М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт реформ хийж чадсан гэх бахархалтай суух юмсан

оруулсан Алсын Хараа

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг онцолдог “Трэнд зочин” буландаа бид энэ удаа УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг урилаа. Тэрбээр эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх реформын эрх зүйн орчныг бүрдүүлэх Ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

 

-Эрчим хүчний салбарт реформ хийх асуудлыг төр, засгийн түвшинд эрчимтэй ярьж байна. Та салбарын хүний хувьд үүнийг юу гэж харж байна?

-Эрчим хүчний салбар бол улс орны эдийн засаг, нийгмийн суурь салбар. Эрчим хүчгүйгээр төсөөлж болох зүйл амьдралд нэг ч үгүй гэж хэлж болно. Энэ суурь салбарын маань нөхцөл байдал өнөөдөр их хүндэрсэн, гал алдах дээрээ тулчихсан байна. Иймд шинэчлэл, реформ хийх зайлшгүй шаардлага бий болоод байна. Манай эрчим хүчний салбар 2000-аад оныг яам, эрчим хүчний удирдах газартай, өөрөөр хэлбэл, нэг дарга, нэг инженерийн албатай, түүнд бүхий л шугам, сүлжээ, үйлдвэрүүд нь харьяалагддаг босоо удирдлагатай байсан.

Зөвхөн манай улс ч биш, дэлхийн олон оронд ийм босоо тогтолцоотой байсан. 2000 оны орчмоос дэлхий дахинд эрчим хүчний реформ хийж эхэлсэн. Манай улс ч мөн адил 2001 онд эрчим хүчний тухай хуулиа баталж, 2002 оноос бүтцийн өөрчлөлт хийсэн. Ингэхдээ эрчим хүчийг үйлдвэрлэдэг, дамжуулдаг, түгээдэг системүүдээ салгаж, бие даасан компаниуд болгосон. Ингэж одоогийн ДЦС-3, ДЦС-4, цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээ компаниуд бий болсон.

Мөн эрчим хүчний ашиг, алдагдлыг тооцож үнэ тарифыг тогтоох үүрэгтэй Эрчим хүчний зохицуулах хороог байгуулсан. Эдгээр өөрчлөлтөөр компаниудыг бие даасан үйл ажиллагаатай болгох, хувийн хэвшлийн оролцоог бий болгон, бизнес өрсөлдөөн оруулах, улмаар зах зээлийн харилцаанд шилжүүлэх ёстой байсан. Харамсалтай нь энэ зорилт биелсэнгүй. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Хууль, эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлээгүй, системийн өрөөсгөл, монополь байдал, захиргаадалтын үнэ гээд олон хүчин зүйлийг нэрлэж болно. Тухайлбал, үнэ тарифыг улс төрд сонгогдох хэрэгсэл болгон ашиглаж, үйлдвэрлэж буй өртгөөс нь бага түвшинд барьж ирснийг бид бүгдээрээ ярьж, бичдэг шүү дээ.

-Энэ шинэчлэлийг хийж байх үед эрчим хүчний салбарт өрсөлдөөн оруулж, зах зээлийг харилцаанд шилжүүлэх боломж байсан уу?

-Эрчим хүчний түгээх сүлжээнд жижиглэн худалдаа эрхлэгчдийг оруулж ирэх, улмаар үйлдвэрлэгч талдаа ч олон үйлдвэрлэгчийг бий болгох тооцоотой байсан. Том хүчин чадлын буюу монополь үйлдвэрлэгчийг яваандаа шахаж, жигд чадалтай олон тооны найдвартай жижиг эх үүсвэрүүдийг бий болгохыг зорьж байсан. Мэдээж эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх нь тухайн үед нүсэр ажил байсан. Дээр нь салбарын эрх зүйн зохицуулалт оновчтой бус байснаас болж хувийн хөрөнгө оруулалт хангалттай ороогүй. Харин сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний цөөн тооны эх үүсвэр хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Яагаад олон тооны, жижиг эх үүсвэрүүд хэрэгтэй вэ гэхээр манай улсын эрчим хүчний нийт хэрэглээ өнөөдөр 1500 мегаватт, за ирээдүйд 3000 мегаваттын хэрэгцээ бий боллоо гэж бодъё. Эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай манай улсад эрчим хүчний хэрэглээ тэр хэрээрээ хэлбэлзэж байдаг.

Зундаа хэрэглээ эрс буурна. Ийм үед жижиглэн худалдаачид аль хямд үнэ хэлсэн үйлдвэрлэгчээс хэрэглээндээ тохирох хэмжээгээр эрчим хүч худалдан авч нийлүүлдэг байвал үйлдвэрлэгчид хямд үнээрээ өрсөлдөж эхэлнэ шүү дээ. Манайх шиг улсад нэг үйлдвэрлэгч 300 мегаваттын хүчин чадалтай байхад хангалттай. Гэтэл өнөөдөр манай улсад хэдхэн том үйлдвэрлэгч, түүний дотор хэрэглээний ихэнхийг хангадаг дөрөвдүгээр цахилгаан станц гэх ганц том монополь үйлдвэр байна. Шинээр барьж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 600 мегваттын, Баян сумын станцад 660 мегаваттын хүчин чадал суурилуулж байна. Энэ салбарт хөрөнгө оруулалт ховор байгаа болохоор тэднийг татахын тулд тавьж буй нөхцөлийг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдог. Ингээд бүтээгдэхүүнийг нь тогтмол тарифаар, олон жилийн хугацаагаар худалдаж авахаар гэрээ хийнэ. Энэ тохиолдолд үйлдвэрүүд өрсөлдөөнд орохгүй шүү дээ. Хэрэв өрсөлдөөн байсан бол түгээх сүлжээний жижиглэн худалдаачид үйлдвэрүүдтэй богино хугацаанд бага тарифаар гэрээ хийж, үйлдвэрлэгчид үнэ тарифаараа, бүтээгдэхүүнийхээ чанартай, найдвартай байдлаар өрсөлдөх боломж бүрдэх байсан.

-Цахилгаан, дулааны үнийг нэмэх нь эрчим хүчний реформын нэг хэсэг гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Иргэд ч мөн шинэчлэлээ амжилттай хийхийн тулд үнэ нэмнэ гэж байгаа тохиолдолд татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай байх шиг?

-Зөвхөн эрчим хүч ч биш, ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь хямдаар зарна гэдэг бол гаж зүйл. Ядаж л өртөгт нь хүргэхээс өөр аргагүй нөхцөл байдал энэ салбарт бий болсон байна. Цаашлаад, салбарыг бүхэлд нь үргүй зардал багатай, үр ашигтай, технологийн дэвшлийг нэвтрүүлж бүтээмжтэй ажиллуулах шаардлага чухал болоод байна. Үүний тулд юуны өмнө шинэчлэлт, шилжилтийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын байгууллагуудын засаглалыг сайжруулах ёстой. Түүнчлэн, мега төслүүдээ хэрэгжүүлж эрчим хүчний салбарыг эх үүсвэрийн дутагдлаас гаргах шаардлагатай.

-Та эрчим хүчний хуулиудын шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд судалгаа, шинжилгээ хийж байгаа байх. Одоогийн эрх зүйн орчин ямар байдалтай байна вэ. Бусад улсын жишигт хүргэх боломж байна уу?

-Манай Ажлын хэсэг нарийвчилсан төлөвлөгөөтэйгөөр, маш эрчимтэй ажиллаж байна. Одоо хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилт, түүний нөлөөлөл, үр дагаврын үнэлгээ, тандан судалгаа хийж байна. Салбарын гол хуулиудын зохицуулалт их ерөнхий, зохицуулах ёстой харилцааныхаа гүнд ороогүй учир нарийвчилсан харилцааг арга буюу олон тооны журам, дүрмээр зохицуулахаас аргагүй байдалд хүрсэн байна. Журам, дүрэм бол хууль шиг тогтвортой зүйл биш шүү дээ. Хэн нэг дарга гарч ирээд өөрчилчихдөг. Эсвэл хүчингүй болгочихдог. Үүнээс болоод эрчим хүчний салбар бүхэлдээ тогтворгүй, сул зохицуулалттай, тэр хэрээрээ сахилга бат муутай, зарим харилцаа нь бүр огт эрх зүйн зохицуулалтгүй, ихээхэн эрсдэлтэй болж хувирсан байна.

Тухайлбал, дулааны эрчим хүчний асуудал үндсэндээ хуулийн зохицуулалтын гадна хаягдсан гэж хэлж болохоор байгаа. Маш бүрхэг, ерөнхий зохицуулалттай. Хэрэглэгчийн хэрэглээ болон зардал, төлбөрийн бага бус хувийг дулааны эрчим хүч эзэлдэг байтал түүнийг хэмнэх, тооцох боломжийг иргэдэд олгоогүй. Үнэ өртөг нэмэгдлээ гэхэд хэрэглээгээ тохируулах боломжгүй гээд олон асуудал байна. Манай улсад янз бүрийн журмаар зохицуулж байгаа харилцааг бусад улс орон ихэвчлэн хуулиар зохицуулсан байдаг. Тиймээс эрх зүйн орчин нь харьцангуй тогтвортой байдаг. Бид бусад улсын туршлагыг судалж, тохиромжтой, оновчтойг нь авч хэрэглэх боломжийг судалж байна. Манайтай ижил төвлөрсөн дулаан хангамж бүхий улс орнууд энэ харилцаагаа хуулиар хэрхэн зохицуулж байгааг мөн судалж байна. Үүний дараа хуулийн үзэл баримтлал болон хуулийн төслөө боловсруулж, салбарын оролцогчид, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, олон нийтээс санал авна. Мөн Засгийн газраар хэлэлцүүлж, санал авахаар шат дараатай олон ажлыг хийж байж УИХ-д өргөн мэдүүлнэ.

-УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа. Эрчим хүчний реформ хийнэ гэж байгаа хэрнээ улсын төсөвт зардал санхүүжилт нь туссангүй. Үүнд та их бухимдалтай байх шиг харагдсан?

-Монгол Улсын 2025 оны төсөвт эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх цөөн тооны төсөл, арга хэмжээ төлөвлөж, нийтдээ 200 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа. Гэтэл авто замын салбарт 22 шинэ төсөл хэрэгжүүлэхэд 3.2 их наяд төгрөг зарцуулахаар баталж байна. Эрчим хүчний шинэчлэл хийхээр ярьж байгаа энэ үед анхнаасаа энэ салбарын асуудалд анхаарсан төсвийн төсөл орж ирнэ гэж бодож байсан боловч тийм биш байлаа. Цахилгаан, эрчим хүчний эх үүсвэрийг нэг ч мегаваттаар өргөтгөх төсөл ирэх жилийн төсөвт орж ирээгүй. Ийм нөхцөлд яаж реформ хийх вэ. Сангийн сайд Б.Жавхлан гадны зээлээр хийнэ гэсэн хариулт өгч байна лээ. Гадны хөрөнгө оруулагчдыг татлаа гэхэд эх үүсвэр талдаа л татна шүү дээ. Тэгвэл шугам сүлжээ, тоолуур болон харилцан холболт гээд олон асуудлыг улс өөрөө хөрөнгө гаргаж хийх ёстой байдаг. Цахилгаан, дулаанд холбогдох гэсэн айл өрх, албан байгууллага одоо ч олон байгаа шүү дээ. Бид холбож чадахгүй л байгаа.

Тэр бүхнийг гадаадын зээл, тусламжаар хийдэггүй. Тэгээд ч гадаадын зээл, хөгжлийн албан ёсны тусламжийг авах, энэ ажлыг амжуулж бүтээхэд дор хаяж 3-4 жил шаардагддаг. Жишээлбэл, Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлд 220-ын дамжуулах шугамыг татах зээлийг дөрвөн жил хөөцөлдсөний эцэст одоо л хийхээр болж байна. Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн төсвийн төслийг улам сайжруулахын тулд УИХ хэлэлцдэг. Ингэхдээ улс оронд тулгамдаад байгаа, амин чухал асуудлуудаа шийдвэрлэх эрэлт хэрэгцээ, эрэмбэ дараагаа харгалзаж шийдвэрлэх ёстой. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь төсвийг хэлэлцэх тусгай дэгээр энэ боломжийг үндсэнд нь хаачихсан юм билээ. Зарчмын зөрүүтэй санал гаргаж, асуудлыг албан ёсоор, тодорхой дэвшүүлэн тавих ёстой гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, би эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэвэл өөр аль нэг салбарын, ямар нэгэн зориулалт бүхий төсвийг тухайн асуудлыг эрхэлсэн сайд, дарга нараас гуйж хасуулаад, шилжүүлж тавих замаар шийдүүлэх ёстой болж байгаа юм. Ингэхийн тулд би эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийн үүдийг сахиж, гүйж түүж байж шаардлагатай санхүүжилтээ бүрдүүлэх ёстой болж байгаа юм. Энэ бол УИХ-ын гишүүдийг хүнд байдалд оруулсан зохицуулалт.

-Төсвийн хэлэлцүүлэг УИХ-ын гишүүдээр зогсохгүй иргэд, олон нийтийн санаанд ч нийцээгүйг хүмүүс илэрхийлж байна. Тэгэхээр үүнийг өөрчлөх шаардлагатай гэж олон хүн үзэж байна?

-Өмнөх парламентууд Засгийн газрын боож оруулж ирсэн төсвийн төслийг задлаад, тойрог тойрог руугаа хуваарилуулахаар элдэв төрлийг лобби хийдэг байсан шиг байгаа юм. Үүнээс болоод хэлэлцүүлгийн дэгийг ихээхэн чангатгаж, засаж сайжруулах боломжгүй болгосон байна. Жишээлбэл, би УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэх үед цахилгаанаас үүдэлтэй гал түймэр, ослын талаар анхааруулж, үүнд зориулах санхүүжилтэд анхаарал хандуулах ёстой гэдгийг хэлсэн ч огт авч хэлэлцээгүй. Цахилгааны нам хүчдэл маш аюултай. Хүчдэл бага учир гүйдэл нь маш өндөр байдаг. Тиймээс үхэлд хүргэдэг зүйл шүү дээ. Гэтэл үүнд зориулсан аюулгүй ажиллагаа, урьдчилан сэргийлэх зардлыг төсөвт тусгуулахын тулд өөр нэг салбарынхаас хасуулах, ингэхийн тулд хэн нэгэнтэй дайсагнах ёстой болж байна. Энэ бол маш буруу.

УИХ-ын гишүүдийн цаг заваа зарцуулан байж гаргаж байгаа төсвийг сайжруулах санаануудад огтхон ч ач холбогдол өгсөнгүй. Нэг нь асуусан болж, нөгөө нь хариулсан болж өнгөрч байгаа нь хэлэлцүүлгийг үр дүнгүй, ач холбогдолгүй болгож байгаа нь харагдлаа шүү дээ. Үнэхээр төсвийн төсөл муу байгаа бол бид сайжруулаад цаашаа явах ёстой. Мөн улс орны нэн шаардлагатай байгаа салбар, асуудал, арга хэмжээнд төсвийг чиглүүлж, хэрэгцээ шаардлагаа эрэмбэлж, түүндээ тулгуурлан улсын төсвөө баталж байх хэрэгтэй. Түүнчлэн үр дүнд суурилсан шалгуур үзүүлэлтээр үнэлгээ дүгнэлт өгч, үр дүнгээ өгөх ажил, төсөл, арга хэмжээнд татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулдаг байх шаардлагатай. Ард түмэн хавдрын эмнэлэг, боловсрол, эрчим хүний салбарт анхаараад өгөөч гээд байдаг. Гэтэл үнэхээр ямар ч нэмэргүй байлаа. Энэ удаагийн төсвийн төслөөр яамныхаа төлөө гүйж, харайж чаддаг хүмүүсийн зардал, санхүүжилт л шийдэгдсэн. УИХ-ын гишүүд энэ бүхнийг өөрчлөх, сайжруулах боломж үнэхээр байсангүй. Би үүнийг их гайхаж байна. Дараагийн хэлэлцүүлгээр бид энэ дэгийг өөрчилж, төсвөө сайжруулах боломжтой болгох ёстой.

-Та Австралид эрдмийн зэрэг хамгаалж, эрчим хүчний чиглэлээр ажилласан? 

-Би ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөөд Эрдэнэт, Булганы дамжуулах сүлжээнд горим тооцооны инженерээр ажилласан. Горим тооцооны инженер гэдэг нь эрчим хүчний системийг загварчилж, ямар горим, тохируулгаар ажиллавал энэ систем амжилттай ажиллах вэ гэдгийг тооцож, төлөвлөдөг инженер гэсэн үг. Энэ ажлыг 10 гаруй жил хийж байгаад 2015 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж магистрантурт суралцсан. Их ачаалалтай суралцсан. Тэр хэрээр үр дүнтэй сурсан гэж боддог. Магистрантураа амжилттай дүүргэсэн учраас сургуулиас маань докторантурт сурах тэтгэлэг өгсөн. Дахин дөрвөн жил суралцана гэхээр үнэхээр халширч байснаа нуухгүй. Докторт суралцах тухайгаа би ШУТИС-ийн багш н.Гантөмөртэй зөвлөсөн юм. Түүний хэлсэн үг надад маш гүнзгий нөлөөсөн. Багштайгаа уулзаад би халширч, ядарч байгаагаа хэлтэл багш маань “Энхцэцэг ээ, би чиний багш хэрнээ шавиасаа ийм зүйл гуйж байгаа маань ичмээр байна. Гэсэн ч гуйя, улс орныхоо төлөө гэж ойлгоорой. Тогтворжилт гэдэг сэдвээр чамд тэтгэлэг олдож, чамайг удирдах хүн байгаа бол заавал сур. Энэ сэдвийг судалсан хүн манай улсад байхгүй. Чамайг дагаад Монгол ногоорно” гэсэн. Энэ үгийг сонсоод Монгол Улс намайг томилж байгаа юм байна гэдэг хүсэл эрмэлзэлтэйгээр сурч эхэлсэн. Ядрах, туйлдах үедээ энэ олон оюутан дунд ганцаараа монгол хүн шүү дээ гэж өөрийгөө хурцалдаг байсан. Ингээд “Эрчим хүчний тогтворжилт” гэсэн хүнд сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Эрчим хүчний систем хүнтэй адилхан. Хүний даралт шиг ихсэж, багасдаг. Энэ савлагаа хэт их эсвэл тухайн систем энэ хэлбэлзлийг тэсвэрлэх чадваргүй бол тэг зогсолт болох эрсдэлтэй байдаг. Миний мэргэжил ямар нэг хэлбэлзэл үүсэхэд системийг хэвийн байлгахын тулд сэргээгдэх эрчим хүч, дулааны цахилгаан станц яаж ажиллах ёстой вэ гэдгийг тооцоолж, тогтвортой байдлыг хангадаг. Сургуулиа төгсөөд Австралийн эрчим хүчний зөвлөх компанид ахлах инженерээр ажилласан. Австралийн нэг онцлог нь сайн ажиллаж л байвал цалин хөлс, хангамж, албан тушаал үргэлж өсөж байдаг. Энэ жил Монгол Улсдаа ирж эрчим хүчний салбарт өөрийн хувь нэмрийг оруулах хүндтэй урилгыг хүлээж аваад ирсэн. Австралиас олж авсан туршлага, мэдлэг мөн Монгол Улсынхаа эрчим хүчний салбарт 14 жил ажиллаж, салбарынхаа зовлон жаргалыг мэддэг учраас энэ салбараа хөгжүүлэх юмсан гэсэн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар эргэж ирсэн. Хэдэн жилийн дараа Монгол Улсынхаа эрчим хүчний салбарт реформ хийж чадсан, хууль эрх зүйн орчныг сайжруулсан гэх бахархалтай суух юмсан гэж бодож байна.

-Таны харснаар Австралийн эрчим хүчний салбарын хөгжлийн нууц нь юунд байна?

-Австралийн эрчим хүчний систем маш сайн хөгжсөн. Үүний нууц нь грид код буюу сүлжээний дүрэм юм. Эрчим хүчний системд тавигддаг аюулгүй ажиллагаа, найдвартай байдал, шударга, хүртээмжтэй зарчим гэсэн бүх шаардлагыг тодорхойлсон техникийн үзүүлэлт, оролцоо, нөхцөлийг багтаасан стандартыг грид код гээд байгаа юм. Манай улсад хангалттай их стандарт байдаг ч харамсалтай нь амьдралд хэрэгждэггүй шүү дээ. Одоо бид стандартад ач холбогдол өгөх цаг нь болсон.

-Инженер хүмүүс улс төрд орж ирж байгааг хүмүүс олзуурхаж байна. Улстөрч, инженер байхын ялгаа юу байна?

-Төр, засагт салбар салбарын эрдэмтэд, шинэжлэх ухаанч үзэл хандлагатай, тооцоо судалгаатай, үр дүн гаргаж чадах бүтээмжтэй хүмүүс олноороо орж ирж, улс орныг зөв зам руу нь оруулаасай гэж би хүсдэг байсан. Тэр хүсэл, хүлээлтээрээ МАН-ын урилгыг хүлээж авсан. Одоо УИХ-ын гишүүд биднийг ард түмний хүсэн хүлээж буй үр дүнг гаргаж ажиллах нөхцөлөөр хангаасай гэж бодож байна. Эхний байдлаар ээлжит болон ээлжит бус чуулганаар бүрэн дүүрэн ашиглах тогтолцоо байхгүй байна. Энэ удаа боломжгүй бол дараагийн удаа боломжоор хангаасай гэж хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 221 (7465)

Сэтгэгдэл бичих