“Ingenuity” Ангараг дээр анх удаа шинэ байршил руу нисжээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) “Ingenuity” бяцхан нисдэг Ангараг гараг дээр тав дахь нислэгээ хийх үеэрээ анх удаа шинэ байршил руу нисжээ.

Нислэг баасан гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 15:26 цагт эхэлж, 108 секунд үргэлжилсэн байна. Энэ хугацаанд “Ingenuity” өмнө зүгт 129 метрийн зайд шинэ байрлалд шилжиж, хамгийн дээд тал нь 10 м өндөрт гарчээ. Мөн газардахаасаа өмнө өндөр чанартай өнгөт зураг авсан байна.

Өмнөх дөрвөн нислэгийн үеэр бяцхан нисдэг тэрэг хөөрсөн газартаа л эргэж ирж байжээ. "Бидний дараагийн төлөвлөгөө бол “Perseverance” өөрөө явагч аппаратны судалгааны ажлын хурдыг сааруулахгүйн тулд “Ingenuity”-г ийм байдлаар нэг газраас нөгөө газарт шилжүүлэх юм. Ирэх долоо хоногт бид дахин хоёр нислэг хийх боломжтой бөгөөд NASA дараа нь үр дүнг үнэлнэ” гэж “Ingenuity”-гийн гол хөгжүүлэгч Боб Бэларам ярьжээ.

Үүнээс гадна, NASA “Perseverance” аппарат “Ingenuity”-гийн дөрөв дэх нислэгийн үеэр сэнснийх нь чимээг анх удаа бичиж авч чадсаныг мэдээлсэн байна. Ангарагийн агаар мандал цахилгаан цэнэгжилтгүй учраас “Ingenuity”-гийн нислэгийн чимээг бичиж чадна гэдэгт NASA-гийн мэргэжилтнүүд итгэлгүй байжээ. “Энэ бол маш сайхан гэнэтийн бэлэг юм. Энэ бичлэг нь Ангарагийн агаар мандлын талаарх бидний судалгаанд “алтны уурхай” л гэсэн үг" гэж Тулуз дахь Францын ISAE-Supaero их сургуулийн профессор Дэвид Мимун хэлсэн байна.

80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг нисдэг тэргийг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ.

Сэтгэгдэл бичих