Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй. Үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежментийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2022.06.09. WPS5-P2. Шугам хоолойн хэт авиан тест хийгдэж байгаа явц
EPC-1төсөл нь бэлтгэл ажил, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гэсэн үндсэн 4 төлөвлөлттэй бөгөөд төслийн нийт явц 63%-ийн гүйцэтгэлтэй байна.
Үүнд:
- Түүхий ус хадгалах сав-85%,
- Оффис, сургалтын төв-51%,
- Хоолны газар-84%, Лаборатори-85%,
- Анхны тусламж, эмнэлгийн барилга-80%,
- Агуулах-45%, Нэвтрэх хаалга-1-64%,
- Нэвтрэх хаалга-2-39%,
- Гал унтраах ангийн барилга-52%,
- Засварын цех-35%,
- Үерийн ус цуглуулах талбай-82,5%,
- Ус зайлуулах хоолой-30%,
- Ус дамжуулах хоолой-89%,
- 17км авто зам-36%,
- Ус дамжуулах хоолой-/Бор хөөвөр/-41%,
- Худгийн барилга-44%,
- Цахилгаан дамжуулах агаарын шугам-90%-ийн тус тус гүйцэтгэлтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Лицензгүй технологийн байгууламжийн ажил EPC-2-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр зарласан ба наймдугаар сарын 16-нд тендер хүлээн авна.
Үйлдвэрийн цахилгаан станцын ажил EPC-3-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг мөн энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр зарласан ба тендер хүлээн авахаар ажиллаж байгаа аж. Энэ хугацааг УУХҮЯ долдугаар сарын 4-ний өдөр гэж тооцжээ.
Лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил EPC-4-ийн лиценз эзэмшигчдийг шалгаруулсан байна. Устөрөгчийн байгууламжийн лиценз эзэмшигч Итали улсын "Кинетикс текноложи" компанитай, Хүхэр ялгах байгууламжийн лиценз эзэмшигч Франц улсын "Аксенс" компани, Бензин боловсруулах, Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудын лиценз эзэмшигч АНУ-ын "ЮүӨүПи Хонивэлл" компанитай гэрээг тус тус байгуулжээ.