/DW/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональ Трамп, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден нар Цагаан ордонд лхагва гарагт уулзлаа.
Цагаан ордны Зууван танхимд болсон уулзалтын үеэр Жо Байден, Дональд Трамп нар "улс орон болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, үндэсний аюулгүй байдал, дотоод бодлогын чухал асуудлууд"-ыг хэлэлцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байгаа Д.Трампад эрх мэдлийг тайван бөгөөд саадгүй шилжүүлэн өгөхөө амлав. Өдгөө 81 настай Ж.Байден, 78 настай Д.Трамп нар уулзахдаа гар барилцжээ.
"Улс төр бол хүнд хэцүү үйл хэрэг бөгөөд ихэнх тохиолдолд тийм ч таатай ертөнц биш юм. Гэхдээ өнөөдрийн хувьд бол гайхалтай ертөнц, би үнэхээр ойлгон мэдэрч байна" гэж Д.Трамп уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдэгдсэнээр, улстөрчдийн уулзалт хоёр цаг орчим үргэлжилжээ. “Тэд үндэсний аюулгүй байдал, дотоод бодлого, түүнчлэн улс орон болон дэлхийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хэлэлцсэн” гэж тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдөд мэдээлсэн байна.
Ж.Байден: Украиныг дэмжих нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцнэ
Үүний сацуу АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливан мэдээлэхдээ, Ж.Байден Д.Трамптай уулзах үеэрээ, өөрийгөө хамгаалах дайнд Украиныг цаашид дэмжих нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж буйг онцлон тэмдэглэсэн гэжээ. Харин Д.Трамп “The New York Post” сонины сэтгүүлчийн асуултад хариулахдаа уулзалтын үеэр голдуу Ойрх Дорнод дахь цэргийн мөргөлдөөний талаар ярилцсан гэсэн байна.
"Ойрх Дорнодын байдлыг тэрбээр хэрхэн үнэлэн дүгнэж байгааг, энэ талаар түүний юу бодож байгааг би мэдэхийг хүссэн. Тэр миний хүсэж байгаа хариултыг өгсөн, тэр маш илэн далангүй байсан" гэж Д.Трамп хэлжээ.
Өмнө нь Ж.Байден, Д.Трамп нар нэг бус удаа зөрчилдөж байсан юм. Эхний удаад 2020 оны сонгуулийн үеэр, дараа нь 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр тэдний хооронд зөрчилдөөн үүсэж байв. Ж.Байден өрсөлдөгчөө ардчилалд аюултай хүн гэж мэдэгдэж байсан бол Д.Трамп түүнийг Ерөнхийлөгчийн албыг хаших чадваргүй хүн хэмээж байсан юм. Дөрвөн жилийн өмнө Ж.Байден сонгуульд ялсны дараа Зууван танхимд уламжлалт уулзалт болоогүй юм.
Д.Трамп 2017-2021 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашсан билээ. Тэрбээр 2020 оны сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Байдены тангараг өргөх ёслолд оролцоогүй юм.
Д.Трампын гэргий Меланиа АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдентай уулзахаас татгалзсан тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. NYP сонинд эх сурвалжийг эш татан бичсэнээр, Меланиа Трамп 2022 онд Флорида дахь гэр бүлийнх нь эдлэнд нэгжлэг хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг