Эсэргүүцэл үгүй бол ямар ч хүч сулардаг, мөхдөг гэхэд болно. Түүн лүгээ өнөөдөр Монголын улс төрд дангаар ноёрхож буй МАН-ыг сөрөх хүчин хэрэгтэй.
Уг нь энэ орон зайд нэг нам байлаа. 1990-ээд оноос хойш бий болсон ардчилсан тодотголтой таван нам нэгдэж, 2000 онд АН-ыг үүсгэж байв. Энэ нам 2012-2016 онд төр барьсан. 2016 онд ялагдсан. Нам унасан. Тэр цагаас хойш боссонгүй. Уналтынх нь эхэн үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль таарч одоогийн Ерөнхийлөгч гарч ирж байв.
Түүнээс хойш дөрвөн жил өнгөрлөө. Энэ хооронд 2020 оны сонгууль тохиов. Дахиад л навс ялагдав. Сая Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АН арайхийж “цагаан санал”-ын дээр гарав.
АН ингэж унаад, өнөөдөр сөрөг хүчний орон зай онгойж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын дээр гарсан ХҮН-ыг энэ орон зайг нөхөх үү гэдгийг ярьж байна.
Тэр нам барахгүй л дээ. Нам нэртэй, гэхдээ хэт хөнгөхөн, шоуны төдий үйл ажиллагаа эрхэлдэг нь олон үйл баримтаар нотлогдсоор ирсэн юм.
Тэгэхээр “таньдаг чөтгөр” АН-аас өөр энэ орон зайг ойрын үед нөхөх нам байхгүй. Үүнийг экспертүүд баталгаатай гээд байгаа юм.
Харамсалтай нь, АН-ынхны өөрсдийнх нь хэрүүл зодоон дараалсан ялагдлуудыг намдаа авчирлаа. Одоо энэ нам байх эсэх нь ч яригдаад эхэллээ.
Ер нь бол АН-ын хуваагдал бол нэр бүхий хэдхэн хүнтэй холбоотой. Нэг хэсэг нь ил гарч тоглодог. Нөгөө хэсэг нь далд байдаг.
Нэгэнт зарлагдсанаар бол экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр АН-ыг хагалсан гэдэг. Нээрэн ч, хоёр АН-ыг энэ хоёр эрхмийн ойрын хүмүүс авчихаад байна. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш АН-аас мөн л хоёр тусдаа мэдэгдэл хийсэн. Нэг нь сонгуулийн дүнг зөвшөөрч, нөгөөх нь “…АН оролцоогүй” гэсэн.
Одоогоор энэ хоёр АН-ыг ажиглавал экс Ерөнхийлөгчийн буюу “С.Эрдэнийн” гэдэг нь харьцангуй цул байгаад байна. Дотроо хөл толгойгоо олчихсон бололтой юм. Харин одоогийн Ерөнхийлөгчийн буюу “Ц.Тувааны” гэж байсан АН нэлээд хөдөлгөөнтэй байна. О.Цогтгэрэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгаас салж тоглоод нутаг нугаа бараадсан сургийг улс төрийн хүрээнд сонгуулиас өмнө ярьж эхэлсэн. Ерөнхийлөгч ч түүний багт найдахаа больж, Ерөнхийлөгчөөс бууж байгаад АН-ыг авахын төлөө өөрөө шууд “ажиллах”-аар болсон гэх мэдээлэл байна.
Энэ хоёр АН-аас гадна “шинэ АН”-ынхан бас гарч ирэх болов. Хэд хоногийн өмнө “Ц.Тувааны АН” хавьд явж байсан И.Мөнхжаргал, О.Алтангэрэл нар хэвлэлийн хурал хийж байна. “…Ах нар, албан тушаалтнууд хол бай” гэв. Хоёр гурван хоногийн өмнө Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар “…100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж намаа аварна” гэж ярилаа. Бас АН-ын хэрүүлд МАН буруутай гэж байх юм.
Эднээс гадна Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нар АН-аа, ардчиллаа яриад явдаг. Энэ бүхнээс “…Аль нь АН вэ” гэдгийг олон нийт ойлгохоо больчихсон. Тэр байтугай АН-ын гишүүд өөрсдөө ч ойлгодоггүй. Ерөөсөө л баахан жоомнууд байшингаа шатаачихаж байгаа юм.
Анх байгуулагдсан нам, дараа нь бий болсон фракцууд гээд тоолох юм бол олон бүлэглэл энд байдаг. Эрх ашиг нь бялууг хэрхэн хуваахаас л хамаарч хангагддаг.
Томхон зүсэм хүртэхийг бодоцгоодог. Хэзээ ч бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй. Нэг нь товойгоод гараад ирвэл дарах гээд дайрчихна. Тэгсэн атлаа сиамын ихэр шиг хувь заяа нь АН гэдэг нэг нэрийн дор явж байдаг. Ингэдэг л нам байсан. Энэ нь явсаар намаа ийм болголоо л доо.
Яг өнөөдрийн байдлыг нь харвал АН-ынхан нэгдэж нийлээд явах шинж алга. Хууль шүүхээр зохицуулах гээд бүр бүтэхгүй. Харин ганц л арга харагдаж байна. АН гэдэг нэрийг нь автомашины дугаарын дуудлага худалдаа шиг юм зохион байгуулж байгаад зарчих. Гэхдээ дуудлага худалдаанд АН-нхныг л оруулах хэрэгтэй. Хэн нэг нь аваг. Мөнгөө оруулчихсан хүн чинь дампууруулна гэж байхгүй. Өөр гарц үнэндээ алга.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин