Иргэний үнэмлэх дээрх ил мэдээллийг арилгаж ялтсанд нь суулгана

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх юм байна. Өөрөөр хэлбэл, иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг бичиг баримт дээр ил байгааг далдалж, иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо бүхий иргэний бүртгэлийн дугаарыг ил гаргаж, бусад хувийн мэдээллийг санах ойд нь тусгах аж.

Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан нэр томьёог жигдлэх зорилгоор Иргэний улсын бүртгэлийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Газрын тухай, Галт зэвсгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоолын төслийг боловсруулж, иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар тогтоожээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 23-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл асуулт асууж хариулт авлаа.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, иргэний үнэмлэхийн мэдээллийг нууцлах нь зүйг илэрхийлээд, иргэний үнэмлэхийг шинэчлэхэд хэдий зардал гарах, иргэдэд хүндрэл учрах эсэхийг лавлалаа.  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хууль хэрэгжиж эхэлснээр, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэж буйг онцлоод, иргэний үнэмлэх солих ажилд зардал гарахгүй гэдгийг тэмдэглэлээ. Тэрбээр, "Манай улсад жил бүр 100-120 мянган иргэн шинээр иргэний үнэмлэх авдаг. Мөн дор хаяж 100-120 мянган хүн иргэний үнэмлэхээ хаяж гээсэн үндэслэлээр шинээр авч байна. Тэдгээр хүмүүст олгохдоо хуулийн хэрэгжилтийн дагуу 12 оронтой тоо бүхий дугаарыг иргэний үнэмлэхний дээр ил гаргаж, бусад хувийн мэдээллийг ялтсанд нь суулгана. Өөрөөр хэлбэл, жил бүр 250 мянган хүнд иргэний үнэмлэхний олголт хийгдэнэ гэж үзвэл, 3-4 жилийн дотор шинэчлэх ажил хэрэгжинэ гэсэн тооцоо байна" хэмээв.

Мөн тэрээр, БХБЯ-нд иргэдийн хаягжилтын тухай  анхдагч хуулийн төсөл боловсруулж буйг тодотгоод, энэ хуулиар "задгай" гэх хаягжилтийг цэгцэлж, үл хөдлөх хөрөнгөд суурилсан хэлбэр рүү шилжүүлнэ хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр мөн мэдээлэхдээ, "EMongolia системээр 76 төрлийн цогц үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж байна. Цаашид 122 төрлийн үйлчилгээг нэмэхээр төлөвлөж байгаа. Тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсгийг 16-аас дээш насныханд олгож эхэлнэ. Ингэхдээ тухайн иргэний цахим санамжинд тусгана. Түүнчлэн иргэн бүрт төртэй холбогддог и-мэйл хаяг олгоно. Ингэснээр, тухайн и-мэйл хаягаар цэргийн зарлан, пасспортын хугацаа дууссан зэрэг мэдэгдэл очих болно. 12 оронтой дугаар дээр суурилсан энэхүү и-мэйл хаягийг иргэн гар утсандаа суулгаснаар, бүх мэдээллээ авах боломжтой" хэмээв.

Цаашид 122 үйлчилгээ EMongolia  системд нэвтэрснээр, киоск болон цахимаар үйлчилгээ авах, ингэхдээ тоон гарын үсгээр баталгаажуулах, шуудангаар хүргүүлэн авах зэрэг боломж нээгдэнэ гэдгийг тайлбарлав.

Мөн газрын гэрчилгээ болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэхээ больсон гэдгийг нэмж мэдээлэв. QR код бүхий гэрчилгээгээ цахимаар авах, иргэн хүсвэл үнэт цаасан дээр хэвлүүлж авах боломжтойг хэллээ. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав.

Сэтгэгдэл бичих