож байлаа?

-Шулуухан хэлэхэд уруудах шат руугаа ороод явж байна. Үүнийг нууж хаагаад байх шаардлагагүй. Би Өнөөдөр сонины бүтээгдэхүүн. Хүлээтэй байсан сэтгүүлзүйг хүлээснээс нь тайлж, чөлөөт сэтгүүлзүйн шанг таталцаж явсан үеийн сэтгүүлч. Далд байсан мэдээлэл ил болж, сонины мандан бадралын эхэн үеийн хүн. Сонин уншигчдын тоо асар хурдацтай өсөж, Өнөөдөр сонин 64 нүүрээр хэвлэгдэж байлаа. Ийм тооны нүүртэй сонин хэвлэхийн тулд нийт нүүрний 50 хувьд нь реклам орох ёстой гэж үздэг байсан. Тэгж байж л цалингаа олж, зардлаа нөхнө. Багадаа 25 нүүр реклам хэвлэгдэж байж 64 нүүр сонин  гаргах жишээтэй. Тухайн үед 64 нүүр сонин гаргах гээд гаргаж байсан юм биш. Реклам тасралтгүй нэмэгдэж байсан учраас эрэлтээ дагана шүү дээ. Одоогийн  Зар сурталчилгааны тухай хуульд сонины гурван нүүр тутамд нэг реклам байж болно гээд заачихсан. Хуулиа дагахаар 64 нүүр сонины гуравны нэг гээд бодохоор 20 гаруй нүүр нь реклам байж болно. 40 нүүр нь нийтлэл байх ёстой гээд заачихсан. Түүнд л нийцүүлж бид 30 гаруй нүүр реклам ирэхэд 64 нүүр сонин гаргах болдог байсан юм. Хуулиа дагаж байгаа нь тэр.

Одоо сонинууд найман нүүрээр гарч байна. Реклам гэхээр зүйл сонинд хэвлэгдэхээ больж, ажлын зар, тендерийн урилга л гарсан байдаг. Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд рекламыг сонин хөгжүүлсэн юм.

Ардын эрх гэж төрийн төв хэвлэл гарч, Төрийн ордонд 1990-1994 он хүртэл дөрвөн жил байрлан үйл ажиллагаа явуулсан. Тэр үед Ц.Балдорж эрхлэгч сонин рекламтай болно гээд бие даасан рекламны хэлтэстэй байгуулсан. Реклам гэдэг зүйл Монголын сэтгүүлзүйд байгаагүй учраас ойлголт их түвэгтэй  байсан цаг үе л дээ. Эхэндээ түлхүүрээ хаяв, барьж явсан цүнхээ хаясан тул олж өгнө үү гэх мэтчилэн үгэн зараас реклам эхэлсэн. Бид найман нүүр сонинынхоо нэг нүүрийг хоосон гаргаж, энэ таны рекламны орон зай гээд хэвлэж байлаа. Социал Демократ намд ажиллаж байсан Золжаргалын Угалз корпорацийн эмблемтэй сонин гаргасан. Гэтэл уншигчдаас бидний хэвлэсэн сонинуудыг дугтуйнд хийж буцаагаад “Бид нар юм унших гэж сонин захиалсан. Хоосон цаас захиалаагүй, уншигчдыг доромжиллоо” гэж  байсан түүхтэй. Тэр л үеэс эхлээд 20-30 нүүр реклам сонинд орж эхэлсэн.

Одоо цаг үеэ дагаад сонин цаашаа хэрхэн явах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Миний хувьд сонин унтраад бүр байхгүй болно гэж боддоггүй. Сонин уншдаг хүмүүс байсаар л байна.  Азийн улс орнуудад цаасан сонин хуучин шигээ биш ч бүр бүдгэрч алга болоогүй байсаар л байгаа.

_UGA2415.jpg

-Цаасан сонин байсаар байгаа улс орнууд байна. Гэхдээ тэдгээр улсад байгаа шиг дэд бүтэц бидэнд байхгүй. Сумын төв дээр сонин захиалсан хүн долоо хоногийн дараа сониноо гар дээрээ авдаг байдал өнөөдөр ч байгаа гэж бодож байна?

-Цаасан сонины хэрэглээ өндөр байгаа улс орнууд бий. Жишээлбэл, Япон, Солонгос, Сингапурыг нэрлэж болно. Нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Уншдаг ард түмэнд цаасан сонин алга болно гэж байхгүй. Өмнөх шигээ захиалгын тоо өндөр байхгүй ч устаж бүр алга болохгүй. Гэхдээ АНУ шиг барууны орнууд шиг өм цөм буураагүй. Яаж амьдрах вэ гэдгээ л сонины сэтгүүлчид сайн бодох ёстой юм.

Миний эмзэглэж байгаа нэг зүйл нь манай сонины сэтгүүлзүй лидергүй болсон. Алив бүхэн лидер дагаж хөгждөг, амьдардаг. Улс төр, эдийн засаг ч ялгаагүй ийм жамтай. Томыг дагаж урагшилдаг. Лидерийн түүх ярьвал 1930-1940 онд Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуайгаас эхлээд нэрлэж болно. Наашаа 1980-1990 оны эхэн үед Лодонгийн Түдэв, чөлөөт зарчимд шилжсэн үед Цэрэндоржийн Балдорж гээд лидерүүд байсан.

Шулуухан хэлэхэд, тэдгээр хүмүүс сонины маргаашийг тодорхойлдог байсан юм. Жишээ нь, дээр ярьсан рекламны тухай асуудал. Телевиз рекламгүй байхад сонинд реклам анх гарч эхэлсэн юм шүү. Одоо тийм өөрөө үлгэрлээд явдаг лидер байхгүй болж. Хаашдаа цаасан сонин “будаа” болох нь дээ гэсэн ойлголтоо жаахан өөрчилж, менежментээ сайн хийж чадахгүй байна.

Телевиз болон сошл суурилсан сайтууд Их хурлын хоёр гишүүн зодолдсон үйл явдал боллоо гэхэд 20-30 секундын дотор хүмүүст хүргэж, мэдээлж чадна. Гэхдээ үүнээс цаашаа явдаггүй л байхгүй юу. Угаасаа үүрэг нь биш. Мэдээллийн урсгал цаг хугацаагаар хэмжигдэж байгаа үед тэд мэдээлж байгаа нь л үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Гэтэл ард нь юу болсон бэ, хэнээс эхлэлтэй вэ, асуудал нь юу байв гэдгийг сонин ухаж л байх ёстой. Тэр л мэдээ маргааш нь сонинд гарч, уншигчдад хүрэх ёстой байхгүй юу. Наад зах нь ийм байж чадвал сонин амьдраад байх боломжтой гэж хардаг.

Иргэд бидний ярьж буй зүйлсийг гар утсан дээрээ цаг алдалгүй авч байна. Сонин яагаад гар утасны хувилбартай болж болохгүй гэж. Зүгээр нэг PDF хувилбартай аргацаагаад ёс төдий яваад байж болохгүй. Нэг ёсондоо сайт, сошлын давуу талыг сонин өөртөө шингээх ёстой. Үүнд л лидерүүдийн хэрэгцээ шаардлага бий болж байна. Алсыг хардаг, зорилгоо зөв төлөвлөдөг, зарим тохиодолд эрсдэл хийх чадвартай лидер энэ цаг үед хэрэгтэй. Зовлон яриад байвал Монголд мундахгүй олон зовлон бий. Чиний хэлдгээр шуудан харилцаа, түгээлтийн систем маш муу хөгжсөн. Гэрээр захиалах тогтолцоо огт байхгүй. Энэ мэтээс эхлээд сонин хэрэггүй боллоо гэсэн хэсэг байна. Сонин гаргаж байгаа хүмүүс нь манай сонин ч явахаа байлаа даа гэсэн гутранги үедээ амьдраад байж болохгүй л дээ.

-Энэ гутранги цаг үе хэр удаан үргэлжлэх юм бол. Санаа зовох л юм?

-Удаан үргэлжлэхгүй байгаасай гэж залбирч байна. Үүнд хүний хүчин зүйл л их нөлөөлнө дөө.

-Нийт салбарын тухай асуулт асууя. Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 20 байр ухарчээ. Энэ хэвлэн нийтлэх эрх чөлөө улам хумигдаж байгаагийн илрэл мөн үү?

-Миний зүгээс хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухрахаас өөр аргагүй гэж харж байна. Хэн засаг барьж байгаагаас хамаардаг. Би хэдийгээр дунд нь сууж байгаа ч нам бус хүн. Чөлөөтэй хэнтэй нь ч хамаагүй ярьж, хэлж, зөвлөдөг юм.  Парламентад нэг нам үнэмлэхүй байх нь зохимжтой биш гэдэг нь харагдаж байна. Ер нь парламент гэдэг чинь олуулаа зөвшилцөж, хэлэлцэх гэдэг утгатай. Олон ухаан уралдаж байж парламент эрүүл байх юм байна гэж энд ажилласан сүүлийн он жилүүдээс харагдаж байгаа юм. Тэгэхээр хэтэрхий үнэмлэхүй олонх байхаар яалт ч үгүй нам бүх юмыг шийддэг болж хувирсан.

Намын бүлэг дээр бүх асуудал яригдана. Тэнд гарсан шийдвэрийг парламент дагах уу, эс дагах уу гэдэг асуудал үүсдэг. Энэ нь хүндээ буруу биш. Ийм байдал нь нэг чигийн урсгал руу хөтөлж, сэтгүүлзүйд ч давхар нөлөөлж эхэлсэн. Сүүлийн таван жилд нийгэм шударга болох тухай ярьж, хэлж байна. Хэрэв үнэхээр шударга нийгмийг бий болгох гээд байгаа бол хэвлэлд улам нээлттэй болох ёстой.  Үүнтэй зэрэгцэн сэтгүүлзүйн чадавхийн асуудал яригдана. Манай зах зээл жижиг. Жижиг зах зээлд олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа нь ирээдүйд хортой. Сэтгүүлч сайн редакцид өсөж бойждог. Гэтэл тийм боломж олдохгүй байна. Гайгүй сэтгүүлчид нь сонин, сайт байгуулаад дарга болоод явчихдаг. Эсрэгээрээ жижиг зах зээлд өрсөлдөөн их учраас тэдгээр сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олигтой өсөж торниж чадахгүй давжаа байна. Нуулгүй хэлэхэд аль болох цөөрөөсэй гэж боддог. Цөөрвөл нэгдүгээрт, зах зээлд амьдрах чадвар нэмэгдэнэ. Хоёрдугаарт, сайн сэтгүүлчид олуулаа нэг дор байна гэдэг нь өрсөлдөөн бий болж өсөж торниж зарим нь хүлээн зөвшөөрөгдөнө. Хариуцлагатай сэтгүүлзүйн талаар бид зөндөө ярьж байгаа. Энэ зүйлс ч үүнтэй холбоотой.

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Эрх чөлөө гээд л ярьдаг. Ямарч эрх чөлөө үүрэгтэй байдаг. Миний нэг эмзэглэдэг зүйл бий. Манай хэвлэлийнхэн ийм үүрэгтэй болохыг өөрсдөө дэмждэггүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль өргөн барьсан. Тэр хуулийг манай сэтгүүлчид эсэргүүцэж байгаад болиулсан юм. Жишээлбэл, уг хуульд эздээ зарладаг байх тухай заасан байсан. Юуг давж гишгэж болохгүй вэ гэдгийг журамласан хууль байх л ёстой юм. Хүний эрх, эрх чөлөөний асуудал, алдар хүндийн асуудал бий. Тэгэхээр сэтгүүлч хүнд давж болохгүй зааг гэж байх л ёстой. Энэ бүхнийг бид өөрсдөө л хийх ёстой юм. Сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй.

-Оролцоотой байх тал дээр таньтай 100 хувь санал нэгдэж байна. Тэр дундаа залуучууд хойш суулгүй үзэл бодлоо илэрхийлэхээс гадна бодитоор оролцдог байх нь зөв гэж би боддог. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр сайтын маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

М.Батхишиг

Сэтгэгдэл бичих