Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Улсын эмнэлэгүүд ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх нөхцөл байдал огт үүсээгүй, хэвийн байгаа

оруулсан Алсын Хараа

Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД)-ын асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Тодруулбал "ЭМД-ын санхүүжилт дууссанаас болж улсын эмнэлгүүд зарим тусламж үйлчилгээг өнөөдрөөс эхлэн үзүүлэх боломжгүй буюу үнэ төлбөр авна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотой тайлбар мэдээллийг салбарын сайд дараах байдлаар хүргэж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ "Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС) хүнд нөхцөлд байгаа нь үнэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд нөхцөл байдал хүндрээгүй. Үүнд мэдээллийн буруу зөрүү ойлголтууд гарсан байх. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу 2021 оноос ЭМДС-д төвлөрөх ёстой байсан 218 тэрбум төгрөг төвлөрөөгүй. Энэ оны зарцуулалт эхний улирал болон төгсгөлийн саруудын санхүүжилтийг урагш татаж хэрэглэсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн нөхцөл байдал хүндэрсэн боловч улсын эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ зогсоох, улмаар төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлд хүрээгүй.
Зарим нэг улсын эмнэлэг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-тай гэрээ хийсэн бөгөөд 2024 оны гүйцэтгэлийн гэрээ хэтэрсэн нөхцөл байдал үүссэн. Эдгээр эмнэлэгтэй хэлцэл хийж, цаашид цаг үеийн байдалтай уялдуулна. Томуу, томуу төст өвчний үе эхэлж байгаа учраас архаг хууч өвчлөлтэй биш бол хэвтэн эмчлүүлэхээс аль болох зайлсхийж ажиллах чиглэлийг өгсөн. Нэн шаардлагатай, яаралтай тусламж, хавдрын тусламж үйлчилгээнүүдэд ямар нэгэн алдагдал, санхүүжилтийн эрсдэл үүссэн зүйл огт байхгүй.  Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш нэлээд зохицуулалтыг хийж, зарим нэг сайдын багцын хэмнэлтүүдийг хийж Эрүүл Мэндийн Даатгалын Сан руугаа төвлөрүүлж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн "Арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сард эмнэлгийн тусламж үйлчилгээ, ялангуяа нэн яаралтай тусламж үйлчилгээнд доголдол гарч, ард иргэдэд чирэгдэл үүсгэн, санхүүгийн эрсдэл, хүндрэл учруулахгүйгээр 2024 оныг дуусгах боломж бүрдсэн.
Монгол-Японы эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. ЭМД-ын тусламж, үйлчилгээ хүрдгээрээ хүрч байна. Бүх эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сантай. ЭМДС нь хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас тэр
хэмжээндээ багтаан тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээг хийсэн. Томоохон эмнэлэгт энэ гэрээ хэтэрсэн асуудал бий. Тухайлбал,
Монгол-Японы эмнэлэг
Улсын Гуравдугаар төв эмнэлэг
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв юм.

Гэхдээ гэрээний хэтрэлт боллоо гээд нэн яаралтай буюу шаардлагатай тусламж, үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй. Рашаан сувилалд архаг ядаргаа зэрэг оношоор хэвтэн эмчлүүлэхийг гэрээнд заасны дагуу ирэх он
руу шилжүүлж, үйлчилгээгээ үзүүлэх зохицуулалт хийсэн. Эрүүл Мэндийн Яам бодлого тодорхойлдог байгууллагын хувьд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Үүнийг тухайн сар бүрд нь хуваарилаад хэрэглэх ёстой бол арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сарынхыг урагш нь татаад эхний улирлуудад зарцуулалт нь хийгдсэн юм.
Тийм учраас өнөөдрийн нөхцөл байдал үүсжээ. ЭМД-ын санд төвлөрөх ёстой санхүүжилтийн төвлөрөл өнөөдрийн байдлаар 95 хувьтай явж байгаа.  Эргээд даатгалаас хуримтлал үүсгэх тал дээр ноцтой доголдол үүсээгүй. Санхүүгийн зарцуулалтын хувьд оны эхний улирлуудад ийм асуудал үүссэн учраас ирэх жилүүдэд сар болгон зарцуулах гэрээгээ тодорхой хийж, сар бүр санхүүгийн сахилга баттай байж зарцуулалтаа оновчтой зөв болгож явах ёстой" гэж тайлбар хийлээ.

Сэтгэгдэл бичих