Манай улсын хэрэгжүүлж байгаа аялал жуулчлалыг дэмжих бодлого болоод бусад цаг үеийн асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Тун удахгүй жуулчдын хамгийн идэвхитэй үе эхлэх гэж байна. Манай улс 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд ямар ажил хэрэгжүүлэх вэ. Бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог байгуулан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор бүх сайдыг энэ хороонд багтаасан. Хамгийн эхэнд “Монголд зочлох жил”-ийн хүрээнд агаарын тээврийн либералчлалыг өнгөрсөн хугацаанд хийж байгаагүй хэмжээнд хэрэгжүүллээ.
Тухайлбал, АНУ улс руу шууд нислэг үйлдэхээр боллоо. Солонгосоос долоон авиа компани нислэг үйлдэхэд бэлэн болоод байна. Энэ тоог цаашид нэмэгдүүлнэ. Японоос “Japan Airlines” авиа компанийн онгоц Монгол руу нисдэг болох гэж байна. Ингэснээр Япон жуулчид олноороо ирнэ. “Turkish Airline” авиа компанид ямар нэгэн хязгаарлалт тавихаа болилоо.
Катарын олон улсын нисэх буудал бол дэлхийд хамгийн томдоо ордог. Энэ буудлаас Монгол руу онгоц ниснэ гэдэг маш том боломж гэж харж байна. Тиймээс тус улсаас нислэг үйлддэг болгохоор Зам, тээврийн хөгжлийн яам хэлэлцээ хийж байна. Агаарын тээврийн либералчлалаар гурван жилийн хугацаанд Монгол Улс ямар нэг хязгаарлалтүйгээр олон улсын нисэх онгоц хүлээж авна. Гадаад харилцааны яамнаас санал гаргасны дагуу Засгийн газрын тогтоолоор 34 орныг визнээс чөлөөлөөд байна. “Монголд зочлох жил” болгоод зарласан төдий болоод өнгөрөхийг Засгийн газар хүсэхгүй байна.Тиймээс гурван жилийн хугацаанд зарласан. Энэ хугацаанд тодорхой үр дүн гарах ёстой. 2023 онд нэг сая жуулчин авах бодит зорилго тавьсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дараа жил энэ тоог хоёр сая болгохын төлөө хичээнэ. Үүний хүрээнд виз, агаарын тээвэр, хууль эрх зүй гэсэн хэд хэдэн асуудлыг цэгцлэх ёстой.
-Нэг сая жуулчин гэдэг дээр Солонгосоос, Хятадаас төдий хэмжээний жуулчин авна гэсэн тооцооллыг гаргасан уу. Эсвэл аль улсаас ч хамаагүй нэг сая жуулчин авах уу?
-Өнгөрсөн 32 жилийн хугацаанд аль ч улсаас хамаагүй жуулчин авна гэдэг бодлого баримталж ирсэн. Гэвч аль нь ч хөгжөөгүй. Орос 49 сая, БНХАУ 149 сая, Солонгос улс 27 сая, Япон улс 30 сая жуулчинтай. Тиймээс манай улстай хамгийн ойр эдгээр орнуудын жуулчдад зориулсан стандарт үйлчилгээг хөгжүүлэх, эдгээр орны иргэдийг визгүй зорчуулах бодлого баримтална.Судалгаа харахаар 1983-2000 оны хооронд төрсөн хүмүүс аялал жуулчлалын салбарт зонхилж байна. Тиймээс эдгээр хүмүүст чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн Казакстан, Беларусь улсаас олон жуулчин манайд ирдэг. Үүнд төвлөрч ажиллана. Үүнээс гадна дан ганц Чингис хаан олон улсын нисэх буудал бус Даланзадгад, Мөрөнгийн онгоцны буудлыг 4C, 4D зэрэглэлийн олон улсын онгоцны буудал болгон хөгжүүлнэ. Эдгээр онгоцны буудлыг ашиглалтад оруулснаар олон улсын нислэгийг хүлээж авах боломжтой болно. Улаанбаатараас заавал хөдөө орон нутаг руу дамжих шаардлагагүй болсноор жуулчны цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэнэ.
-Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар өргөн барьсан. Хуулийн төслийн зохицуулалтуудаас юуг нь онцлох вэ?
-Аялал жуулчлалын эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт хийхээр 20 жил өөрчлөөгүй хуулийг шинэчлэх гэж байна. Шинэчилсэн найруулгад Аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулахаар тусгасан. Энэ сангийн төсвийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацын үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлнэ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, тус холбоо нь Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаа удирдана. Тухайн санд төвлөрсөн мөнгөнөөс нүхэн жорлон, дэд бүтэц, цахилгааны шугамтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хөгжил рүү чиглэсэн тодорхой хэмжээний төсвийг гаргана.
-Хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор аялал жуулчлалын компаниуд мэдээлэл хийсэн. Аялал жуулчлалын бизнес эрхлэхдээ зөвшөөрөл авахгүй байх нь буруу гэж тэд үзсэн. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Зөвшөөрлийн тухай хууль 2022 оны зургадугаар сард батлагдаад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулинд тур оператор компаниуд зөвшөөрөлгүй байхаар тусгасан. Тодруулбал, аялал жуулчлалын тур оператор компанийн үйлчилгээ эрхлэхийн тулд төрөөс ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Үүн дээр маргаан үүссэн. Нэг хэсэг нь аялал жуулчлал хүний амь нас, аюулгүй байдалтай холбоотой учир зөвшөөрөлтэй байх ёстой гэж үзсэн. Нөгөө хэсэг нь эдийн засгийн либералчлалыг дэмжих хүрээнд зөвшөөрөлтэй байх нь зөв гэж үзсэн. Монгол Улсын ДНБ-д эзлэх аялал жуулчлалын салбарын хувь хэмжээг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг эдийн засгийн нэг тулгуур багана байлгахыг зорьдог. Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэхдээ төрөөс зөвшөөрөл авахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Дээрх мэдээллийг хийсэн компанийн төлөөлөлтэй уулзаад хууль, эрх зүйн орчны өөрчлөлт дээр хамтарч ажилласан. Үүний үр дүнд нь зөвшөөрөлгүй байх нь зөв гэсэн санал дээр нэгдсэн.
-Аялж байгаа бүх газраа отоглох цэг байгуулах ёстой гэдэг дээр бас маргаан үүссэн. Гэхдээ хуулийг бүрэн эхээр нь уншихад зөвхөн тусгай хамгаалалтын газар отоглох цэг байгуулна гэж ойлгосон. Зөв үү?
-Шинэчилсэн хуулиар майхантай аялалд явах боломжгүй болсон байна гэж нэг хэсэг нь эсэргүүцсэн. Энэ бол ташаа ойлголт. Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га газар тусгай хамгаалалтад байдаг. Эдгээр тусгай хамгаалалттай газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу отоглох цэг байгуулах хэлбэрээр ашиглана. Жишээлбэл, Хөвсгөлийн Улаан тайга бол хүн байтугай мал хөл тавьж үзээгүй онгон дагшин газар. Энэ үзэсгэлэнтэй тайга руу нисдэг тэрэгний аяллыг яагаад хөгжүүлж болохгүй гэж. Ингэхдээ онгон дагшин байгалиа хадгалж авч үлдэхийн тулд тусгай хамгаалалттай газруудад отоглох цэг байгуулах, зөвхөн отоглох цэг дээр буудаллахаар хуульчилсан. Мөн Монголд ирсэн жуулчид багахан хэмжээний мөнгө зарцуулаад буцдаг байдлыг өөрчлөхийн тулд 2000-аас дээш ам.долларын төлбөртэй нэг удаагийн аяллын багцыг бий болгохоор төлөвлөж байна. БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлдөө бүх талын төлөөлөл нь ороод асуудлуудаа нэг бодлого доор зангидаад явж байна.
-Аяллын маршрутыг тогтоох эрхийг сум, дүүргийн Засаг даргад олгоно гэсэн заалт нэлээд шүүмжлэл дагуулсан. Тухайн жуулчныг ямар газраар аялуулах нь аяллын компаниудын эрх ашиг гэж салбарынхан мэдээлсэн.Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бол хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудал байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилийг дагаад визгүй зорчихтой холбоо бүхий заалт юм. Манай улсын хилийг дагаад ОХУ, БНХАУ-ын иргэд орж ирдэг. ОХУ-ын иргэд визгүй, БНХАУ-ын иргэд визтэй зорчдог. Тиймээс БНХАУ-ын иргэдийн хил дагасан аяллыг хөгжүүлэх зорилгоор цэнхэр өнгийн үнэмлэхийг гаргасан. Энэ үнэмлэхээр визгүй зорчихын сацуу батлагдсан маршрутын дагуу аялна гэж заасан.
-Нүхэн жорлон бол аялал жуулчлал хөгжихөд саад болж байгаа хамгийн чухал асуудал гэж жил бүр ярьдаг. Үүнийг шийдэх арга замыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?
-Нэгдүгээрт, Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн төсвөөс боловсон ариун цэврийн байгууламжтай аялал жуулчлалын үйлчилгээний газрууд болон зам зуурын буудаллах цэгийг байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийнэ.
Тодруулбал, төрөөс тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгоод аялал жуулчлалын компаниуд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаа барина. Мөн боловсон ариун цэврийн байгууламжтай бол аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх заалтыг тусгасан.
Олон улсын стандартын дагуу аяллын үеэр хоёр цаг тутамд буудаллах ёстой. Тиймээс Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос маршрутын дагуу буудаллах газар бүрт боловсон ариун цэврийн өрөөтэй худалдаа үйлчилгээний газруудыг байгуулах, энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэх сонирхолтой хувийн компанид газар олгох гэсэн чиглэлийг орон нутгийн засаг захиргаа, аймгийн Засаг дарга нарт үүрэг өгсөн.
-21 аймаг, яам, Засгийн газар хоорондын уялдаа холбоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш чухал. Энэ чиглэлд хэрхэн анхаарах вэ?
-Засгийн газраас 2023 оны эвентүүдийн жагсаалтыг баталсан. Нийт 68, чухал 23 эвентийг баталж гаргасан. Тухайлбал, Түмэн тэмээний баярыг Өмнөговьд хийнэ. Энэ арга хэмжээг олон улсад сурталчлах зорилгоор зохион байгуулж байна.
“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр нэгдүгээр сарын 21-22-нд Ховд аймагт боллоо. “Хөх сувд” мөсний баяр гуравдугаар сарын 2-6-нд Хөвсгөл аймагт болно. Булган аймагт Түмэн адууны баяр, Айрагны баяр болдог. Эдгээр чухал эвентүүдийг бодлогоор болон санхүүжилтээр дэмжих үүргийг Засгийн газраас өгсөн.
Манай улс өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 14-нд хилээ албан ёсоор нээсэн. Тухайн үед аялал жуулчлалын нэгдсэн цахим платформ байгаагүй. Тиймээс долдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанд албан ёсоор танилцуулаад Монгол үндэсний хоол, соёл, ёс заншил, дуу хөгжим, зочид буудал, үйлчилгээний газар, багц аялал, онцлох эвентүүдийг багтаасан цахим платформыг бий болгосон. Одоо энэ платформоо гадаадын захиалгын /booking/ сайтуудтай холбохоор ажиллаж байна. Монгол руу захиалга хийхэд улс орон бүр өөр өөр сайт, платформ ашигладаг. Тухайн онцлогт нь тохируулан платформоо хөгжүүлэхээр ажиллаж байна.
-Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэхээр болсон. Яг ямар бодлогыг нь хувийн хэвшил хэрэгжүүлэх вэ?
-Аялал жуулчлал бол төрөөс хараат бус салбар. Тиймээс эрх зүйн орчныг өөрчилснөөр төрөөс хараат бус хэлбэр рүү орж болохгүй. Энэ хүрээнд төрийн чиг үүргийг аялал жуулчлалын компани, хуулийн этгээд, мэргэжлийн холбоод руу шилжүүлэхээр хуулинд заасан. Хонгконг бооцоот морин уралдаанаас жилд 18 орчим тэрбум ам.доллар олдог. Тэгвэл Монголд хэдийг олох боломжтой вэ гэж тооцоолж үзсэн. Ер нь төрийн чиг үүргийг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар аж ахуй нэгжүүд хэрэгжүүлдэг байхаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хувийн хэвшлээ системээр дэмжих нь хуулийн шинэчилсэн найруулгын гол үндэс юм. Энэ хуулийг эдийн засгийг дэмжсэн хөшүүрэг хууль болгохоор ажиллаж байна.
-НҮБ-ын томоохон хурал ирэх сард манай улсад болох юм билээ.Энэ нь олон улсын анхаарлын төвд ороход тустай гэж харж байна?
-Монгол Улсад анх удаа НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хурал агаарын бохирдлын сэдвээр гуравдугаар сарын 02-03-нд болно. Манай улсын агаар орчны бохирдлын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Үүн дээр олон улсын анхаарлын төвд орох ёстой. Мөн 2026 онд Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын хурал COP-17-г Монголд хийнэ.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь боловсон хүчний дутагдал байна. Ойн мэргэжилтнийг бэлтгэхэд хэрхэн анхаарах вэ?
-Бидний тооцооллоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 7000 мэргэжилтэн хэрэгтэй. Тиймээс БШУЯ, БОАЖЯ хамтраад 1000 сургагч багшийг бэлтгэсэн. 330 сумаасирсэн сургагч багш нараар дамжуулаад хүний нөөцөө бэлдэнэ. Унгар улсын Засгийн газартай хамтраад 35 оюутныг жил бүр тус улсад суралцуулахаар болсон. Германд боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Дагнасан МСҮТ-ийг бэлтгэх гэсэн олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ч хөшүүрэг нь цалин байх ёстой.
Баярмэндийн Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин