ХЭҮК-ийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй хүнийг сонгоно

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай байнгын хорооны тогтоолыг батлав.

УИХ энэ оны нэгдүгээр сард ХЭҮК-ын тухай хуулийг баталсан. Уг хуулиар комиссын үйл ажиллагааг бие даасан, хараат бус явуулах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчныг тодорхойлсон байна. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д “Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална” хэмээн заасны дагуу төслийг боловсруулсан болохыг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Төсөлд комиссын гишүүнийг сонгон шалгаруулах үе шат, зарыг нийтэд мэдээлэх, ажлын баг байгуулах, нэр дэвших хүсэлт гаргах, оролцогчоор бүртгэх, оролцогчийн талаарх мэдээлэл цуглуулах, томилгооны сонсгол зохион байгуулах, гишүүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэв. Мөн сонгон шалгаруулахдаа нэр дэвшигч тус бүрийг ажлын багийн гишүүдэд тохиолдлын журмаар хуваарилан, холбогдох бүх мэдээллийг судлуулах бөгөөд мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулалж, ажлын багийн гишүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм байна.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь комиссын гишүүнд тавих шаардлагыг тодруулав. Комисс таван гишүүнтэй байх бөгөөд гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэдгийг байнгын хорооны дарга дурдлаа.

Тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж батлав. Уг тогтоолтой холбогдуулан “Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх хугацааг тогтоох тухай” тогтоолыг мөн батлав.  Тогтоолд комиссын гишүүнийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг өнөөдрөөс ирэх сарын 15-нд байхаар тусгажээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих