Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ үргэлжилж байна.
"Ц.ЦОГТГЭРЭЛ ӨМНӨ НЬ ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ БАЙСАН УЧИР ЭНЭ АСУУДЛУУДАД ХОЛБОГДОЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн Ц.Цогтгэрэл:
-Би сонсголд хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь хамаарал бүхий компани, зээл авсан компани санамж байгууллага байгуулсан гээд ирж байсан. Хоёрдугаарт, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөлтэй холбоотой асуудал байгаа юм. Төрөөс бизнесийг, эдийн засгийг дэмжих оролцоо сүүлийн 30 жил явж ирсэн. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн олон алдаа булхайг бид мэдэж байгаа. Харин энэ төслүүдийн хувьд арилжааны банкан дээрээс засгаас бодлогоо тодорхойлоод аж ахуй нэгжүүдэд зээл олгъё, эрсдлийг нь арилжааны банк, Хөгжлийн банк хариуцъя гэдэг нь зөв байсан. Ийм ч учраас энэ зээлийн хүрээнд гарсан нийт зээлийн дүн, төлбөр тооцоо бараг байхгүй эргэж дууссан гэж ойлгодог. Хэрэгжилт бас гарч ирдэг. Тухайн төслийг зориулалтын дагуу зарцуулсан уу? Үр дүн гарсан уу? гэдэг чухал. Зөв бодлогыг буруу хэрэгжүүлбэл буруу л болно. Арван жилийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдөр ямар асуудлаар дуудагдсанаа мэдэхгүй учир бичиг, цаас харах боломж гарсангүй. Сая л ирээд харж байна. Тухайн үед ажлын хэсэг хуралдаж байсан. Санал гаргаад арилжааны банк руу санал хүргүүлээд ийм шаардлага хангасан төслүүдэд зээл олгож болно гэж байсан. Ийм л бичиг ажлын хэсгээс гарч байсан байх. Байх гэдэг нь яг ямар бичиг, протокол үйлдэгдсэнийг санахгүй байна. Арилжааны банк төрийн өмнө үүрэг хүлээгээд тухайн аж ахуй нэгжүүдтэй гэрээ хийж байсан баримт бичиг харагдсан. Тухайн компани Хөгжлийн банктай харилцаанд орж байгаагүй гэсэн үг. Энэ төслийн хүрээнд байгуулагдсан хуурай сүүний үйлдвэр жил бүхэн мянгаас доошгүй тонн экспортлож байна. Цаад үр дүнгийн асуудлуудыг нягталж харах ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Ц.Цогтгэрэл гишүүний хэлсэн үр дүн чухал. Экспортыг дэмжинэ гээд Засгийн газар тогтоол гаргасан юм байна. Гол нь эргээд экспортоор гаргаж, импортоо орлосон уу? Шинжээчийн дүгнэлтэд “Төслийн үр дүнг нягт тооцсон талаар тусгагдаагүй байгаа” гэж байгаа. Үр дүнгийг нь тооцох асуудал хангалтгүй байжээ. Чухал төслүүд байна. Үгүйсгэх юм алга. Үр дүн, тайлан болоход нийтэд нь төслийг дүгнэхэд хангалттай гэж дүгнэх боломж байхгүй байв уу? Материал байхгүй гээд асуудал гарч ирсэн. Материал яагаад иж бүрэн бус, алга болсон бэ? Үүнийг тодруулаач. Анхны сонсгол учир анхаарах зүйлс бий. Урьдчлаад мэдээлэл авч, бэлтгээд орж ирмээр байна гэж байгаа. Ямар ч байсан бид явж байна. Нотлох баримтын хүрээнд л ярьж байгаа. Баримтад үндэслэсэн сонсгол. Зохиогоогүй. Учир дутагдалтай зүйлс байж болно. Тэрийг нь өөрсдөө тайлбарлаад, засаад явах зорилготой. Ц.Цогтгэрэл гишүүн өмнө нь Ерөнхий сайдын зөвлөх байсан учир энэ асуудлуудад холбогдож байгаа шүү. Шинжээчийн гол анхаараад байгаа зүйл нь тайлан мэдээ байхгүй, үнэлэх боломжгүй гээд байгаа шүү дээ. Энэ асуудал үүсгээд байна.
Шинжээч:
-888 хөтөлбөрийн хүрээнд 2 тэрбумаас дээш дүнтэй төслүүдийн сонгон шалгаруулалт дээр төсөлд ямар шаардлага тавих вэ гэхээр тухайн салбарын яам бодлогын хувьд дэмжээгүй төсөл биш байх гэж байгаа. 888 жагсаалт Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад 2014 оны дөрөвдүгээр сард хүргэгдсэн. Энэ жагсаалтыг ямар ажлын хэсэг, хэзээ, яаж ангилаад хүргүүлсэн бэ гэдэг баримт хадгалагдаагүй байсан. 888 төслийн жагсаалтыг хэн ямар шалгуураар ангилаад хүргүүлсэн юм бэ? Ийм учир дүгнэлт хийх боломжгүй. Экспортын хэдэн хувиар нэмж, импортыг хэдэн хувиар орлосон бэ гэдэг мэдээлэл салбар яаманд нь байх ёстой боловч яам нь мэдээлэл ирүүлээгүй учир ийм үр дүнд хүрсэн гэх боломж хязгаарлагдмал байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Цогтгэрэл:
-Ж.Сүхбаатар гишүүн бодлогын хувьд алдаатай байсан гэж байгаа. Төрөөс эдийн засагт оролцоно гэдэг сайн зүйл биш. Гэхдээ төрөөс эдийн засагт оролцъё гэвэл үүнээс өөр ямар сайн модель байж болохыг Монголын төрөөс өнгөрсөн хугацаанд оролцсон бодлогууд дээр байхгүй л байгаа юм. 2017 оноос эхлээд төрөөс гаргаж буй санжүүжилтийг арилжааны банкаар дамжуулдаг байсан механизм шууд Хөдөө, аж ахуйн яам руу шилжээд ЖДҮ-ийн сан гэж ямар хэрэг гарсан билээ дээ. Арилжааны банкаар явсан учир аж ахуй нэгж хариуцлага хүлээж, төрийн өмнө улсын өмч хөрөнгө шамшигдаагүй байх. Харин хэрэгжилтийн тухайд нягталж ярилцъя л гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Хөгжлийн банк анх зээлэээ гаргасан. Зээл гаргасан учир буцаагаад үр дүн, хариуцлагыг Хөгжлийн банк хариуцах ёстой. Дамжуулан зээлдээд арилжааны банкуудаар явсан байх. Энэ талаар мэдээлэл, тайлан мэдээлэл, үр дүн байдаг уу? Төсөл нь үнэхээр хэрэгжсэн үү? Зээлээ зохих ёсоор нь ашигласан уу?
Хөгжлийн банк:
-2014 оноос 2020 оны хооронд хэрэгжүүлсэн төслүүдээс 888 хөтөлбөртэй холбоотой есөн банкаар зээл дамжуулан гарсан байна. Одоогийн байдлаар Капитал банкнаас бусад нь бүгд зээлээ төлсөн. Тус банкны хувьд 26 тэрбумын зээл яг энэ төсөлтэй холбоотой төлөөгүй байсан. Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгөөр Капитал банкны зээлийг төлж барагдуулсан гэдгийг дурдъя. Энэ хооронд эдгээр зээлүүдэд хяналт, шалгалт тухайн үед хийгээгүй. Хөгжлийн банкны зүгээс зээлийн судалгаа, шинжилгээтэй холбоотой мэдээллийг харахад арилжааны банкуудын эргэн төлөлтөд л анхаарч байсан юм байна лээ. Тэрнээс биш цаашаагаа ямар үр дүн гарсан, юу хийсэн гэдэгт анхаараагүй.
-Экспортыг дэмжих 888 хөтөлбөрийн зээл хоёр хэсэг хуваагдсан. Хоёр тэрбумаас дээш, доош гэсэн. Хоёр тэрбумаас дээш төсөл хөтөлбөрүүдэд арилжааны банкуудад таван хувиар цаашаагаа есөн хувиар олгосон. Эх үүсвэр нь “Credit Suisse” банктай хамтарсан эх үүсвэр. Долларын эх үүсвэр. Хүү нь АНУ-ын бодлогын хүү дээр нэмдэг нь 4.3 хувь гэсэн долларын үүсвэр. Хоёр тэрбумаас доошхи нь болохоор банкнаас таван хувиар цаашаагаа долоон хувиар олгосон. Эх үүсвэр нь Евро бонд. Долларын эх үүсвэр. Хүү нь 5.7 хувь байсан. Тухайн үед 2014 онд бодлогын 12-13 хувь. Зах зээл дээрх төгрөгийн хүү 18-19.5 хувьтай байжээ. Банк үүнийг шалгасан уу гэж байна. Гэрээн дээрээ “Зээлийг зээл төлөгч нь зориулалтын дагуу ашигласан уу гэдгийг Хөгжлийн банк материалыг нь шаардаж авах, шаардлагатай бол зарцуулалт дээр нь хяналт тавих, эх үүсвэрийг буцаан татах эрхтэй” гэж байжээ. Хөгжлийн банкны архиваас бүтэн жилийн хугацаанд хайсан. Одоогоор ийм зүйл олдоогүй. 2018, 2019 онд хийсэн тайлан байдаг. Өөр тайлан байхгүй.