Нүүрсний асуудлаарх иргэдийн шаардлагын мөрөөр төр, засгаас ингэж ажиллажээ

оруулсан Алсын Хараа

Нүүрсний асуудлаар төр, засаг, хууль хүчний байгууллагуудыг шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн жагсаал 12 дугаар сарын 4-ний өдрөөс хойш Улаанбаатар хотод тайван замаар үргэлжилж байна.

Иргэдийн тавьж буй шаардлагатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон хууль хяналтын байгууллагууд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Засгийн газраас хэд хэдэн ажлын хэсгийг байгуулж, энэ хүрээнд жагсагчдын тавьж буй шаардлагатай уялдуулж хууль хяналтын байгууллагуудаас нэгдүгээрт, нүүрсний гэрээ, гэрээнд туссан үнэ, давуу нөхцөл байдал үүсгэсэн эсэх, хоёрдугаарт, уртын болон богинын хууль бус тээвэрлэлт хийсэн эсэх, тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчдийн нэрсийг тогтоох, гуравдугаарт, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний үндсэн нөхцөл хэрхэн хийгдсэн талаар, дөрөвдүгээрт, Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа, тээврийн хэрэгсэл гарсан эсэхийг шалгаж байна.

Өнгөрсөн өдрүүдэд нүүрсний асуудлаарх иргэдийн шаардлагын мөрөөр төр, засгийн байгууллагуудаас дараах шийдвэр, арга хэмжээнүүдийг авчээ.

 12 дугаар сарын 5-ны өдөр.

-УИХ-ын даргын захирамжаар нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахад бэлтгэх ажлын хэсгийг байгуулав.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.

12 дугаар сарын 6-ны өдөр.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдаас хүргүүлсэн шаардлагатай холбогдуулж хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийж, нүүсний асуудалтай Засгийн газар эрс шийдвэртэй тэмцэнэ гэдгийг илэрхийлэв. Энэ үеэр тэрбээр эрх баригч намын даргын хувьд шаардлагатай бол УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, энэ асуудлаар улс төрийн намууд, бусад оролцогч талуудтай яриа хэлэлцээ хийж эхэлнэ гэв.

-АТГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилготой ажлын хэсгийг байгуулж, Өмнөговь аймагт ажиллуулж эхлэв.

12 дугаар сарын 7-ны өдөр.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзан жагсагчдын тавьж буй шаардлага, нүүрсний асуудалтай холбоотой шуурхай арга хэмжээ авах, холбогдох хэргүүдийг яаралтай шалгаж тогтоохыг шаардав. Хэрвээ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг тэрбээр анхааруулсан юм.

-Засгийн газрын хуралдаанаас нүүрсний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулав.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-нд зохион байгуулахаар тогтовЕрөнхий хяналтын сонсголын хүрээнд:

-“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээ,

-2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого,

-Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох юм.

12 дугаар сарын 8-ны өдөр.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" зорилго бүхий хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцээд 6 сараар сунгав.

12 дугаар сарын 9-ний өдөр.

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоон, уг компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилов.

-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХХКай холбоотой төрийн нууцад хамааруулсан байсан 9 гэрээг нээлттэй болголоо.

-Засгийн газраас Тавантолгой бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлага болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан нүүрсний асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө нүүрс экспортлож авч байгаа талуудыг буруутган шалгах асуудал огт яригдаагүйг онцлов.

-Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн компаниудтай хамтран нүүрс болон уул уурхайн түүхий эд, хөдөө аж ахуйн цахим биржийн оновчтой тогтолцоог бүтээх талаар ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрлээ.

12 дугаар сарын 12-ны өдөр.

-Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах, нээлттэй хувьцаат компани болгох, компанийн худалдан авалтын бүх гэрээг албан ёсны сайтад байршуулахаар шийдвэрлэлээ.

-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилов.

 12 дугаар сарын 13-ны өдөр.

-Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай нүүрс тээвэр, худалдан авалт, борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, компани, гэрээ, үнийн дүн, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын талаарх мэдээллийг Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр нийтэд мэдээлэв. “Эрдэнэс Тавантолгой” ХХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Мөн дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна. Тавантолгой нүүрсний уурхайгаас болон Цагаанхад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 хуулийн этгээд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.

-Авлигатай тэмцэх газраас нүүрсний асуудалд холбоотой шалгагдаж буй 17 хүний нэрийг зарлалаа. Гэхдээ эдгээр нэрс нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой гэж тогтоогдсон, гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэдгийг АТГ тодотгож байна.

 12 дугаар сарын 14-ний өдөр.

-Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д яаралтай хэлэлцэх горимоор өргөн барихаар боллоо. Уг нэмэлт өөрчлөлтөөр авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, ял наймаалцахгүй байх, хэрэгт холбогдсон этгээдэд торгуулийн ял хүлээлгэдэггүй, хатуу ял ногдуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ. 

Сэтгэгдэл бичих