Цар тахлын үед Монгол Улсад 1.1 их наяд төгрөгийн зээл тусламж олгосныг Засгийн газар нээлттэй танилцуулав

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газар COVID-19 цар тахлын үед Олон Улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 418.9 сая ам.доллар буюу 1.1 их наяд төгрөгийн зээл тусламж авахаар гэрээ байгуулсан. Үүнээс 299.5 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авах юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар төсвийн дэмжлэгийн нийт санхүүжилтийн 66 хувь /199.5 сая ам.доллар/, төслийн санхүүжилтийн 27 хувь /32.8 ам.доллар/-ийг аваад байна.

Эдгээр зээл, тусламжаар цар тахалтай тэмцэх эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах, иргэдийн орлогыг хамгаалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг санхүүжүүлж байгаа юм.

Нэг зүйлийг тэмдэглэхэд, төсвийн дэмжлэг хэлбэрээр олгосон санхүүжилт нь төрийн сангийн дансанд орж төсөвт тусгаж, УИХ-аар баталсан төслүүдэд зарцуулагддаг. Харин төслийн санхүүжилт нь олгож буй байгууллагын данснаас төслийг гүйцэтгэгч байгууллагын данс руу шууд шилждэгээрээ онцлогтой.

 

Цар тахлын үеийн хамгийн том санхүүжүүлэгч Азийн Хөгжлийн Банк

 

Төсвийн орлого тасарч эдийн засгийн идэвхжил их хэмжээгээр унасан энэ хүнд үед манайд олгож буй зээл тусламжийн хэмжээгээр Азийн Хөгжлийн Банк /АХБ/ тэргүүлж байна. Тус байгууллагаас манайд нийт 160.1 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээс 128.1 сая ам.долларыг олгоод байгаа юм. Нийт дэмжлэгийн 157.6 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй зээл хэлбэрээр үлдсэн 2.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар олгож байна.

АХБ-наас олгосон нэн хөнгөлөлттэй зээлийн дийлэнхийг буюу 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгосон. Засгийн газраас өнгөрсөн 5 дугаар сард хүүхдийн мөнгө болон тодорхой нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, ААН-ийг НДШ, ОАТ зэргээс 5 сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдгээр арга хэмжээ нь төсөвт их хэмжээний хохирол учруулаад байсныг АХБ-наас олгосон эх үүсвэрээр нөхжээ.  Үлдсэн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, цар тахлын үед нийгмийн хамгааллын төсөл хэрэгжүүлэхэд зарцуулж байна. Тухайлбал, COVID-19  вирусийг оношилж эмчлэх зориулалт бүхий 3500 орчим тоног төхөөрөмж, 68 мянган ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл, 21 аймагт түргэн тусламжийн машин авах болон нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах төслүүдийг хэрэгжүүлж байна.

БНХАУ-ын 700 мянган ам.долларын өртөг бүхий буцалтгүй тусламж

БНХАУ-ын Засгийн газар манай улсад 700 мянган ам.долларын өртөг бүхий хувийн хамгаалалтын хэрэгсэл хандивласан. Гурван үе шаттай хэрэгжүүлсэн уг буцалтгүй тусламжаар УОК болон ЭМЯ-нд 13 мянган ширхэг оношлуур, 5 мянган ширхэг N95 амны хаалт, 100 мянган ширхэг KN95 амны хаалт, 495 мянган ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцас хэрэгсэл гардуулсан юм.

 Европын Холбооны 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж

Европын Холбооноос анх удаа Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлж 2020-2023 онд 50,8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болсноо өнгөрсөн 5 дугаар сард мэдэгдсэн. Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 16 сая евро буюу 49 тэрбум төгрөгийн эхний ээлжийн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэж, 10 дугаар сард олгосон билээ. Харин үлдэгдэл 27 сая еврог 2021-2023 онд хуваан олгох юм.

ОУВС-ийн 99 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл

/ОУВС-гийн Захирал Кристалина Георгиевагийн жиргээ/

ОУВС өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсыг Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд хамруулж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая ам.долларын төсвийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх санхүүжилтийг 6 дугаар сард Төв банкин дахь Сангийн яамны дансанд хүлээн авч нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэмдэглэсэн байна.

Дэлхийн Банкны 70 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламж

Дэлхийн банкнаас манай улсад 70 сая ам.долларын санхүүжилтийг зээл болон буцалтгүй тусламжаар олгох гэрээ хийсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 19.3 сая ам.долларыг олгоод байна. Ингэхдээ тус байгууллагаас манай улсын эрүүл мэнд, хөдөлмөр, боловсролын салбарт хэрэгжүүлж байсан гурван төслөөс дахин хуваарилалт хийж 21.1 сая ам.долларын санхүүжилт гарган авсан. Үүгээр 67 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авч, 10 дугаар сарын хүүхдийн мөнгө, сайн дурын даатгуулагчдын 4, 5, 6, 7 дугаар сарын НДШ-ийг чөлөөлжээ. Үүнээс гадна "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлд зориулан манай улсад 26.9 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор баталсан бөгөөд төслийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 7.8 хувьтай байна. Түүнчлэн онцгой байдлын үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1 сая ам.долларын өртөг бүхий хувийн хамгаалалтын хэрэгслийн буцалгүй тусламж хүлээгдэж байна.

Японы Засгийн газраас олгох 9.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл

Японы Засгийн газраас 9.3 сая ам.долларын зээл авахаар өнгөрсөн 6 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд санхүүжилт хараахан орж ирээгүй байна. Үүнийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмж болон цар тахлын үед ашиглах холбоо, зарлан мэдээллийн систем нийлүүлэхэд ашиглах юм.

Бусад зээл тусламж

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-аас хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд, орлого багатай айл өрхийг дэмжиж 2.5 сая ам.долларын төслийг өөрсдөө хэрэгжүүлжээ. ХБНГУ-ын Засгийн газар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих 1.5 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. НҮБ-аас 2.6 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлжээ. Энэ хүрээнд НҮБ-ын системийн байгууллагууд өөрсдөө захиран зарцуулж дотоодын байгууллагуудыг эм бэлдмэл, тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Сэтгэгдэл бичих