Зураачдыг төрөөс дэмжих асуудлыг анхаарч өгөхийг хүсэв

оруулсан Алсын Хараа

Соёлын сайд Ч.Номин дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчидтэй уулзаж,  “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтаар дүрслэх урлагийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, салбарын менежмент, уран бүтээлчдийн нийгмийн баталгаа, хүний нөөцийн бодлого, мэдээллийн сан, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, монгол зураачдын авьяас чадварыг дэлхийд таниулах гарц, шийдлийн хүрээнд ярилцав.

Уран бүтээлчид олон улсын зураачдын үзэсгэлэнг Монголдоо зохион байгуулах, хүүхдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, Дүрслэх урлагийн сургууль төгссөн залуусыг төрөөс тэтгэлэгтэй гадаадын их, дээд сургуульд суралцуулах, уран бүтээлчдийг төрөөс дэмжих асуудлыг анхаарч өгөхийг хүслээ.

Уулзалтад Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхбат, Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Н.Мөнхзул, Төрийн соёрхолт, УГЗ, зураач Ш.Чимэддорж, МУЭ-ийн тэргүүн Б.Төмөрбаатар, Төрийн соёрхолт, УГЗ, уран барималч Д.Ганхуяг, уран барималч А.Очирболд, Монголын орчин үеийн урлагийн холбооны тэргүүн Б.Гантуяа, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн, зураач С.Зэсээ, Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан, зураач Т.Отгонтүвдэн, Б.Баатарзориг, MN17 арт галерейн захирал С.Батсайхан, Олон улсын эмэгтэй зураачдын холбооны тэргүүн Б.Насанцэнгэл, “B Contemporary Art Gallery”-н захирал П.Ганбат нар оролцсон юм.

Сэтгэгдэл бичих