Г.Цогзолмаа: Манай улсад эмнэл зүйн хүнд хэлбэрийг үүсгэдэг хувилбар тархсан

оруулсан Алсын Хараа

Дэлхий дахинд тархаад буй коронавирусний анхаарал татсан хувилбар болон манай улсад ямар төрлийн вирус тархаад буй талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Коронавирус нь бусад вирусний адил өнөөг хүртэл мутац өөрчлөлтөд орж байна. Вирус олшрох явц эсвэл нэгээс нөгөөд халдварлах явцдаа мутац өөрчлөлтөд орж байдаг. Хэдийчинээ олон хүнд тархана, төдийчинээ олон мутац өөрчлөлт үүснэ.

Коронавирус нь бүтцийн болон бүтцийн бус гэсэн уургийг агуулсан геномын бүтэцтэй. Энэхүү геномийн бүтцэд өнгөрсөн жил 20 мянга орчим мутац өөрчлөлт бүртгэгдсэн. Үүний уургийн генийн бүтцэд 6000 орчим мутац өөрчлөлт бүртгэгдээд байна. Энэ бүхэн бүгд аюултай гэсэн үг биш юм.

Одоогоор анхаарал татаад буй 10 орчим хувилбар дэлхий нийтэд тархаад байна. Эдгээр хувилбар вирусний тархалтыг нэмэгдүүлж, эмнэл зүйн хүнд хэлбэрийг үүсгэж, дархлааны хариу урвалыг бууруулдаг нь тогтоогдоод байна.

Дэхийн олон оронд бүртгэгдээд буй хувилбаруудын аюултай шинж чанар нь маш хурдан хугацаанд тархаж, өөр төрлийн хувилбарыг давамгайлдаг. Тухайлбал, Энэтхэгийн хувилбар тус улсад тархаад буй нийт хувилбарын 90 орчим хувийг эзэлж байна. Тус хувилбарыг ДЭМБ-аас “Дэлхий нийтийн аюул” гэж хэлсэн. Энэтхэгийн хувилбарын онцлог нь бусад хувилбартай харьцуулбал анх гарсан өдрөөсөө маш хурдацтай тархаж байгаа.

Манай орны хувьд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лабораторийн 3 эрдэмтэн, судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, манай улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийсэн. Ингэхдээ цаг хугацааны хувьд өөр, өөр сорьцыг авч явсан.

Манайд анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэгдсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж одоогоор B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна. Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг, эмнэлзүйг хүндрүүлдэг мутацийг агуулж байна.

Энэхүү хувилбар нь дэлхий дахинд өргөн тархаагүй. Энэтхэг, Англи, Австралид бүртгэгдсэн. Энэ хэлбэр нь вакцины эсрэг дархлааг бууруулдаг мутаци илрээгүй. Хувирч байгаа вируст вакцины үзүүлэх нөлөөг судалж байгаа” гэв.

 

Сэтгэгдэл бичих