“Омикрон” хувилбараас сэргийлэх үүднээс 1377 хүнийг тусгаарлах байр бэлтгэжээ

оруулсан Алсын Хараа

УОК-оос улсын хэмжээнд 1377 хүнийг тусгаарлах байр бэлтгэсэн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

УОК-оос коронавирусний “Омикрон” хувилбар ӨАБНУ, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави, Бельги, Израил, Хонгконг, Ботсвана улсад бүртгэгдээд байгаа. Тиймээс УОК-оос тухайн вирусний халдвар тархсан орноос ирж байгаа болон тэдгээр улс орноор дамжин өнгөрсөн гадаадын иргэнийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргаад буй юм. Мөн халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн иргэдийг эх орондоо хүлээж авах ч өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, “Хилийн хяналтын бүсүүдэд шинжилгээний цэгүүд байгуулж байгаа. Гадаадаас ирж буй иргэн 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” харутай байх ёстой. Үүн дээр нэмээд нисэх буудалд ирэх үед, хилийн боомтоор ирэх үед нь түргэн оношлуураар шинжилгээ авах болж байгаа. Өнөөдрийн байдлаар халдвар голомтлон бүртгэгдсэн орнуудад амьдарч байгаад ирсэн хүн байхгүй. Харин дамжин өнгөрсөн 10 гаруй хүнийг тусгаарлаж байгаа. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг тусгаарласан.Энхийг сахиулагчид тус улсад шинэ хувилбар бүртгэгдэхээс өмнө ирсэн ч эрсдэлээс сэргийлэх үүднээс тусгаарласан юм” гэлээ.

Гадаад орнууд жуулчин авахыг хоригдох, дотооддоо хөдөлгөөнийг хязгаарлах, шууд нислэг цуцлах зэрэг гэнэтийн шийдвэр гаргаж байгаа. Тиймээс гадаадад руу явах гэж иргэдийг эрсдэлийг тооцож үзэх, зайлшгүй шаардлагагүй бол явахгүй байхыг тэрбээр зөвлөсөн юм.

Сэтгэгдэл бичих