Монгол Улсын энхийг сахиулагчдад НҮБ-аас талархал илэрхийллээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Тодруулбал, НҮБ-ын Энхийг сахиулах байгууллага (UNTSO) Палестинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тавдугаар сарын 29-нийг НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон юм. НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцуулсан алба хаагчдынхаа тоогоор дэлхийд 23-т жагсаж буй нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой өдөр юм.

Монгол Улс нийтдээ 19 000 гаруй энхийг сахиулагч илгээсэн. Тэдгээрийн 780 нь эмэгтэй алба хаагч. Одоогоор Абиеэ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Бүгд Найрамдах Өмнөд Судан(БНӨСУ), Баруун Сахар, Йеменд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас 1100 орчим цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн энэ сарын 27-нд НҮБ-ын Төв байранд 1948 оноос хойших хугацаанд амь эрсэдсэн 4 000 гаруй энхийг сахиулагч, тэдний дунд өнгөрсөн жил НҮБ-ын далбаан дор алба хааж байхдаа амиа алдсан 130 цэрэг, цагдаа, иргэний энхийг сахиулагчдад хүндэтгэл илэрхийллээ.

“БНӨСУ болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж, найдаж ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үнэнч үүрэг гүйцэтгэл нь НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал юм” гэж НҮБ-ын Энхийн ажиллагаа хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан-Пьер Лакруа баярын илгээлтдээ онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтдээ залуу энхийг сахиулагчид, түүний дотор залуу эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдсан байна. Мөн Жан-Пьер Лакруа "Эрч хүч, шинэлэг санаагаар дүүрэн, улс төрийн үйл явцад утга учиртай төлөөлөл, оролцоог хангахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй нийт залуучуудад үлгэр дуурайлал болж явдаг энхийг сахиулагч залуучуудаа би биширч явдаг" гэжээ.

НҮБ-ын Ерөнхий ассемблей нь 1948 онд UNTSO Палестинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэр цагаас хойш нэг сая алба хаагч НҮБ-ын 72 энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, олон сая хүнд шууд нөлөөлж, тоо томшгүй олон хүний амь насыг авран хамгаалжээ. Эдүгээ, НҮБ-ын Энхийг сахиулах 12 ажиллагаанд 89 000 гаруй иргэний, цэрэг, цагдаагийн алба хаагч оролцож байна.

Д.Урансолонго

montsame.mn

Сэтгэгдэл бичих