ХХААХҮЯ 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа. Зуун хоногт хийсэн ажлын заримаас мэдээлэхэд, мал аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын зудын гамшгийн эрсдэлийг 30-50 хүртэл хувиар багасгажээ.
Тухайлбал, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ байгуулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилготой Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 5 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг зудын эрсдэл бүхий Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 74 сумын 45570 малчин өрхөд хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэв. Үүний дүнд Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын зудын гамшгийн эрсдэлийг ийнхүү багасгажээ.
Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг багасгана
Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр энэ хавар 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг нийлүүлж байна.
Мөн “20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд томоохон уул уурхайн компани, олон улсын байгууллагуудад танилцуулж санхүүжилтийг шийдэхээр тус яам ажиллаж байгаа аж.
Төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийлээ
ОХУ-ын 10 сая ам.долларын зээлийн хөрөнгө оруулалтаар үр тарианы техникийн шинэчлэл хийнэ.
Мөн Беларусь улсаас 4,5 сая еврогийн зээлийн хөрөнгөөр малын таримал тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны техник, Польш улсын 3,2 сая еврогийн зээлийн эх үүсвэрээр төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх аж.
Түүнчлэн, 7 сая еврогийн санхүүжилтээр нийслэл хот, нэр бүхий 6 аймгийн нийт 7 байршилд 8,5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 3,2 сая еврогийн санхүүжилтээр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35 -82 морины хүчтэй 132 ширхэг трактор, дагалдах 330 техник, тоног төхөөрөмжийг зургадугаар сарын нэгний дотор ниийлүүлэхээр, төмс, хүнсний ногооны агуулахыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулахаар зорьж байна.
Үүнээс гадна БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэх зорилгоор 500 га талбайг услах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгж, иргэнд зээлээр олгожээ.
Хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтуудыг хийж байна
“Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХХК-ийг байгуулав. Үүнд арьс шир, ноос ноолуур боловсруулах 17 үйлдвэр ажиллаж, жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонноос, 3 мянган тонн ноолуур угаах самнах үйлдвэр 2, эсгий хийх 2, үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх байгууламж 1, судалгаа хөгжил, технологи, инновацын төв 1, үйлдвэрээс гарах хаягдлыг боловсруулж, желатин үйлдвэрлэх үйлдвэр зэрэг байгууламжийг бүтээн байгуулалтын хүрээнд барьж, 2300 ажлынбайр, шууд бусаар 7500 орчим байнгын ажлын байрыг шинээр бий болгоно.
Түүнчлэн, Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг бий болгох зорилгоор нэмж дэвшилтэт техник технологи бүхий 16-18 үйлдвэр барих аж. Ингэснээр 10 гаруй төрлийн татвар, төлбөр хураамж хэлбэрээр 2 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, түүхий эд боловсруулан, экспорлох боломжийг бий болгоно гэж үзжээ.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд малын гаралтай түүхий эдийн Цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор бүтээн байгуулалт 80 хувьтай хэрэгжиж байна.
"Хөдөө аж ахуй”-н зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулав
"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний дагуу "Хөдөө аж ахуй”-н зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг Хаан банк, Төрийн банк, Голомт, Хас, Капитрон банктай, хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монголбанк, Сангийняамтай өнгөрсөн сарын 23-нд байгуулав. Аж ахуйн нэгжүүд зээл авах хүсэлтээ арилжааны банкуудад хүргүүлээд байна.
Хоёр их наяг төгрөгийн зээл олгож эхэллээ
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэгчдэд олгох, жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгож эхэллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавьсан бусад шаардлагыг хангасан, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага болон банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавьсан шаардлагыг хангасан хувиараа үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд дээрх зээлийг нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй олгож байна.
Нийт олгох зээлийн 30 хүртэл хувийг ижил зориулалттай олгосон зээлийн дахин санхүүжилтэд ашиглаж болох аж.
Ажлын байрыг дэмжих хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад 500 сая, иргэнд 50 сая төгрөг хүртэл хэмжээтэй зээл олгох бөгөөд Засгийн газраас аж ахуйн нэгжид олгосон зээлийн нийт хүүгийн 6 нэгж хувийг, иргэнд олгосон зээлийн нийт хүүгийн 7 нэгж хувийг хариуцан төлж байна.