УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав.
ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж дээрх дүгнэлтийг хуралдаанд цахимаар танилцуулав. Мөн Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 28-ны дунд суудлын хуралдаанаар, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Иймд дээрх хэсгийг ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар хариулт өгсөн юм. Тухайлбал, Байнгын хорооны дарга С.Бямбацогт хариултдаа, цэцийн хуралдааны тов зарлагдсан үед хуралдааныг хойшлуулах хүсэлтийг УИХ-аас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр удаа тавьсан ч цэц хүсэлтийг хүлээж авалгүйгээр хуралдаж шийдвэрээ гаргасан. Энэ нь цэц маргааныг хянан хэлэлцэхдээ талуудын эрх тэгш байдлыг хангаж, мэтгэлцэх, тайлбар мэдээллийг сонсох бололцоог бүрдүүлсэн байх зарчмыг алдагдуулахад хүргэсэн байна. Энэ тухай Байнгын хорооны хуралдаанд яригдаж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 9-нд цэцэд гаргасан. Харин бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн энэ шаардлагаасаа 2021 оны гуравдугаар сарын 11-нд татгалзаад зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хуралдаад 03 дугаар дүгнэлтийг гаргасан хэмээн онцлов.
"Хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа учраас хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хоёр удаа тавьсан ч цэц хүлээн авалгүй дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаагүй, тайлбарыг бичгээр хүлээн аваагүй. Энэ нь талуудад мэтгэлцэх боломж олгох, тэгш оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа" хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжлэв. Тэрбээр, "Цэц дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж байна гэж үзжээ. Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, УИХ томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй байна гэж үзсэн явдал юм. ҮХЦ Үндсэн хуулийн заалтаа хайхарч үзээгүй, ойлгоогүйд харамсаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна гэдэг нь хэн нэгэн нэр дэвшүүлж болохгүй гэсэн агуулгатай. Зөвхөн иргэд өөрсдөө нэрээ дэвшүүлнэ, түүнд тулгуурлан сонгон шалгаруулна, Байнгын хороо томилгооны сонсгол хийнэ. Энэ бүх ажиллагаа нь хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтийн өргөн оролцоотой явагдана. Эцсийн шатанд шалгарсан нэр дэвшигчийг УИХ хэлэлцэж томилох хуулийн зохицуулалттай" хэмээв.
Ингээд ҮХЦ-ийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны саналын томьёолол тус бүрээр санал хураахад, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.