Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж
дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүллээ. Түүнийг албан тушаалаа урвуулж бусдаас их хэмжээний хахууль
авсан хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. Түүнтэй хамт ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, мэргэжилтэн
Б.Номинсувд, С.Ундрам нарыг албадан саатуулж, шалгаж байсан ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Д.Мөнхтуяагийн захирамжаар батлан даалтад гаргасан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
ЭМДЕГ-ын албан тушаалтнуудад дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн
оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний эгч, “Гэгээн манал” эмнэлгийн
захирал Т.Анхтуяа нар 100 орчим сая төгрөгийн хахууль өгч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах квот
авсан гэх хэрэгт холбогдоод буй. Хахуульд авсан 100 орчим сая төгрөгийг нь А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж аваад, дээрх хоёр эмнэлэгт
квот олгосон хэмээн буруутгагдсан билээ.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 892 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас
13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлээд байна.